УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн шөнө 03.00 цагаас хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэж, гишүүдийн 94.7 хувь нь дэмжсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Хоёр сар шахуу хурал бойкотлочихоод, гэнэт маш чухал хууль ярих тул бүгд орж ир гэж хурал эхлүүлчихээд ярих хүнгүй болж байгаа нь их сонин байна. Би уг нь МАН-ыг 30 жил болж байгаа Ардчилсан Монгол орны үнэт зүйлс, хүний эрх чөлөө, өмчлөх эрхийг Ардчилсан намтай адил хамгаалагчдын нэг гэж өнөөг хүртэл итгэж явсан. Энэ итгэл минь өнөөдөр дуусаж байна. Би туйлын их харамсаж байна. Ардчилалаар олсон бйдний үнэт зүйлс агуу их бий. Үүнийг Монголын ард түмэн бие сэтгэлээрээ мэдэрсэн. Өнөөдөр хэдий түр зуурын улс төр явж байгаа ч ардчиллын үнэ цэнийг бүгд мэдэж байгаа. 

Ардчиллын үнэ цэнийг тогтоосон ганц зүйл нь ардчилсан Үндсэн хууль, 76 гишүүнтэй УИХ байсан юм. Үе үеийн УИХ хороондоо зөрөлдөж, маргаж байсан ч энэ ардчилсан төрийг өнөөдрийг хүртэл авч явж ирсэн. 

Гэтэл өнөөдөр эрх баригчдын талцлаас үүдэн Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын дархлаа суларч буй нь туйлын үнэн. Би энэ 76 гишүүнийг дотроо үнэхээр харамсаад сууж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Гэхдээ нэг хүнийг авч хаяхын тулд нэг хууль санаачилж байна гэдэг дээр би санал нэгдэхгүй байгаа. Би М.Энхболдыг хамгаалаагүй. Хамгаалах үндэс, санаа бодол, холбогдсон зүйл ширхэг ч байхгүй. Би Монгол Улсын ардчиллын үнэ цэнийг хамгаалах гэж өнөөдрийг хүртэл энд сууж байна. Энийг манай нөхдүүд ойлгох хэрэгтэй. Би байнгын хорооны хурал дээр энэ хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн. Яагаад дэмжсэн бэ гэхээр УИХ-ын чуулганаар ахмад гишүүд маань ийм зүйл дээр үзэл бодол, байр сууриа ард түмний өмнө нээлттэй илэрхийлэх байх гэж бодсон. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Бүгд чимээгүй сууж байна.

М.Энхболд гэдэг хүнийг огцруулах нь ойлгомжтой болсон. Одоо энэ хүн дээр улс төр хийхээ болъё. Би нэг зүйлийг хэлэхэд энэ асуудлын дараа ардчилсан Монгол Улс байхгүй болох вий гэж би санаа зовж байна" хэмээлээ.