Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улс төрд анхаарлын төвд байгаа шинэ сэдвийн нэг нь Монгол Улсын Төрийн тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсан уулзалт байлаа. Таны хувьд энэ айлчлалыг юу гэж дүгнэх вэ?

-ОХУ-ын хилийг давсан гэдэг утгаараа айлчлал гэж үзэх юм биз дээ. Түүнээс ОХУ-ын хилийг давж, Далайн чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсан л хэрэг шүү дээ. Энэ айлчлал маш дор түвшинд очсон Монгол, ОХУ-ын харилцаа болон эдийн засгийн асуудлаа сэргээх оролдлого байсан. Одоогоор хоёр улсын эдийн засгийн нийт эргэлт 552 сая ам.долларт хүрсэн. Гэтэл Монголын экспорт 25-хан сая ам.доллар байна. Айлчлалаас монголчууд нэлээд зүйл хүлээж байсан. Хэд хэдэн асуудал шийдэгдлээ. ОХУ-ын нутгаар ачаа тээвэрлэх асуудал хэлэлцээрийн шатанд орлоо. Мөн Оросын нутаг дээр Монголын ачааг буулгах, боомтын талбайн асуудал үндсэндээ шийдэгдсэн. Нөгөө талд Ерөнхийлөгч хойд хөршийн хилийг давахдаа Далайн чуулганд оролцохоор явсан. Ингэхдээ Японы Засгийн газраас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудал ярьсан. Энэ нь дотооддоо олон асуудал шийдэхэд дэмжлэг болно. Үүнээс Монголын нүүрсийг хойд замаар гаргах асуудалд Монгол, ОХУ, Япон хамтарч ажиллах ирээдүй харагдаж байна. Гэвч манай төр засгаас энэ боломжийг гүйцэд ашиглаж чадсангүй.

-Яагаад?

-Адаглаад Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч уулзах уулзалтыг 1+10 гэсэн форматаар хийе гэхэд манай сайд нараас гуравхан хүн очлоо. Гэтэл энэ форматыг оросууд зөвхөн Монголд зөвшөөрч, манай улстай олон асуудлыг ярья гэж урьсан. Гэтэлсайд нар нь очихгүй "Бид огцрох гэж байна" гэх нь буруу л даа. Арчаагүй байдлаа л харуулж буй хэрэг. Одоогийн Засгийн газар, намын даргынх нь зүгээс хойд талтай харилцах харилцаанд хойрго хандаж байгааг харуулсан явдал болсон. Гэхдээ энэ уулзалт Монгол, Оросын харилцаанд олон гарцыг нээсэн. Цаашдаа улам өргөжих биз дээ. 

-Ерөнхийлөгч анхны айлчлалаа ОХУ байсныг урд хөрш маань яаж харах бол гэх мэт болгоомжлол нийгэмд байна. Наад зах нь урд хөрш авах нүүрсээ багасгачих вий гэдэг бол бидний ойрын айдас…?

-Үгүй л дээ. БНХАУ бол Монголын нүүрсний том хэрэглэгч. Энэ харилцаа хэвийн явж байгаа. Нөгөө талд бид худалдааг зөвхөн ганцхан урд хилээр гаргана гэдэг төмөр замын ачааллаас эхлээд боломжгүй зүйл. Худалдаж авах талаа бодсон ч БНХАУ ОХУ руу Монголоор дамжиж нэвтрэх сонирхол байх ёстой. Ер нь томоохон асуудал дээр ганцхан шугамаар харилцана гэдэг хэцүү. Европыг харъя. Зөвхөн ОХУ-аас хий авдаг. Үүнээс болж маш олон хүндрэл үүсдэгийг бид мэднэ. Монголын нүүрс нэлээд хэдэн жилдээ дэлхийн зах зээл дээр эрэлттэй байх чухал бараа. Тиймээс алсыг харж ирээдүйтэй шийдвэр гаргах нь чухал.

