Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “COVID-19” халдварын 4.1 сая тохиолдол шинээр илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 14 хувиар буурсан үзүүлэлт боллоо гэж ДЭМБ-аас мэдээлэв.

Тавдугаар сарын 23 хүртэлх долоо хоногийн хугацаанд халдварын улмаас нас барсан 84 мянган тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад хоёр хувиар буурсан.


“COVID-19”-өөр халдварласан, нас барсан тохиолдлын тоо Европын бүсэд хамгийн их буурчээ. Гэвч ДЭМБ дэлхийн хэмжээнд халдварын тохиолдлын тоо ерөнхийдөө өндөр хэвээр байгааг анхааруулсан байна.


“Халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн дөрвөн долоо хоног дараалан буурсан үзүүлэлттэй гарсан ч нас барсан тохиолдлын тоо өндөр хэвээр байгаагийн сацуу олон оронд халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэх байдал ажиглагдаад байна” гэж ДЭМБ-ын тайланд дурджээ.


Энэтхэгт өнгөрсөн долоо хоногт халдварын 1 846 055 шинэ тохиолдол илэрсэн нь бусад улс оронтой харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болсон хэдий ч өмнөх долоо хоногийнхтой нь харьцуулахад 23 хувиар буурсан байна. 


“COVID-19”-ийн өвчлөлийг бүс нутгаар авч үзвэл, Африкт 4 хувиар, Америкт 2 хувиар өссөн бол Европт 25 хувиар, Зүүн Өмнөд Азид 21 хувиар, Газар дундын тэнгисийн зүүн бүсэд 2 хувиар тус тус буурчээ