ДЭМБ: Коронавирусийн цар тахал оргил үедээ хараахан хүрээгүй байна

Б.Баясгалан
08 сарын 03, 2020

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 17.956.000 хүн өвчилж, 689.000 хүн энджээ. Одоогийн байдлаар нийт 11.436.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 262.000 хүн коронавирусээр өвчилж, 5.000 гаруй хүн нас баржээ. 24 цагийн дотор АНУ-д 58.000, Энэтхэгт 52.000, Бразилд 25.000 хүн шинээр өвчилсөн байна. 

Коронавирусийн халдвар эрчтэй тархаж буй байдал болон олон улсын судалгааг дүгнээд ДЭМБ-аас "Олон улсын хамтын ажиллагаа, улс орнуудын бэлэн байдал, хариу арга хэмжээ, судалгаа шинжилгээ инновацид ахиц дэвшил гарсан" гэдгийг онцолсон. Гэхдээ цар тахал оргил үедээ хараахан хүрээгүй байна. Одоо улс орон бүр, хүн бүр эерэг хандлагатай, тэвчээртэй байх шаардлагатай үе бидний өмнө ирээд буйг онцолж анхааруулсан.

Сүүлийн 24 цагийн хугацаанд хойд хөрш ОХУ-д шинээр 5462 хүн коронавирусээр өвчилж, 70 хүн эндсэн байна. БНХАУ-д 158 тохиолдол шинээр бүртгэгдсэний 7 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж иржээ.

Азийн орнуудаас Япон улс сүүлийн өдрүүдэд анхаарал татаж байна. Тус улсад 24 цагт 1450 хүн шинээр коронавирусээр өвчилсөн. Нийслэл Токио хотод өвчлөл голомтлон гарч байна. Иймд зарим бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн. 

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 1 хүн хүн орж, 29 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 2752 хүн ажиглалтад байна. Тэдэнд 84 төрийн албан хаагч тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 76 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Тэдэнд 13 их эмч, 52 ресидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.