Тавдугаар сарын 1-нээс багш нарын нэмэгдэл, урамшууллыг нэмэгдсэн үндсэн цалин дээр нь суурилж бодно

Б.Номин
04 сарын 22, 2026

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас олгохоор боллоо. 

Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу энэ оны тавдугаар сарын 01-нээс тооцож санхүүжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгав. 

Мөн тус хуралдаанаас “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөр болон Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулахад шаардлагатай зарим арга хэмжээ авах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, "Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулан авах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргалаа. Боловсролын салбарт ажиллаж буй хоёр хүн тутмын нэг нь нэмэгдэл авдаг. Ингэснээр гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа.

Хувьсах зардлын тогтолцоог эвдрээд байсан. Нэгдүгээр сарын 1-нээс цалингийн ойлгомжгүй тогтолцоонд шилжсэнээр хувьсах зардалд багтдаг багшийн цалин, сургуулийн хөгжлийн зардалд өгдөг 90/10 гэсэн харьцааг өөрчилж, 100 хувь цалин, урсгалыг санхүүжүүлдэг болгон эвдсэн. Иймээс Засгийн газраар хувьсах зардлын шинэ тогтолцоог батлууллаа. Үүнд үндэслэж багш нарынхаа нэмэгдсэн цалингаас нэмэгдлийг тооцох шийдвэрийг гаргасан" гэлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.