-Таны Засгийн газрын үед манай улсын Оростой харилцах харилцаа идэвхтэй байсан. Хоёр улсын өнөөгийн харилцааны боломжуудын талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Монгол Улс хоёр их гүрний дунд хавчигдсан, далайд гарцгүй орон. Олон зуун жилийн найрсаг харилцаатай хоёр том зах зээлийн дунд оршдог. Хэрэв бид БНХАУ-аас хол байсан бол асар их хэмжээгээр түүхий эдээ гаргаж, эдийн засагтаа түлхэц өгч чадахгүй байсан. ОХУ дэлхийн сэрүүн, хүйтэн бүс нутгийн ихэнхийг хамардаг. Монголтой ижилхэн цаг ууртай. Адаглаад Монголын хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, савхи, хивс, нэхий, эсгий эдлэл ОХУ-ын эдийн засаг руу гарах боломж бий. Үүнийгээ нээх хэрэгтэй. Нөгөө талд ОХУ-тай технологийн талд нягт ажиллах боломж бий. Манайхан үүнийг ашиглахгүй, жаахан давуулж хараад байх шиг санагддаг. Жишээ нь Красноярскийн ойролцоох нэг том үйлдвэр Багануурын нүүрснээс шингэн түлш гаргах анхны туршилтыг хийж байсан. Гарц өндөр байсан шүү. Үүгээр шингэн түлшний маш том хэрэгцээг хангах боломжтой. Үүнийгээ ашиглаж чадахгүй байна. Мөн жижиг, дунд төмөрлөгийн үйлдвэрүүд байж болно. Эрдэнэтэд өгч байсан шигээ асуудал ярьж, уул уурхайн салбартаа тохиролцоо хийж чадсан бол Монголын олон том уурхайг ОХУ-тай хамтраад ашиглах боломж нээгдэх байлаа. Харамсалтай нь тухайн үеийн удирдлагууд маань хадган дээр улс орныхоо баялгийг тавиад "Айванхоу майнз"-д өгчихсөн. Тэр нь одоо бараг Монголоос гараад явчихлаа.

-Эдийн засгаа бодвол дэлхийн хоёр том зах зээл болсон хөршүүдээ жишиж, нийгмээрээ маргах нь буруу хандлага байх аа. Таны хувьд юу гэж бодож байна?

-Хоёр хөршийн дунд зөрчил үүсгэх байдалтай асуудалд хандаж болохгүй. 1991 онд ОХУ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байхад би урилгаар айлчилж, Монгол, Оросын найрсаг харилцааны тунхаг гэдэг зүйл гаргасан. БНХАУ-тай манайх олон жилийн найрсаг харилцаатай. Монгол, ОХУ, БНХАУ нягт ажиллаж байвал бүс нутагтаа олон боломжийг нээнэ. Үүнд харшлах зүйл байхгүй. Жишээ нь ОХУ, БНХАУ-ын нутгаар Торгоны зам гаргаж, үүнийгээ Монголын нутгаар дайруулах асуудал ярьж байна. Энэ бол Монголын маш том орон зай. Хөршүүд маань манай эдийн засгийг чадамжтай байлгах, хувь нэмрээ оруулах сонирхолтой гэдэгт бид итгэх ёстой. .

-Засгийн газрыг огцруулсан асуудал мөн л халуун сэдэв болж байна…?

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ярьж байгаагаар энэ Засгийн газрын дараа галав юүлэх юм шиг зүйл ярьж байна. Энэ бол МАН өнөөгийн асуудлаа яаж ойлгохтой холбоотой зүйл. Монголын төрд олон жил бугшсан асуудлын эсрэг ажиллана гэдгээ ухамсарлавал ажил хийх Засгийн газар бүрдүүлж болох байх. МАН-д боловсон хүчнээр дутна гэдэг ойлголт байхгүй. Үүнийгээ хуйвалдаанаар л завхруулаад байдаг юм. АН-д ч боломжийн боловсон хүчин бий. Гэм нь дахиад л дээр нь байдаг ах, дүү нар хуйвалдаанаар асуудлыг шийдэх гэж оролддог. АН харин сүүлийн үед гишүүддээ нэлээд хүрч ажиллаж байна. Энэ бол шинэ зүйл. МАН үүн шиг байгаад ядаж өнгөрсөн хугацаанд дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гээд гишүүдээсээ асуусан бол хугацаа байлаа шүү дээ.

