Циркийн асуудал бол ганц байшингийн тухай яриа биш ээ. Ард нь ажилладаг уран бүтээлчид, тэднийг үзэхээр ирдэг үзэгчидгүй болчихож байгаа юм. Циркийн урлагийг амьтангүйгээр төсөөлж болно гэж үү. Харин өнөөдөр Монголын циркийн жанрын чухал төрөл амьтантай цирк бүрэн устжээ. Энэ талаар морин шоуны найруулагч, “Wild horse” компанийн захирал Сугарын Туяацэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Чежүгийн “Морьтны гайхамшиг” тоглолтын анхдагчдын нэг юм. Өдгөө ӨМӨЗО-д гэрээгээр ажиллаж байгаа юм.

-Таныг Солонгосын шоу ертөнцөд ажиллаж түүхэн кино багийн ард ажиллаж байсан гэж сонссон. Тэр тухайгаа дурсвал?

-1997 онд уран бүтээлчдийнхээ хамтаар морьтны гайхамшиг гээд үзүүлбэрийг наадмын нээлтэд үзүүлж байлаа. Жилийн дараа Солонгос руу хамгийн анхны гараагаа хийхээр Чэжү арлыг зорьсон. Араас нь олон ч хүн очиж, морин цирктэй амьдралаа холбосон.

Мөн Солонгосын кино од, уран бүтээлчдэд морь унахыг зааж сургах ажил дээр гэрээлэн ажилласан.


- “Их шүтээний домог”-ийг хэдэн онд тоглож байв?

-2006 онд бидний хэдэн уран бүтээлчид эх орондоо эргэн ирж циркийнхээ тайзнаа “Их шүтээний домог” циркчилсэн морин шоу тоглолтыг тавьсан. Бидний хэдэн нөхөд гэдэг нь 1998 оноос хойш Чежүд тоглосон морин циркийн уран бүтээлчид л дээ. Нүсэр бүрэлдэхүүнтэй энэхүү тоглолт ардын хөгжим, бүжигтэй, циркийн олон үзүүлбэртэй, морин үзүүлбэр голлоно. Энэ тоглолтыг Ш.Цогтхүү маань аялал жуулчлалын "Эксэфийл" ХХК хамтран зохион байгуулж байлаа.

Тухайн үеийн 100 сая төгрөгийн хөрөнгө гэдэг чамлахааргүй их мөнгө. Гэрэл техник, найруулгатай ч ярих юмгүй. Нийт 130 орчим хүн оролцож зунжингаа тоглосон доо. Эхний жил хөрөнгө оруулагч гаргасан зардлынхаа талыг л олсон байх. Ирэх жилээс үргэлжлүүлэн ажиллана гэж байсан ч Аса аварга циркийг менежментийн хувьчлалаар авсан тул энэ ажил зогссон доо. 

 “Их шүтээний домог” циркчилсэн морин шоу тоглолтын хэсгээс...

-Одоо циркэд амьтантай үзүүлбэр гэж байхгүй болсон. Та бүхний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Маш их харамсдаг. Циркийн үйл ажиллагаа алдагдсан, ашиггүй ажилласан гэсэн шалтгаанаар менежментийн хувьчлал хийсэн юм билээ. Би үүнийг ойлгодоггүй, циркийн байгууллага бол улс бодлогоороо авч үлдэх ёстой газар шүү дээ. Тэгвэл УДЭТ, ДБЭТ-ыг яагаад хувьчлаагүй юм. 

Циркийг 8 настай балчраас 80 настай буурал хүртэл хамтдаа үзэж, хөгжиж баясдаг. Тийм ч учраас гэр бүлийн урлаг гэж нэрлэдэг. Гэтэл 2 настай хүүхдийг балет, дуурь үзээд тогтож сууж чадах болов уу. Үүнийг харьцуулах гэсэндээ биш гэр бүлийн урлаг гэдэг үүднээс нь тайлбарлаж байна. Гэр бүлээрээ хамтдаа үздэг учраас хамгийн их дурсамж үлдээдэг. Одоо ч гэсэн бидний үеийнхэн багадаа цирк үзэж байсан тухайгаа ярьдаг шүү дээ. 

