УИХ-ын чуулганы өнөөдргийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 46 гишүүний нь 35 буюу 76.1 хувь нь дэмжив.

Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны дарга боллоо.

Д.Баярсайхан гэж хэн бэ?

Д.Баярсайхан нь 1975 онд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд тус тус дүүргэсэн байна. Түүнчлэн АНУ, ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж буй юм.

Сануулахад, Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д орсонтой холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр санал гаргасан. Үүнтэй холбоотойгоор дээрх хүмүүс өөрсдөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлсөн юм.