Монгол улсын нийт экспортын 90 гаруй хувийг нүүрс бүрдүүлдэг бол нүүрсний олборлолтын ихэнхийг Өмнөговь аймгаас бүрдүүлж байна. Уул уурхайн бүс нутгийн иргэд үнэн зөв, бодит мэдээлэлтэй байж гэмээнэ тухайн уурхай ил тод, хариуцлагатай болдог. Харамсалтай нь Монголын бие даасан судалгааны хүрээлэнгийн (IRIM) гаргасан судалгаагаар Өмнөговь аймгийн уул уурхай бүхий сумын иргэдийн 90 орчим хувь нь ялангуяа уул уурхайн нөлөөллийн талаарх ойлголт мэдлэг хангалтгүй байгааг тогтоожээ.


Өмнөговь аймгийн ЗДТГ, АМГТГ-ын Говийн бүсийн төлөөлөгчийн газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон Монголын дата клуб, ОУСК, Хил хязгааргүй алхам ТББ хамтран Өмнөговь аймгийн уул уурхай бүхий сумдад “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хоёр сарын аяныг зохион байгуулж буй. Уг аяны хүрээнд өнөөдөр Цогтцэций суманд “Биднийг нэгтгэх хариуцлага – Датагаар ойлголцъё” сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Бүтэн өдрийн турш зохион байгуулагдах уг арга хэмжээний үеэр иргэд болон ААН-үүдэд АМГТГ-ын Говийн бүсийн төлөөлөгчийн газраас - Эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлогын арга хэмжээ, 

Уул Уурхайн Үндэсний Ассоциациас - “Хариуцлагатай уул уурхайн кодекс”, 

Олон улсын санхүүгийн корпорациас - “Ил тод уурхай ба нээлттэй мэдээллийн үнэ цэн”, 

Хил хязгааргүй алхам ТББ-аас Хариуцлага уул уурхай- иргэдийн оролцоо” зэрэг сэдвүүдээр илтгэл тавих бол Монголын дата клубынхан Цогтцэций суманд уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөөллийн талаарх дата үзэсгэлэнгээ толилуулж, Өмнөговь аймгийн нээлттэй өгөгдөлөөр хэрхэн ойлгох талаар мэдээлэл өгнө. 

Мөн оролцогч талуудад тоон мэдээлэлтэй ажиллах дижитал ур чадвар олгох сургалт орохоос гадна өөр өөрсдийн сэдвүүдээр дугуй ширээний ярилцлага хийх юм. 

“Биднийг нэгтгэх хариуцлага – Датагаар ойлголцъё” сургалт, мэдээллийн үйл ажиллагаа Ханбогд суманд энэ сарын 18, Даланзадгад суманд 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.