Харин орчин үеийн хүүхдүүдэд циркийн талаар ингэж ярих дурсамж үлдэхгүй нь. Тэд циркийн урлаг гэдгийг мэдэхгүй шахуу л өсөж байна.


-Цирк хэд орчим амьтантай байв?

-Сарлаг, сармагчин,  морь, ямаа гээд 60 орчим амьтан байсан. Сарлаг толгойгоороо бөмбөг хөөж, ямаа, чоно нэг үзүүлбэрт хамтран тоглодог үзэгчдийг хуйлруулдаг номерууд байхгүй болчихсон. “Морьтны гайхамшиг” уухайлан манежийг доргион орж ирдэг морин цирк алга.


-Таныг ажиллаж байх үед циркийг бодлогоор хэрхэн дэмжиж байв?

-Хүүхдүүд  сургуулийн амралтаараа цирк үздэг,  уран бүтээлчид нь байр оронтой, амьтадтай улсын цирктэй байлаа. Бараг сарын өмнө сургуулиуд циркийн билетийг захиална. 2-3 сургуулийн хүүхдүүд үзэхэд л зрител дүүрээд л ирнэ. Тоглолтыг зориуд бодлогоор үзүүлдэг. Бид амралтын нэг л өдөр амардаг байлаа.Тухайн үедээ хүүхдийн кино цөөн байсан. Хүүхдүүд хүүхэлдэйн театр, Хүүхэд залуучуудын театр, Улсын циркэд л очих дуртай байжээ. 



-Циркийн урлаг хүнд юу өгч чадах вэ?

-Хүүхдийн боловсрол хүмүүжлийг урлагаас салгаж ойлгох аргагүй. Гоо зүйн мэдрэмжээс эхлээд олон зүйлийг өгнө. Тийм ч учраас гадны орнуудад циркийг бодлогоор хөгжүүлдэг. Цирк үзсэн хүн сэтгэлийн цэнгэл аваад л гардаг байхгүй юу. Харин хичээллэвэл тэсвэр тэвчээр гэдэг зүйлийг утгаараа ойлгодог. 

Амьтантай циркийг үзсэнээрээ амьтныг хайрлах, түүгээрээ дамжуулж байгаль дэлхий ертөнцийг танин мэдэх хүсэл сонирхол нь нээгддэг. 


-Циркчид уушийн газар болсон циркийн байрынхаа хажуугаар явахдаа юу боддог вэ?

-Амьтантай ажилладаг циркчид маш их хөдөлмөрлөдөг. Ганцхан өөрөө сураад болчихдоггүй, амьтнаа сургана. Морийг гэхэд тоглолт эхлэхээс өмнө 20-30 минут хатируулж биеийг нь халаана, бэлтгэл нь цогио байдаг. Ингээд ч бэлтгэл дуусангуут 30 минутаас 1 цаг орчим манежийг тойруулаад алхуулж хөлсийг нь сэврээнэ. Зуны улиралд тоглолт эхлэхээс морио угааж цэвэрлэнэ гээд ажил ихтэй. Ингэж хөдөлмөрлөж зүтгэдэг байсан циркийн байр дүнсийгээд худалдааны төв, банк, бар ресторан болчихсоныг нь хараад хажуугаар өнгөрөхдөө маш их харамсдаг. Бүх циркчид л ийм бодол тээж явдаг. 

Циркчид манеж руугаа буруу харж суухаас эмээдэг юм шүү дээ. Гадаадын уралдаанаас шагнал авбал ирж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Гэтэл тэр тайзны манежийг хэнд ч хэлэхгүйгээр хуулчихсанд маш их гайхсан. Одоо жүжигчдийнх нь хувцас сольдог өрөө нь банк болчихсон. Амьтан мал тойруулдаг хүзүүвч хэсэгт хана босгоод ажлын байр болгочихсон гээд бод доо.

