461 дүгээр ангид шүүгч Л.Бямбаа амиа алдсан хэрэг гарсан. Энэ асуудлаар тус байгууллагын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн мэдээлэл хийлээ. 

"Хорих ангийн дотоод журам, цагдан хорих байрны дотоод журамд техникийн болон биечилсэн хяналтыг тавьдаг. 461 дүгээр ангид тухайн явдал болох үед ээлжийн бүрэн бүрэлдэхүүн ажиллаж байсан. Хэрэг болсноос хойш албаны дотоод шалгалт явагдаж байгаа. Хяналтын ажилтнууд, давхрын ажилтнууд сонор сэрэмжээ алдсан байхыг үгүйсгэхгүй. Шалгалтын дараа эцэслэгдэж шийдэгдэнэ. Цагдаагийн байгууллага болон ШШГЕГ-аас шалгалтыг хийж байна. Цагдан хорих ангийн хяналтын ажилтнуудыг ч шалгаж байна. Сонор сэрэмж, хариуцлага алдсан байж болзошгүй. Нэг дэлгэц 20-30 өрөөг хянадаг учраас өрөөг 100 хувь тод харагдуулдаггүй. Камерын бичлэгээс харахад сэтгэл санаа тайван, анхаарал татахаар байгаагүй." гэв.

Эргэн сануулахад Л.Бямбаа шүүгчийг Салхитын мөнгөний ордтой холбоотой их хэмжээний мөнгөний хээл хахуулийн хэргээр сэжиглэгдэн шалгагдаж байсан билээ. Хэргийн газраас амиа хорлохдоо хэрэглэсэн дотуур хувцас болон талийгаачийн өөрийн гараар цаасан дээр бичиж үлдээсэн 3 ширхэг гэрээслэл олдсон байна.

Хэргийг сануулахад, Дундговь аймгийн Гурван сайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний орд газар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэх хоёр хүний мэдэлд байсан гэнэ. Тэд 2010 онд “Жи Пи Эф” гэх нэртэй компани байгуулжээ. Ш.Мөнгөншагай тус компанийн мэдэлд байх Салхитын мөнгөний орд газрын 60 хувийг эзэмшиж байж. Гэтэл компанийн 40 хувийг эзэмшигч Г.Жаргалантай БНХАУ-ын иргэн холбогдож эхэлсэн байна. БНХАУ-ын иргэн Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авах саналыг тавьсан гэх. Үүнийг Ш.Мөнгөншагайд Г.Жаргалан хэлж байжээ. Ингээд ордоо зарахаар болжээ. Гэвч, “Жи Пи Эф” гэх нэртэй компанийн 60 хувийг эзэмшигч Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг“Жи Пи Эф” компанийн хувьцаа, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ зэргийг хуурамчаар үйлдсэн байжээ.