УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийж байна.

Д.Эрдэнэбат: Заавал хууль руу гар дүрэхгүйгээр алдсан шүүгч нарыг өршөөж болно шүү дээ. Үүний дараа шүүх прокурорын ажлыг цэгцлэх талаар  ярь л даа. Яагаад энэ асуудлаар далимдуулж шүүх эрх мэдэл рүү гуравхан хүний бүрэлдэхүүнтэй ҮАБЗ Үндсэн хууль зөрчөөд байгаа юм бэ.

Өнөөдөр шударга бусын хонгилоос гадна дахин шинэ хонгил үүссэн гэдгийг шуудхан хэлье. Хонгилын эзэд нь ҮАБЗ-д хамаарагддаг хүмүүс. Тэдний командаар энэ хуулийн төсөл орж ирсэн. Хэн эрх мэдэлтэй нь яллах түлхүүрийг атгадаг, хуваалцаж атгаад хоорондоо тэрсэлддэг энэ балиар тогтолцооноос бид хурдан татгалзах ёстой. Энэ хуулийн төсөл ард иргэдийнхээ төдийгүй УИХ-ын гишүүдийн эрхэнд ч халдаж байна.

Хуулийн гаргалгаагаар үүнийг шийдэж болно. Үндсэн хуулиа өөрчилж байж энэ тогтолцооны гажуудлаас гарна. Олон жил ярьсан ч бүтээгүй. Эрх нь УИХ-ын гишүүдэд, энэ эрх баригчдад бий. Харамсалтай нь өөрчлөх хүсэл сонирхол алга.

Хэрэв энэ хууль батлагдах юм бол Монгол улсын ардчилсан  Үндсэн хууль зөрчигдөна. Өөрөөр хэлбэл Монгол улс ардчилалаас дарангуйлалын эхний хэлбэр рүү шилжинэ гэж би харж байна. 

С.Зоригийн амь насыг хороосон хэргийг илрээсэй гэж бид 20 жил хүлээсэн нь үнэн.  Эрүүдэн шүүсэн гэсэн бичлэгээ зөвхөн УИХ-ын гишүүдэд ч бус ард түмэнд ил болго. Эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцдог хууль  нь байхад түүгээрээ асуудлаа шийд. С.Зоригийн амь насыг хороосон хэргийг илрүүлэхийн тулд 20 жилийн хугацаанд олон хүн хэлмэгдсэн.

Б.Пүрэвдорж:

АН хэн нэгнийг өмөөрөхгүй. Намын дарга байсан хүмүүс янз бүрийн зүйл яриад явж байна. Хэрэв буруутай бол тэр хүн нь хариуцлага хүлээгээд явах ёстой. АН хэн нэгнийг хамгаалах гэж энэ ажлыг хийгээд байгаа юм биш. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг хэн нэгэн хүний нэрээр хааж болохгүй. ЖДҮ-д барьцаалагдсан УИХ-ын гишүүд өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан засаглалын хэм хэмжээг эвдэхээр явж байна. Тэд өнөөдөр хууль хүчний байгууллагын удирдлагуудыг сольж байгаад өөрсдийн ЖДҮ-г баллуурдах гэж байна.