АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү Доналд Трамп Жуниор "маск халдвараас сэргийлэхгүй" гэж зарим эмчийн мэдэгдсэн бичлэг бүхий коронавирусийн эмчилгээний талаар худал мэдээллийг олонд түгээсэн учир Твиттерийн зүгээс түүний жиргэх эрхийг хязгаарлажээ.  

Тийнхүү түүний жиргэх эрх 12 цагийн турш хоригдож байгаа юм.

Тэрхүү бичлэг нь даваа гарагт баруун жигүүрийн үзлийг түгээдэг Брэйтбар Ньюс хэмээх хэвлэлийн албанаас цацагдсан ба тус бичлэгт хэд хэдэн эмч "маск зүүх шаардлагагүй" гэх мэт коронавирусийн талаар худал мэдээллийг түгээсэн байна.

Тус бичлэг олон хандалт авч эхлэхэд Твиттер, Фэйсбүүк, Ютүб бүгд устгажээ.

Ерөнхийлөгч Доналд Трамп ч тус бичлэгийн хэд хэдэн хувилбарыг өөрийн твиттертээ "re-tweet" хийсэн ч өөрөө твиттер хуудаснаа байршуулаагүй юм. Гэвч түүний хүү бичлэгийг байршуулсан учир твиттерийн зүгээс зөвхөн түүний хаяганд л арга хэмжээ авсан гэжээ.

Доналд Трамп Жуниорын хэвлэлийн төлөөлөгч Энди Сурабиан өчигдөр өглөө ерөнхийлөгчийн хүүгийн хаяг нь хаагдсан хэмээн жиргэсэн байна. Харин твиттерийн зүгээс түүний хаягийг бүр мөсөн устгаагүй, хязгаарлалт түр зуурынх гэжээ.

Твиттер Доналд Трамп Жуниороос бичлэгийг устгахыг хүссэн ба аль хэдийн олон нийтэд харагдахааргүй тохиргоо хийсэн гэв.

Ийнхүү маск зүүх шаардлагагүй гэсэн бичлэгийг өөрийн твиттер хуудаст оруулснаар Доналд Трампын хүү уг платформыг ашиглах эрхээ түр хаалгажээ.


Эх сурвалж: CNN