Хүннүгийн язгууртны дурсгалыг хэвлийдээ хадгалж буй түүхт Ноён ууланд олгогдсон лицензийг цуцлах шүүхийн шийдвэр гарлаа. Анх 2016 оны тавдугаар сарын 19-ны өдрөөс хойш 17 удаагийн шүүх хурал товлогдсон  гэдгийг нэхэмлэх тал болох Ноён уулаа авръя хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид хэлсэн юм. 

Давж заалдах шатны шүүх хурлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-ийг үндэслэн тухайн ашиглалтын лицензийг Дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлж Засгийн газар болон "Сентерра гоулд" ХХК ямар нэгэн байдлаар олборлолт хийж, ашиглахыг бүрэн хориглолоо.

Дашрамд дурдахад Монголын өнөөгийн эрх баригчид Ноён ууланд “Сентерра гоулд” компани 76 тонн алтны нөөцтэй ордыг олборлох үйл ажиллагааг эхлүүлэхээр улайран зүтгэж байгаа боловч олон нийт үүнийг хүчтэй эсэргүүцсээр өдий хүрчээ. Энэ тэмцэлд Мандал сумын 8700 иргэн, “Эко залуучуудын клуб”, “Босоо Хөх Монгол” бүлгэм гэх мэт субьектууд нэгдэн “Ноён уулаа авръя” хөдөлгөөн байгуулснаар нийт 27  төрийн бус байгууллага хамтарч оролцож байгаа юм.