Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УУХҮЯ, “Оюутолгой” компани хамтран анх удаа зохион байгуулж буй “Уул уурхайн 7 хоног” (Mining week) арга хэмжээ үргэлжилж байна.

Илтгэгчид Монгол Улсын уул уурхайн салбарын потенциал, давуу тал, олон улсад өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалт татах боломж, салбарын хууль эрх зүй, татварын орчин, уул уурхайн бүтээгдэхүүн экспортын дэд бүтэц зэрэг сэдвүүдийг хэлэлцэв.


Татварын дэглэм, хууль эрх зүйн тогтолцоо илүү дордсон 
/Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал/ 

Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарч Монгол улсад ажиллаж буй гадны хөрөнгө оруулагчдын дунд судалгаа хийдэг. Таван жил тутам авч анзаардаг юм. 2017-2021 оныхыг харахад хөрөнгө оруулагчид хөдөлмөр ур чадварын нөөц дээшилсэн, улстөрийн тогтвортой байдлын хувьд ахиц гарсан гэж дүгнэсэн байна. Илүү оноо алдсан зүйл бол хөдөлмөрийн журам. Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлттэй холбоотой шүүмжлэл нэлээд ирсэн. Эрх зүйн янз бүрийн маргаануудыг бас онцолсон байсан.  Татварын дэглэм, хууль эрх зүйн тогтолцоо илүү дордсон гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Фэйзер-аас гаргадаг судалгаанаас харахад манай улс  уул уурхайн хөрөнгө оруулалтын орчны хувьд 84 орноос  63-т жагсч байна. 2011 онд эдийн засгийн өсөлт оргил үедээ байхад 96 орноос 31т жагсч байж.


Гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр сурталчилгаа алга
/МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин/

Цонхоо өөрсдөө хаачихаад гадны хөрөнгө оруулагчид яагаад гараад явчихав гэсэн марзан асуултыг арван жилийн турш өөрсдөөсөө асуулаа. Сүүлийн арван жилд нийт хөрөнгө оруулалтын 73 хувь нь уул уурхайд орж ирсэн. Гэтэл хамгийн хатуу хандаж яваа салбар маань уул уурхай. Гадны хөрөнгө оруулалтыг татахгүй бол уул уурхай байхгүй, уул уурхай үгүй бол эдийн засаг гэж байхгүй. Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалж чадаж байгаа эсэх дээр судалгаа хийж үзлээ. Маш муу үр дүн гарсан.

Өнөөдрийг хүртэл гадны хөрөнгө оруулалтыг дэмжсэн агентлаггүй явж ирсэн улс л даа бид. Гадаадын хөрөнгө оруулалтаа дэмжих, хамгаалах ёстой гэдэг ч орж ирэхийг нь таслах зогсоох арга хэмжээ авдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын салбарыг өргөжүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйд гэхэд хөрөнгө оруулалт бараг алга. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр сурталчилгаа алга. Бид холбооны улс биш. Гэтэл Ерөнхий сайдын дэмжсэн төсөл дээр сум, орон нутгийн төвшинд эсэргүүцэл өрнүүлдэг.


Цаашид нарийвчилсан хайгуул хийж ордын нөөцийг тогтоох шаардлагатай


/Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан/ 

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 85.8  сая ам.долларын орлого олж, 500-900 хүн ажлын байртай болно. Нүүрсийг сорчлон олборлох шаардлагагүй болж, бүх төрлийн нүүрсийг жигд ашиглаж, сайн чанарын боловсруулсан нүүрс экспортлох боломж нээгдэх гэх мэт давуу тал ихтэй.

Эрдэнэс Алт ресурс компани Баянхонгор аймагт хэд хэдэн алтны ордны хайгуулын төсөл хэрэгжүүлж байна. Цаашид нарийвчилсан хайгуул хийж ордын нөөцийг тогтоох шаардлагатай байгаа.