НИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл өгөв. 

Тэрээр “Монгол Улс түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Онцгой комисс нийслэлд хатуу хөл хорио тогтоох, Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, цагийн хязгаарлалтай зорчих, зайлшгүй ажиллах шаардлагатай 13  чиг үүргийн байгууллагаас бусад салбарын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. 

Хөл хориотой холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.  

Улаанбаатарт 126.000 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. МҮХАҮТ-аас 3530 аж ахуйн нэгжид судалгаа явуулахад 96 хувь нь эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд буйгаа илэрхийлсэн. 

Нийслэлийн Онцгой комиссоос иргэдийн өрхийн орлого, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийг хамгаалах шат дараалсан арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх судалгаа хийж, Улсын онцгой комисст танилцуулахад бэлэн болсон" хэмээлээ.



Эх сурваж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