Б.Баясгалан
04 сарын 09, 2020
Шинэ коронавирусийн цар тахалтай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 212 орон, бүс нутагт бүртгэгдэж, уг халдвараар 1.5 сая хүн өвчилж, 88405 хүн нас барж, 339739 хүн эдгэрсэн, 1.1 сая хүн эмчлүүлж байна.
АНУ, Итали, Иран, Испани, Франц, Швейцарь, Турк улсад халдвар эрчтэй тархсан хэвээр байна. БНХАУ-д шинээр 61 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдсэн.
Манай улсад коронавирусийн нийт 16 тохиолдол бүртгэгдсэн. Дөрөв нь эдгэрч эмнэлгээс сувилалд шилжсэн. 12 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Ажиглалтад нийт 1572 хүн байгаа. Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр нийт 257 зорчигч ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант, Энхнаран сувилал, Кентаур, Хавай зочид буудалд тусгаарлан ажиглалт хяналтад оруулсан.
Өчигдөр ДЭМБ хуралдаж, "Дэлхий дахин шинэ коронавирусийн халдвартай тулаад 100 дахь хоног өнгөрч байна. Энэ нь шинэ вирус учир цаашид хэрхэн тархах, яах талаар таамаглан хэлэхэд хэцүү байна. Бидэнд мэдэгдэж буй хоёр зүйл нь нэгдүгээрт, улс орнууд маш эв нэгдэлтэй байх хэрэгтэй, энэ нь маш чухал байна. Хоёрдугаарт тухайн орон, бүс нутаг, иргэд өөрсдөө эв нэгдэлтэй байх шаардлагатай. Ямар нэгэн хэмжээгээр эв нэгдэл алдагдах юм бол коронавирус дэлгэрэх зам болно. Дэлхийн улс орнуул эв нэгдэлтэй байж, коронавирусийн эсрэг тэмцсэнээр бид ялах болно" гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал онцлон тэмдэглэсэн" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.