Ирэх сарын 6-7-нд болох “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтыг Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулах аж.

Чуулганы эхний өдрийн хуралдааны анхны хэлэлцүүлэг нь “Хайгуулаас мега төслүүд хүртэл” гэсэн сэдэв дор өрнөхөөр болжээ. Хуралдааны панелистаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес,

“Лайон инженер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар оролцох аж. Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Камерон Макрэй уг хэлэлцүүлгийг хөтлөх юм байна. Сонирхуулж хэлэхэд “Хайгуулаас мега төслүүд хүртэл” сэдэвт хэлэлцүүлгийн дараа "Бидэнд ойрхон уул уурхай" баримтат киноны нээлт болох юм байна. 

Уулзалтын хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 7-ны үдээс өмнө "Чуулга уулзалтын ѳмнѳх хэлэлцүүлгийн үр дүнгүүд: Хѳрѳнгѳ оруулалтыг нэмэгдүүлэх нь" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ. Хэлэлцүүлэгт Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри,  Монголын Бизнесийн Зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, МУУҮА-ийн Удирдах зѳвлѳлийн гишүүн Г.Сурахбаяр,  “Кинкора Коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг  нар панелистаар оролцох юм байна. 

“Дисковер Монголиа” чуулга уулзалтын эхний өдрийн үндсэн хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь" сэдвээр илтгэл тавих бол “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Дэлхийн түвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд" сэдвээр илтгэл тавина. Мөн “Лайон менежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап"Уул уурхайн мѳчлѳг ба Монгол улс" сэдвээр илтгэл тавихаар болжээ. Үндсэн хуралдааны үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү"Монгол улсын хѳгжилд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр илтгэл тавина гэж чуулганыг зохион байгуулагчид мэдээллээ. 

“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын эхний өдрийн үдээс хойшхи хуралдаанууд “Засгийн газрын санаачлагууд”, “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвүүдээр өрнөнө гэж чуулга уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.