Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Дотоод хэргийн их сургуультай хамтран тус сургуульд бэлтгэгдэж буй цагдаа, шүүхийн шийдвэр, удирдлагын сургууль, онцгой байдал, хил хамгаалах байгууллагын албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагаар үйл ажиллагаа явуулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн билээ. Энэ хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Дотоод хэргийн их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар 2020 оны 08 дугаар сарын 19-нд ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтаар Дотоод хэргийн их сургуульд шинээр байгуулж буй номын сангийн цогцолборт хүний эрхийн номын хэсэгтэй болох, ХЭҮК-ын цахим номын санг тус сургуулийн эрдэмтэн багш нар, судлаач, сонсогчдод хүртээмжтэй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллах санал солилцов. 

Өмнө нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос байгуулж өгсөн “Хүний эрхийн кабинет”-ыг үр дүнтэй ажиллуулах, тус сургуулийн магистр, докторантурын сургалтын эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөрт хүний эрхийн сэдвийг тэргүүлэх чиглэл болгон тусгах, бакалаврын түвшний сургалтад “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Халдашгүй дархан байдал ба хүний эрх” сэдэвт хичээлүүдийг сонгон судлах, мэргэшүүлэх чиглэлээр оруулах талаар ч ярилцаж тохиров. 

Хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрэгжснээр хүний эрхийн хамгаалагчдын тоонд зүй ёсоор багтдаг хууль, эрх зүйн салбарын шинэ боловсон хүчин хүний эрхэд суурилсан хандлагаар төлөвшиж, бэлтгэгдэх, улмаар үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмуудыг баримтлан ажиллах, хүний эрхийн мэдрэмжтэй боловсон хүчин бэлтгэгдэж гаргахад үр дүнгээ чиглүүлж ажиллахаар боллоо. Уг арга хэмжээ 2020 оны 10 дугаар сараас буюу 2020-2021 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ.