“Уул уурхайн долоо хоног 2022” арга хэмжээ энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ үеэр зохион байгуулагдсан TEDxUlaanbaatar "AGENTS OF CHANGE"-ийн илтгэгч, “Оюу Толгой” компанийн баяжуулагч Ц.Чимэдюдоны яриаг хүргэе.

          

 Миний мэргэжил бол металлургийн инженер

Бага байхдаа аавтайгаа хамт National Geographic Channel сувгийг үзэх  дуртай байлаа. Нэг удаа онгоцны ослын талаарх нэвтрүүлгийг үзсэн юм. Сүйрсэн онгоцны үлдэгдлийг цуглуулж онгоц үйлдвэрлэх явцад ямар нэгэн хайлш дээр бохирдол орсон эсэхийг нь шинжилж байсан. Ингэснээр ирээдүйд осол эрсдлээс сэргийлэх шинэ технологийг хийдэг талаар тэр үед ойлгож авч билээ. Харин тэрхүү ажлыг металлургийн инженерүүд хийдэг юм гэдгийг би бүр хожим олж мэдсэн.

Харин өнөөдөр миний эзэмшсэн мэргэжил бол металлургийн инженер.

Гэхдээ энэ мэргэжлийг эзэмштэл, энэ түүхийг ярих хүртэлх зам тийм ч дардан биш.

Миний аав насаараа урлагийн салбарт ажилласан нэгэн. Ээж маань биологич мэргэжилтэй. Хэдий сэхээтэн гэр бүл хэдий ч манайх гэдэг айл орлогын хувьд янз бүр. Бага байхад хоёр идэхгүй, хоосон хонохгүй, үнэндээ хоолны мөнгөгүй өдөр ч бидэнд байсан.

1999 онд аав ээж хоёр маань намайг Орос 14 дүгээр сургуульд бүртгүүлсэн юм. 450 ам.долларын төлбөртэй, тухайн үед бол чамгүй их мөнгө. Эхэндээ нарийн учрыг нь ойлгоогүй, хичээлдээ явсаар, гэхдээ яагаад ч юм сургалтын төлбөр төлөх үед нэг л таагүй мэдрэмж төрдөг байж билээ. 

7 дугаар ангидаа ороод амьдралынхаа яг бодит байдлыг ойлгож эхэлсэн. 

Тэр нэг өдөр аав ээж хоёр маань уут дүүрэн мөнгөтэй орж ирснээр миний сургалтын төлбөр төлөгдөв. Гэвч хэд хоногийн дараа манайх 3 өрөө байрнаас 2 өрөө байр руу шилжсэн юм. 

Би тэр үед аав ээж хоёр минь ямар их хүч хөдөлмөр гаргаж тууштайгаар миний боловролд анхаарч байгааг ухаарсан. Тэр хэрээрээ өмнөхөөсөө ч илүү хичээх ёстой гэдгээ ойлгосон.


Тэтгэлэг авмаар байвал салбараа зөв сонго


Хүүхэд гэлтгүй бүхнийг бодож эргэцүүлж байдаг юм билээ. Би 9 дүгээр ангид орсон намраа аав ээжийнхээ энэ том ачааг яаж хөнгөлөх вэ, яаж туслах вэ гэж зөндөө бодсон. Тухайн үед интернэт кафед 100 төгрөг төлж суухдаа их сургуульд тэтгэлгээр суралцаж болдог гэдгийг анх мэдсэн юм. Ингээд л тэтгэлэг авна гэсэн анхны зорилгоо цээжиндээ тээсэн, миний хувьд маш том зорилго.

Мэргэжил сонгох цаг ирлээ. Канадад хуулийн мэргэжлээр сурдаг эгч маань надад “Чи үнэхээр тэтгэлэг авмаар байвал салбараа зөв сонго” гэв. Тухайн үед 2009 онд уул уурхайн салбар ид хөгжиж байв. Тиймээс уул уурхай руу орохоор шийдээд аавтайгаа хөтлөлцөж ШУТИС-ийн ашигт малтмал, баяжуулалтын технологичийн хуваарийг авлаа.

Манай ангийхан багш нараа судлаад л ямар хичээл үзэх вэ гээд гүйж байхад би зарлалын самбар дээрх тэтгэлгийг зар харж явдаг сан. Тэтгэлгийнхээ зарлалыг харсан тэр өдрөө материалаа өгсөн, бүр тэнцчихсэн гээч. Тэр үед зорилгодоо хүрэхийн сайхныг мэдэрсэн. Үүнээс урам авч, хүн хүсэж тэмүүлэх ёстойг ойлгосон гэж боддог.



Чадах бүхнээ хий, чамайг амьдрал шагнана


Монголд суралцаж байхдаа тэтгэлэг авч урамшаад дараагийн удаа гадаад руу тэтгэлгээр суралцахаар шийдсэн. Эхний удаа материалаа өгөөд үзье гээд ямар ч бэлтгэлгүй материалаа өгчихлөө. Мэдээж гологдсон,  сэтгэл хөдлөлөөр хандсан юм чинь аргагүй шүү дээ. Үнэндээ сурлагаасаа өөр анхаарч байгаа зүйл надад байгаагүй юм билээ. Сайн дурын ажилд ч оролцож үзээгүй хүүхэд байсан хэрэг. Өөрийгөө өөр талаар хөгжүүлэх ёстойг ингэж ойлгосон. 

