УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг чөлөөлсөн болон түүний тойрогт нөхөн сонгууль явуулах хугацаа хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн сард дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж дүгнэлт гаргасан. Улмаар Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь хууль зөрчөөгүй, нөхөн сонгууль явуулах хугацаа нь хууль зөрчсөн гэж үзэн нөхөн сонгуулийг цуцлаад буй юм. 

Уг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн чуулганы хуралдаанд танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Цэцийн тухай хуулийг эргэж харах зайлшгүй шаардлага байна. Ээлжит болон ээлжит бус сонгуулиа ялгадаггүй цэцийн гишүүд байгааг би гайхаж байна. Улсын төсвийн бүрэлдэхүүн, Засгийн газрын нөөц санг мэддэггүй цэцийн гишүүн буйг бас гайхаж байна. Энд улстөрийн захиалгатай шийдвэр гарсан нь ойлгомжтой. Сая иргэдийн эрхийн тухай Цэцийн дүгнэлтэд ярилаа. Өөрсдөө Үндсэн хуулийн эсрэг шийдвэр гаргачихаад тэрийгээ ичих ч үгүй энэ индэр дээрээс уншиж буй Цэцийн гишүүнийг хараад би гайхаж байна. 

Цэцийн гишүүдийн гаргасан шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүд асуулт асуухад, хариулт өгөхгүй хуулийн зохицуулалт хийснийг би гайхаж байна. Өнөөдөр энд орж ирж дүгнэлт уншчихаад хуулийн дагуу асуулт асуухгүй юм чинь гээд шууд гараад явж байна. Үнэхээр хөгийн байна. Бид ийм хууль батласан байна. Иргэний эрхийн эсрэг энэ үйлдэлд хариуцлага тооцох тогтолцоо байхгүйг би бас гайхаж байна" хэмээлээ. 


Чуулганыг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.