-Шинэ Засгийн газар ямар алхмууд хийвэл эдийн засаг сайжрах бол?

-Дараагийн Засгийн газар Мэргэжлийн Засгийн газраа огцруулсан шалтгаанаа ухамсарлаад, алдааг нь давтахгүй цэвэршье гэвэл зөв алхам болно. Хоёрт шинэ төсөв боловсруулаад орж ирвэл нийгэмд өөрөөр харагдана. Хамгийн энгийн жишээ нь Монголын ирээдүй гэдэг бидний хүүхдүүд. Тэднийг бэлтгэх багш нар гэтэл дунджаар 500 мянган төгрөгний цалин авдаг. Олигтойхон компанийн үйлчлэгчээс багаар цалинжиж байна. Төрийн цалингийн бодлого гэж ямар зүйл байхаараа ийм байдаг юм бэ. Миний бодлоор шинэ Засгийн газар байгуулагдаад цалин, татварын бодлогоо шинэчлээд төсөл хөтөлбөрүүд гаргаад явбал юм хийж болно. Харин хуучин бодлогоо үргэлжлүүлээд явбал хэнд ч хэрэггүй зүйл болно.

-Өөр нийтийн анхаарлыг татаж байгаа зүйл нь бондын төлөлт. Бид энэ удаа төлөлтөө хийж чадах болов уу?

-Бондын төлөлтийн хувьд нэлээд өөрчлөлт гарлаа. Бид жилийн өмнө нэг тонн нүүрсээ 39 ам.доллараар өгч байсан. Одоо 79 ам.доллараар өгч байна. Зэс өнгөрсөн жил 5700 байсан энэ жил 6700, алт унци нь 1200 ам.доллар байсан одоо 1300 ам.доллар давлаа. Энэ нэмэлт орлогоо зөв хуваарилж чадвал монголчууд бүсээ чангалаад зээлээ төлөх боломжтой. Үүнийг харин үрэн таран хийвэл байдал хүндрэлтэй хэвээр үргэлжилнэ. 

-ОУВС-гийн хувьд?

-Итгэж зээл олгож, ажилласан Засгийн газар нь огцорчихлоо. Тэд хэнтэй ажиллах юм бэ.

-Сүүлийн жилүүдэд ажилласан Засгийн газруудаас таны хувьд энэ нь гайгүй ажил хийсэн гэж дүгнэх танхим нь хэнийх вэ?

-П.Жасрай, Н.Энхбаярын Засгийн газраас бусад нь ер нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгасангүй. 2006 оныг хүртэл Монголын эдийн засаг макро түвшиндээ тэнцвэржээд явж байсан. М.Энхболдын Засгийн газар хямрал руу түлхэж, Н.Алтанхуягийнх хамгийн муу ажилласан. М.Энхболдын Засгийн газар гарч ирээд "Их бүтээн байгуулалт"-ын жил гэж зарлаад барилга руу хамаг хөрөнгөө хийж, хомстол үүсгэсэн. Үүнийгээ гацаагаад хойших 10 жилд нь бид хямралаас гарсангүй. Хамгийн муу ажилласан Засгийн газар гэвэл би Н.Алтанхуягийнх гэж хэлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар Монголын эдийн засгийн тусгаар тогтнолыг бүрэн устгасан.

-Дөнгүүр бодлого гаргасан Засгийн газар байхгүй гэж та хэлэх гээд байна уу?

-Байхгүй.