УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Намын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Банк санхүүгийн тухай хуулийн төсөл, Томилгооны сонсгол явуулах гэсэн үндсэн гурван асуудлаар хэлэлцсэн байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулав.

Тэрээр" Нэгдүгээрт, Аймаг, нийслэл, сумын хурлын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн захиргаанд ажиллаж болно гэсэн заалтыг эрх баригч намаас оруулж ирсэн. Энэ нь бусад хуулийн нийт 39 заалтыг ноцтой зөрчиж байна.Улсын хэмжээнд нийт 7240 хурлын төлөөлөгч байдаг. Тэдний  гуравны нэг нь болох 2340 төлөөлөгч төрийн алба руу орвол улс төртэй хутгалдана гэсэн үг. Энэ нь буруу үйлдэл.

Хоёрдугаарт, Монголын банк санхүүгийн асуудал нэлээд хөндөгдөж байна. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд зээлийн хүүгийн дээд хэмжээг Монгол банк тогтооно гэж заасан байна. Энэ ухарсан явц боллоо. Дээр нь хуулийн төсөлд мэдэгдэхгүй маш олон томъёо байна. Монгол Улсын арилжааны 13 банкны үйл ажиллагаа, тулгамдаж буй явдлыг бүгдийг нь сонсож, мэдэж байж банк санхүүтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

Гуравдугаарт, Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдаар томилогдох Б.Хурцад "Томилгооны сонсгол" явуулна гэсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн саналыг АН-ын бүлэг 100 хувийн саналаар дэмжлээ. "Томилгооны сонсгол"-ыг өмнө хийж байгаагүй учир ер нь нэг хийгээд үзсэн нь зөв гэсэн саналаар энэ асуудлыг бид дэмжсэн" хэмээн мэдэгдлээ.