Өмнө нь эцэг эхчүүд хүүхдийн бэлгийн харилцаа, мансууруулах бодис, сургуулийн орчны ялгаварлан гадуурхалтад санаа зовдог байв. Харин орчин цагийн эцэг эхчүүдийн толгой өвтгөсөн асуудал өөрчлөгдсөн.  Энэ бол хүүхдүүдийн шинэ технологийн хэтийдсэн хэрэглээ юм. 


Хэтийдсэн хэрэглээг яах вэ?

Америкийн сэтгэл зүйч, гүн ухаантан Жордан Шапиро энэхүү асуултад маш сонирхолтой хариултыг өгчээ. Тэрээр өөрийн гаргасан “Шинэ хүүхэд нас” номдоо энэ талаар онцлон оруулж, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ дэлгэцийн цагийг маш бага өнгөрөөж байна гэж бичжээ. Та гайхаж байна уу. Жордан Шапиро нь эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт нийгмийн сүлжээг аль болох их ашиглаж, компьютер тоглоом тоглохыг зөвлөдөг. 

Тэрээр нэгэн ярилцлагадаа энэ талаарх өөрийн үзэл бодлоо дэлгэрэнгүй тайлбарласныг хүргэе.


- Судлаачдын олонх нь хүүхдүүдийн дэлгэц харах хугацааг багасгаж, хязгаарлахыг зөвлөдөг. Харин та эсрэгээрээ цахим ертөнцөд хүүхдийг биеэ зөв авч явахыг заах ёстой гэж бичсэн байсан. Үүнийгээ тайлбарлана уу?

- Яг тийм. Хүмүүс дэлгэц харах хугацааг багасгаж, хязгаарлах хэрэгтэй гэсэн янз бүрийн дүрэм зохиодог. Ширээний ард ухаалаг утас, таблет ашиглахгүй гэх мэт. Учир нь ажил, гэр бүлийн тодорхой зааг алга болсонд эмзэглэдэг. Өмнө нь гэр хоргодох газар байлаа. Харин өнөөдөр таны гэрт бүхий л ертөнц орж байна шүү дээ. 

- Хүүхдүүд нэг бол гэрийн эсвэл онлайн тоглоомын орчинд байна. Тэд бидний хажууд байгаа ч өөр ертөнцөөр аялдаг. Энэ зөв хэв маяг биш биз дээ?

- Мэдээж өдөр, шөнөгүй бичлэг үзэж, тоглож дэлгэц ширтэх нь утгагүй, буруу. Манай гэр бүл гэхэд оройн хоолоо ямар ч утас, таблет барихгүйгээр идэж заншсан. 

Гэхдээ орчин цагийн хүүхдүүдийг утасгүйгээр төсөөлөхөд бэрх. Хэрэв ухаалаг утсаа хэрэглэхгүй бол нийгмийн харилцаанд суралцахгүй. Эцэг эхчүүд бид ухаалаг хориг тавьж, хэрхэн нийгмийн сүлжээнд оролцохыг зааж сургах ёстой.


- Хэрэв бидний зааж байгаа зүйл бодит ертөнцтэй огтхон ч нийлэхгүй байхад биеэ зөв авч явах, бусдыг хүндлэх, харилцаанд бэлтгэхэд хүүхдүүдээ яаж сургах юм бэ. Та өөрийн хүүхдүүдээ цахим ертөнцөд хэрхэн амьдрах тухай яаж заадаг вэ?

- Харгис видео тоглоом дээр жишээ татаж ярья л даа. Хүүхдүүд багаасаа аливаа зүйлийг гэрэл гэгээ, утга учиртайгаар харж, өөрийн ертөнцөө бүтээдэг. Гэтэл бид хүүхэддээ харгис тоглоом тоглуулж байна.

