Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 16.162.000 хүн өвчилж, 650.000 хүн энджээ. Нийт 9.995.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Коронавирус тархаж эхэлсэн эхний гурван сарын хугацаанд нэг сая хүн өвчилсөн, дараа нь сарын хугацаанд нэг сая хүн өвчилж байсан бол одоо 4 хоногт нэг сая хүн уг вирусээр өвчилж байна. Энэ нь коронавирус ямар эрчтэй тархаж буйг харуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 200.000 хүн коронавирусээр өвчилж, 4.000 гаруй хүн нас барсан байна. 

Иймд дэлхийн олон эрдэмтэн, судлаачид коронавирусийн цар тахлыг хязгаарлахад эрүүл мэндийн байгууллагаас нэгдүгээрт эрт илрүүлэлт, хоёрдугаарт, эрт тусгаарлалт, гуравдугаарт эрт шинжилгээ хийх, дөрөвдүгээрт эмчилгээг эрт эхлэх нь хамгийнүр дүнтэй байна гэдгийг олон судалгаагаар нотолсон. Харин хувь хүний хувьд хэн намайг сэргийлж, хамгаалах вэ гэж бодохын оронд тогтмол гараа угааж, амны хаалт зүүж, хүн хоорондын зайг барих гурвалсан аргыг байнга эзэмшин мөрдөж, хэвшил болгох хэрэгтэйг анхааруулж байна. 

Мөн гурвалсан аргыг зөвхөн өөрсдөө эзэмшээд зогсохгүй бага насны хүүхэд болон ойр дотны хүмүүстэй сургах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр шинэ коронавируст халдвар ойрын үед бидний дундаас явахгүй, бидний дунд байнга байх өвчний нэг төрөл болж болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна.

Дэлхийн 17 оронд хийсэн 173 судалгаагаар амны хаалт коронавирусээс 85-90 хувь хамгаална, нүүрний хаалт 78-80 хувь хамгаална гэсэн дүн гарсан. 

Мөн Хонконгийн судлаачид коронавирусийн дэгдэлтийн эхэн үед бүх нийтээрээ амны хаалт зүүсэн 42 оронд өвчний тархалтын эрч, нас баралт хамгийн бага түвшинд байсныг судалгаагаар нотолжээ. 

Сүүлийн үеийн судалгаагаар анхаарал татаж буй нэг зүйл бол агааргүй, битүү, харанхуй орчинд коронавирус маш удаан хугацаанд амьдарч, 8 метр хүртэлх зайд халдвар тараах чадвартайг тогтоосон. Битүү газарт баар цэнгээний газар, хүнсний худалдаа үйлдвэрлэл, хүнсний битүү зах, мал нядалгааны газрууд орж байна. 

Иймд дээрх газруудад ажиллаж буй хүмүүс онцгой анхаарч, агаараа тогтмол сэлгэж, ариун цэврийн дэглэмийг сахих шаардлагатай. 

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 3 хүн хүн орж, 209 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 2351 хүн ажиглалтад байна. Үүнд 182 төрийн албан хаагч тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдөр Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 хүн эх орондоо ирлээ. Тэднийг тусгаарлах арга хэмжээ авч байна" хэмээлээ.