Улсын хэмжээнд 2-12 насны хүүхдүүдийн шүдийг улсын төсвөөр эрүүлжүүлэх зорилт бүхий Засгийн газрын тогтоолоор баталсан "Эрүүл шүд, эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрэээр "Засгийн газраас 2018 оны 8 дугаар сард батласан 255 дугаар тогтоол хэрэгжиж эхэллээ. Энэ тогтоол "Эрүүл шүд, эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон үндэслэл нь, Монгол Улсад 18 хүртэлх насны нэг сая хүүхэд бий. Хүүхдүүдийн дунд шүд цоорлын судалгааг явуулахад аймаг, дүүргээсээ хамааран 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй гэсэн дүн гарсан. Нэг хүүхдийн 6-8 шүд ямар нэгэн асуудалтай байна. Энэ асуудлыг үл тоож, орхивол тодорхой хугацааны дараа бүхэл бүтэн нэг үе маань шүдний цоорлоос үүдэлтэй болох эрсдэл байсан. Тиймээс дээрх хөтөлбөрийг Засгийн газар баталсан. 

18 настай залуусын дунд судалгаа хийхэд 67.5 хувь нь бүтэн шүдтэй бөгөөд 33.5 хувь нь шүдний өвчлөлтэй байсан. Шүдний өвчлөл нь чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчнүүд, улмаар эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй, мэс засалд хүргэсэн өвчин үүсгэдэг. 

Улсын төсвөөр санхүүжилтээр 2-12 насны хүүхдүүдийн шүдний цоорлыг бүрэн эмчлэх зорилт тавьж байна. Хөтөлбөрийн 2 дахь том зорилт бол амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг бүх насныханд суулгах юм. Өөрөөр хэлбэл, эмчилгээний зэрэгцээ давхар нийгмийн эрүүл мэндийн боловсролын ажил явагдана. 

2019-2023 он хүртэл 5 жилийн хугацаанд үргэлжлэх энэ төсөлд улсын төсвөөс нийт 50 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2019 он буюу эхний жилд 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөөд буй. Төслийн хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Цахим хяналтаар явуулна. Нэг хүүхдийн эмчилгээг 60 мянган төгрөгөөр тооцож байгаа. Эхний ээлжид 2-6 насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх, давхар хүүхэд, эцэг эхэд дадал суулгах зөвлөгөөг өгнө. 

Энэ хөтөлбөрийн үр дүнд 2023 он гэхэд шүдний цоорлын шинэ тархалтыг 30 хувь бууруулах тооцоо гаргаад ажиллаж байна. 2-12 насны хүүхдүүдэд нийт 199 эмнэлэг үйлчилнэ. Эдгээрийн 115 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутгийн эмнэлгүүд юм. Дээрх насны нийт 725.000 хүүхэд байгаа. Иргэдийн зүгээс үнэгүй эмчилгээ чанаргүй байх магадлалтай гэсэн хандлага нэлээд гарч байна. Энэ бол үнэгүй эмчилгээ биш. Төлбөр мөнгийг нь 100 хувь улсын төсвөөс санхүүжүүлж байгаа" хэмээн мэдэгдлээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Хүүхдийн шүдийг үнэгүй эмчлэх 199 эмнэлгийн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.