Бид хүүхдэд хүчирхийллийг зааж байна. Гэхдээ энэ нь огт тоглож болохгүй гэсэн үг биш. Өмнө нь би хүүхдүүдтэйгээ хамт тоглодог байсан. Гэвч тэд одоо надаас хамаагүй илүү тоглодог болсон. Харин одоо би тэднийг юуг, хэрхэн тоглож байгааг асууж, ярилцаж, хардаг болсон. Яагаад гэж та гайхан асуух байх. Заримдаа би тэдний тоглоом, зан үйлийн талаар асууж, ярилцдаг юм. Ингэснээр хүүхдүүд илүү илэн далангүй, чин сэтгэлээсээ ярилцдаг. Хүүхдээ загналгүй, ойлголцож, ярилцаж байх хэрэгтэй. Тэгэж чадаагүй бол таны хүүхэд өөрөөс чинь нууцаар бичлэг үздэг, тоглоом тоглодог болно.

Жишээлбэл, хүүхэд тань тоглоом задалж буй утгагүй бичлэг үзэж байна гэж бодье. Би түүнийг нь «хориглох» ёстой гэж бодохгүй байна. Би хүүхэдтэйгээ бичлэг үзэж байхдаа түүнд юу таалагдаж, юу таалагдахгүй байгаа талаар ярилцах дуртай.

- Тэгэхээр та хүүхэд аль болох эрт нийгмийн сүлжээ ашиглах ёстой гэж үздэг үү?

- Хүүхэд долоон насандаа эцэг эхийгээ яг л дуурайж, адилхан байх гэж хичээдэг. Миний бодлоор гэр бүл болгон нийгмийн сүлжээнд өөрийн гэсэн групп үүсгэн, зурагнуудаа хуваалцаж байхад буруу зүйл байхгүй. Үүнээс хүүхэд наад зах нь тоглоом болон дээрэлхэлийг ялгадаг болно.

Энэ талаар би саяхан 16 настай охин болон түүний ээжтэй ярилцаж үзлээ. Охины инстаграм хуудсыг хамаатны бүх эгч нь дагадаг болсноор охин бухимджээ. Учир нь тэд охины зураг доор багын нэрийг нь бичиж, утгагүй сэтгэгдэл үлдээдэг гэнэ. Харин түүний ээж үүнийг эсрэгээр нь харж байгаа.

Бид амьдралынхаа туршид хүмүүстэй харилцаж сурдаг. Маргахыг хүртэл. Жишээ нь, би эцэг эх, ах эгчийн ярианаас яаж маргаж, өөрсдийн санал бодлоо хуваалцдаг болохыг сурсан. Тэд юуны ч тухай хамаагүй маргалдаж чаддаг байлаа. Гэхдээ мэдээж бие биенээ доромжлохгүй, хүндлэлтэй, тоглоом төдий ярилцдаг байсан. Яг л ийм байх ёстой.

- Цахим хэрэглээнд хэт донтвол яах вэ?

- Бид дэлгэцийг хүүхдийн асрагч мэт хүлээж авдаг. Саяхан нэг сонирхолтой судалгааг танилцуулсан. Эцэг эх болон бага насны хүүхдийн дэлгэцийн өмнөх харилцааны талаарх судалгаа л даа. Уг судалгаагаар ямар ч харилцаа илрээгүй байна. Хүүхдүүд нийгмийн сүлжээнд эцэг эхгүйгээр суудаг. Эцэг эхчүүд зөвхөн цагийн хязгаар тогтооход болон техникийн туслалцаа үзүүлдэг байна. Хэн ч хүүхэдтэйгээ интернетэд юу хийдэг тухай ярилцдаггүй болох нь тогтоогдсон.

Бид өнөөдөр технологийн эрин зуунд амьдарч байна. Тиймээс зөв, эрүүл харилцааг бий болгох хэрэгтэй. Эрүүл харилцаа гэдэг нь бие дааж зөв шийдвэр гаргах үйл явц юм.

Тиймээс хүүхдүүдээ хязгаарлаж, хүсэл мөрөөдөлд нь саад болох бус зөв шийдвэр гаргахад нь тус болцгооё.