Д.Даваадулам
04 сарын 03, 2024
“Монгол циркийн хөгжлийн төв”-өөс санаачлан хэрэгжүүлж буй “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт 10 дахь жилдээ манай улсад зохион байгуулагдаж эхлээд байна. “Степп Арена” мөсөн ордонд өнгөрсөн Бямба Ням гарагуудад “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн эхний тоглолтууд болсон.
Үзэгчдийн сэтгэлд хүрсэн энэхүү тоглолтод Узбекистаны Ташкент хотын улсын циркийн дөрвөн бар, хоёр арслан амьтан сургагч болон найруулагчийнхаа хамт оролцож байгаагаас гадна Казахстаны Астана хотоос ховор үйлдвэрийн эзэн хааны гэх найман пудель нохойн үзүүлбэр ч багтаж байна. Монголд өмнө нь 2015 онд олон улсын циркийн тоглолт зохион байгуулахад арслан авчирч байжээ. Тэгвэл энэ удаа арслан, эрслэн хосоороо оролцож буй юм. Мөн анх удаа бартай циркийг үзэгчдэд үзүүлж байгаагаараа онцлогтой.
Тоглолтод долоон төрлийн үзүүлбэр багтсан бөгөөд олон улсын 90, Монголын 30 гаруй уран бүтээлч болон арын албаныхантайгаа нийлээд 160 уран бүтээлч ажиллаж байгаа аж. Түүнчлэн Монголд анх удаа хос манеж засаж байгаа бөгөөд энэ нь өндөр хөгжилтэй орнуудад дээд цэгтээ хүрсэн шоу тоглолтын нэг хэлбэр гэдгийг зохион байгуулагчид нь онцоллоо.
Тоглолтын талаар “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн захирал Н.Эрдэнэ ярихдаа, “Циркгүй, стандарт бус газар хийж байгаа нь аюул дагуулах уу гэж олон хүн асууж байгаа ч бүх зүйл стандартын дагуу явагдаж байна. АНУ, Герман, Канад, ОХУ-ын циркийн шоу тоглолт яг манай “Дэлхийн цирк Монголд” тоглолт шиг спорт аренад болдог. Ямар ч аюул байхгүй гэдгийг онцолъё. Уран бүтээлчид маань олон улсын шоу тоглолтуудаас алт, мөнгөн медалийн шагналт чадварлаг, мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар ОХУ-ын жүжигчин Юрий ВладимировичНикулины нэрэмжит сургуулийн алдарт найруулагч Дмитрий Чернов нар ажиллаж байна” гэв.
Монгол ирсэн арслан, барын тухай Узбекистаны циркийн жүжигчин, амьтан сургагч Отабек ярихдаа, “Арслан, баруудыг би багаас нь л тэжээж, сургасан. Одоо бүгд 4-6 настай. Тэдэнтэй яг л хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг байх хэрэгтэй болдог. Нэг ёсондоо гэр бүлийнхээ нэгэн гишүүн шиг харилцах шаардлагатай болно. Тиймээс амьтдаа бүр нялхаас нь зулзага байхад нь амьтны хүрээлэнгээс авч байв. Бид хамтдаа гурав дахь орондоо ирж байгаа нь энэ. Монголчууд арслан, барын маань тоглолтыг сонирхоно гэдэгт итгэлтэй байна. Тэд маш ухаалаг шүү. Анх сургаж байхдаа хоёр гурван удаа хазуулж байсан. Амьтан сургахад багахан хэмжээний золиос хэрэгтэй шүү дээ” хэмээн ярилаа.
“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт энэ сарын 6,7, 13,14 өдрүүдэд 11:00, 15:00, 19:00 үргэлжлэн тоглогдоно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.