Анх менежментийн хувьчлалын гэрээнд  циркийн төрөл, хэлбэрийг өөрчлөхгүй, циркийн ажилчин, орлон тоглогчийн орон тоог цомхотгохгүй, цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж заасан байдаг юм билээ.


-Амьтны ямар үзүүлбэр байв?

-Би морин циркээ энд багахан дурдлаа. Үүнээс гадна амьтантай олон үзүүлбэр байсан. Жишээ нь "Сарлагтай акробат”. Сарлаг дээр акробат хийнэ гэсэн үг л дээ. Хоёр сарлаг нийлүүлж хоёр хүн зогсоод, дээр нь акробат хийнэ. Тэр номерыг найруулсан Батмөнх гэж хүн хүн бий.


-Циркчид өдийг болтол яагаад тэвчээртэйгээр энэ талаар дуугардаггүй байсан юм бол?

-Циркийн амьтан малгүй болгоход, жүжигчдийг нь халахад ч дуугараагүй. Бага багаар нэг нэгээр нь л гаргаад байсан. Циркийг ийм болгоно гээд байхаар итгээд л явсан. Гомдоллох үе гарсан ч итгэл найдвараа таслаагүй.  Одоо ч бас Аса аварга ямар болгож өөрчлөх бол гэж итгэж харж л байна.


-Танай мэргэжлийн морин циркчид одоо хаана голдуу ажиллаж байна вэ?

-Бид уран бүтээлээ орхиогүй. Чежүгийн “Морьтны гайхамшиг” тоглолтоороо монголын морин соёлыг сурталчлахад өөрсдийн үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Одоо ч тоглосоор байгаа. БНХАУ-д гэхэд 15 орчим баг морин циркчид гэрээгээр ажиллаж байна. Нэг баг нь багадаа 20 хүнтэй. Гэрэл тайзны хослолоор жинхэнэ шоу хэлбэрээр хийж байна.


Энэ тоглолтыг үзсэн манайхан “Та нар яагаад ийм гоё шоугаа Монголдоо тоглодоггүй юм бэ?” гэж асуудаг. Хариулт нь гунигтай л даа. Цирк ч үгүй бид хаана тоглох билээ дээ. 


-Гадны орнууд циркийн урлагтаа хэрхэн анхаарч байна вэ?

-Улс орнууд циркийн урлагаа бодлогоор дэмждэг. ӨМӨЗО-ны Эрээн хот гэхэд Засгийн газар нь бодлогоор анхаарч аялал жуулчлалын бүс болгохын тулд морин циркийн тойруулга байгуулж бидний хэдэн уран бүтээлчдийг урин ажиллуулж байна. Чежү арал дээр монгол морьтны циркийг үзэх гэж олон мянган жуулчин зорин ирдэг. Энэ бүхнийг хараад атаархал төрдөг шүү.


-Хэрвээ цирктэй болчихвол гэж мөрөөддөг үү?

-Хэзээ нэгэн цагт гадны орнуудад тоглодог тоглолтоо тавихыг мөрөөдсөөр яваа. Хэрэв морины талбайтай болчихвол хэд хэдэн шоуг ээлжээр хийх чадвартай уран бүтээлчид бий гэж ам бардам хэлж чадна. Тэд маань жилээс жилд ч сайжирч байна. Тэр чинээгээрээ аялал жуулчлалын урсгал ч эрс нэмэгдэнэ гэж хардаг. Манай мэргэжлийнхэн сурсан зүйлээ гадныханд заадаггүй, гадна орнуудад гэрээтэй ажилласан ч монгол хүүхдүүдээ аваачин сургадаг. Гэхдээ л биднийг дагаад, хараад сурчих вий гэсэн эмзэглэл тээж явдаг.