Яг жилийн дараа өмнө нь гологдсон компанидаа материалаа өглөө. Чадах хүртлээ бүхнээ л хийнэ гэсэн өөрийнхөө амлалтад хүрч байгаа нь энэ.

...Аав ээж бид гурав том өрөөндөө зурагт үзээд сууж байтал утас дуугарав. Чанга яригч дээрээ тавьтал “Чимэдюдоноо баяр хүргэе, АНУ-д метал уургийн инженер мэргэжлээр 100 хувийн тэтгэлгээр  сурахаар боллоо” гэж хэлэх нь тэр. Тэр мэдээг сонсоод хартал аав уйлчихсан. Аавыгаа анх удаа асгартал уйлахыг харсан тэр мэдрэмж, ээжийн хөөр баяр, энэ мөч миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч байсан. 


Хүнд мэдээтэй өдрүүд


Амьдралын минь шинэ үе эхэлж АНУ-ын Юта мужийн их сургуульд элсэн орлоо. Шинэ соёл сурч сурлагадаа ч амжилт үзүүлж шагнал урамшуулал авч эхэллээ.

Гэхдээ амьдралын зам тэр бүр шулуун байдаггүй.  Тэр нэгэн өдөр ээж маань над руу “Миний охин сэтгэлээ чангалаарай, аав нь хорт хавдрын сүүлийн үе рүүгээ орсон, бие нь тун тааруу байна” гэж хэлэв. Хүнд мэдээг хүлээн аваад зөндөө бодож эргэцүүлсэн. Шийдэл эрсэн өдрүүдийн дараа аавыгаа Америкт авчирч эмчлэх арга бодъё гэж гэрийнхэндээ хэлсэн. 


Мэдээж хүний нутагт амаргүй, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, хоол унд гээд элдэв асуудал олон. Гэхдээ  манай гэр бүлд ард нь гарч аавыгаа Америкт авчирсан юм. Даатгал мэдээж их үнэтэй болсон. Ээж эгч хоёр монголд мөнгө олох гэж хичээж, би энд аавыгаа асарч нэг сар хамт байхаар болсон юм. Тэр нэг сар миний амьдралд хамгийн их юм сурсан гэхдээ хамгийн хэцүү үе байсан. 


Юу ч тохиолдсон зорилгоосоо ухарч болохгүй


Тэтгэлгээ алдахгүйн тулд өглөө хичээлдээ явж шалгалтадаа бэлдэнэ. 

Өдөртөө аав руугаа гүйж очоод хоолыг нь хийж өгөөд цагийн ажил руугаа гүйнэ. 

Ажил дээр байгаа ч ухаан санаа тогтохгүй, аав минь хоолоо идсэн болов уу л гэж тувт бодогдоостой хүнд өдрүүд. Болдогсон бол гүйж очоод л хамтдаа байж, асарч сувилмаар. Аав ээж минь, би ч үүний төлөө хичнээн зүтгэлээ дээ гэсэн бодол толгойд эргэлдэнэ.

Ажлаа тараад гэр рүүгээ орохоосоо өмнө нэг сайн уйлж аваад л аав руугаа инээгээд ороож амьдралаа үргэлжлүүлээд болоод байдаг байлаа.

Гэхдээ л энэ бүхэн удаан үргэлжилсэнгүй. Өдөр ирэх тусам аавын бие дордсоор, царцсан хоол өмнөө тавьсан аав маань нүдэн дээр турсаар...

Би аавынхаа урд сөхөрч суугаад “Ааваа миний зорилго өөрчлөгдлөө, би тэтгэлгийг дахиад олж чадна, харин таныгаа хэзээ ч олж чадахгүй. Би минут секунд бүрийг тантайгаа өнгөрүүлмээр байна. Тэтгэлэгээсээ татгалзлаа” гэж хэлсэн юм. Яг тэр мөчид аав маань над руу хараад маш тайвнаар “Чи юу ч болсон энэ тэтгэлгээс татгалзаж болохгүй ээ. Амьдралд чинь юу ч тохиолдсон урдаа тавьсан зорилгодоо бүү бууж өг, тууштай бай"гэж хэлсэн юм. Ингэж хэлсэн аавыг минь та бүхэн мэднэ. 1970-аад оны Монголын залуу үеийнхний шүтээн Инээмсэглэл хамтлагийн гишүүн, авьяаслаг хөгжмийн зохиолч Д.Цогдэлгэр гэдэг юм аавыг минь.


Диплом бол боловсролын өчүүхэн хэсэг


Аавын минь сүүлийн хүсэл ч байж болох тэр хүслийг нь биелүүлэхийн тулд би бүр илүү хичээж эхлэсэн. Ээж эгч хоёр маань ч АНУ-д ирсэн.

Тэр муухай өвчин аавыг минь аваад одсон доо, төгсөлт болохоос өмнө. 

Дипломоо авах тэр мөчид энэ диплом чинь миний бодож байсан тэр боловсорлын өчүүхэн хэсэг юм байна гэдгийг ойлгосон.

Боловсрол гэдэг бол тууштай зан, амьдралын минь туулж өнгөрүүлсэн бүх цаг мөч, зорилгодоо хүрэх гэсэн хүсэл тэмүүлэл, аав ээж ээжийн минь хичээл зүтгэл, тэдний надад зориулсан сэтгэл гэдгийг ойлгосон юм.