Цар тахлын дараах үзвэрүүд сэргэж, уран бүтээлчид ажилдаа эргэн орж, үзвэрийн газруудын завгүй өдрүүд эхэлжээ. Тэр дундаа 11 дүгээр сар үзэгчдийн урлагийн цангааг тайлсан гэгээлэг сар болон өнгөрч байна. 

Энэ сарын онцлох үзвэрийн нэг бол яах аргагүй “Зүүдний цирк”. Монголд анх удаа театрын уншлага, цирк хослуулсан гэдгээрээ онцлог гэдгийг онцлох хэлэх учиртай.


Бичлэг үзэх: 

Улаанбаатар чуулгын үүдээр ороход морин хийлт эгшиглэж, хөвөн чихрээр дайлж, алиалагч нь үзэгчдийг хөгжөөн угтав. Циркээ санажээ бид…


Тайзыг циркийн асрыг санагдуулам, улаан, хар, цагаан өнгийн хилэн даавуугаар чимэглэсэн байв. Нам гүм болж театрын хөшиг хаагдахад өгүүлэгч тайзны тэг дунд АНУ-ын зохиолч Эрин Моргенштернийн “Шөнийн цирк” романыг уншин эхлүүлэв.Цагаан бүтээлгэтэй ширээтэй тайзны голд улаан, ногоон лааны гэрэлд эх зохиолыг унших энэхүү хэсэг тэрхүү зохиолын төсөөлөлд бүрэн автуулж хэсэгтээ бодолд автуулна. Хуудас шархийн эргэх мөч нь хүртэл амьд. Үүнийг уншлагын театр гэдэг бөгөөд баруунд хэдийн хөгжсөн урлагийн төрөл зүйл юм.

Уншлагын театрын тухай 1940 онд АНУ-н театр судлаач Л.И.Когер “Уншлагын театр” хэмээх эрдэм шинжилгээний бүтээлдээ бичиж тэмдэглэсэн байдаг. Түүний судалгааны бүтээлд уншлагын театрын онцлогийг дурдахдаа  жүжигчин зохиолын бичвэрийг цээжлэх шаардлагагүй бөгөөд хөдөлгөөнт буюу хаана ч очоод тоглох боломжтой  уламжлалт театрын жүжгийг бодвол харьцангуй өртөг багатай театрын нэгэн хэлбэр хэмээн бичжээ.

Өгүүлэгч нь МУСТА жүжигчин Н.Ялалт. Үзэгч төдийгүй мэргэжлийнхэн дундаа “дотортой” жүжигчин хэмээн үнэлэгддэг түүний хоолойны өргөлт, уран чадвар аандаа үйл явдал руу хөтөлнө. Зарим дүрүүдийг өөрөө амилуулж байгаа мэт хүүрнэх нь сонирхолтой. Үргэлжлүүлэн уг үйл явдлыг үзүүлсэн үзүүлбэрээр тайз солигдох аж.

“Зүүдний цирк” тоглолтын ерөнхий найруулагч С.Туяацэцэг нь Солонгос, Хятад улсад морин циркийн чиглэлээр олон ажил ажилласан туршлагатай уран бүтээлч юм. Мөн тэрбээр Солонгосын олон ангит түүхэн киноны ард ажиллаж байжээ.


Гол дүрүүдийг Нарны циркэд уригдан ажилладаг дэлхийн хэмжээний уран бүтээлчид болох А.Уранбилэг, Э.Лхагва-Очир нар бүтээв. Цар тахлаас үүдэн дэлхийн том шоунд оролцдог циркийн авьяаслаг уран бүтээлчид Монголдоо ирсэн ийнхүү бидэнд дэлхийн циркийн урлагт гайхагддаг үзүүлбэрийн хэсгээс элэг нэгтнүүддээ үзүүлэх боломж олдсон нь энэ юм.

Энэ талаар “Зүүдний цирк” тоглолтыг зохион байгуулсан “Бид театрт хайртай” ТББ-ын тэргүүн А.Тэргэл “Уншигчийн оюун санаандаа амилуулсан дүрийг уншлагын театр улам ч баяжуулдаг. Энэ удаа циркийн үзүүлбэр оруулж байгаа нь циркийн уран сайхны мэдрэмжийг өгөх гээд байгаа болохоос дүрийг тулгах гэсэн хэрэг биш. Өөрөөр хэлбэл, дүрийн сэтгэл зүйг биеийн хэлэмжээр илэрхийлэх гэж хичээлээ” гэсэн юм.