Дотоодод “анхны халдвар тээгч” гэгдэх иргэн Д буюу Б.Долгионы анхны ярилцлага. 

Яг нэг жилийн өмнө 2020 оны 11 сарын 08-нд ОУ-ын ачаа тээврийн жолооч, иргэн Д, түүний гэр бүлээс коронавирус илэрч, дотоодод анхны халдвар бүртгэгдснийг УОК зарлаж, улс даяар анх удаа хатуу хөл хорионд шилжсэнийг уншигчид санаж байгаа. 

Түүний 2021 оны 07 сард өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

-Хэзээ урдаас  Улаанбаатар хотод гэртээ ирэв? 

-Наадмын урд ирлээ. Оочер ч их байна тэнд. Замын Үүдийн оочерт байж байж л ирлээ. 

“Волва Тир” гээд 20 тн даацтай машинтай хил хооронд явж байна. Голдуу хүнсний ачаа ачдаг. Ер нь жилийн дөрвөн улиралд өвөлд нь Замын Үүд-Эрээн хооронд, дулааны улиралд хойно Орост явдаг. Энэ жил ковид гээд хил хаалттай болохоор хойшоогоо огт явсангүй. 

Сардаа нэг гэртээ ирж чадвал их юм. Машины оочерноос болоод бараг л хээрээр байж байна даа . 


-Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдээд байна. Чамд юу мэдрэгдэж байна? 

-Анх халдвар тээгч 10 илэрлээ гэж байхад л хүмүүс сүрхий сүрхий юм яриад байсан. Одоо 1500 бүртгэгдэж байна гэхэд гайгүй байна гэдэг болсон байна. Ирэхэд ийм л мэдээ угтах юм байна шүү дээ. 


-Анх  “Хархан нүдэн” тоглолтоос халдвар тарлаа гэж мэдээлж байсан? Ер нь тэр үед яг юу болсон юм бэ? 

-2020 оны 11 сарын 06-ны үеэр байх аа. Хойно Орост тээвэрт явж байгаад тусгаарлалтад орж гарч ирээд  манай хамаатны танидаг дүүгийн тоглолт гээд урилга өгөхөөр нь очиж үзсэн. 

Анх би тийм өвчин авч гарч ирж байна гэж мэдээгүй. Тусгаарлагдах байранд 21 хоног эмчийн хяналтад байсан. Цаанаас нь шинжилгээ аваад гаргаж байсан. Дараа нь гэрт ирээд хоёр, гурав хоногийн дараа шинжилгээ авсан чинь тусчихсан байна гээд бөөн юм болсон. 


Бичлэг үзэх: 


- Хойноос ирээд хотод хаана тусгаарлагдаж байсан бэ? 

-2020 оны 04 сарын 12-нд Орос руу гарч, 10 сарын 15-нд Монголд орж ирж байсан. “Энх саран” гээд Биокомбинатын тэнд байдаг зочид буудалд 21 хоног тусгаарлагдсан.  

Анх орохдоо шинжилгээ өгсөн. Дараа нь 3 удаа шинжилгээ өгөхөд бүгд сөрөг байсан. Гараад тав хоногийн дараа 11 сарын 11-нд  шинжилгээ авахад хариу нь эерэг байна гэсэн. Тэр үед гэрийн тусгаарлалтын 14 хоног цуцлагдсан байсан.  

УОК эндээ 21 хоног тусгаарлагдсан болохоор гэртээ чөлөөтэй байж болно гээд гаргасан л даа.  Хамгийн гол нь  “Энх саран” сувиллаас намайг гарсны дараа маргааш нь ч билүү ковид гарсан байна гээд тэндээс гарсан хүмүүсээс шинжилгээ хөөж авсан юм шиг байсан. 

Өглөө нь ирж шинжилгээ аваад шөнө нь ХӨСҮТ-ээс ирээд шууд биднийг хэвтүүлсэн. Хоёр хүүхдээс илрээгүй, манай эхнэрээс илэрсэн гээд хэвтүүлсэн. 

Хоёр хүүхэд нь нууц үедээ байж магадгүй гээд хэвтүүлсэн. Халдвартын эмнэлэгт очоод 35 хоносон. Манай бага банди одоо 2 настай. Түүнээс шинжилгээ авахад байнга сөрөг гарсаар байгаад эмнэлгээс гарсан. 

Тэгэхэд бидэнд шинжилгээний хариу ерөөсөө  үзүүлээгүй 

-Шинжилгээний хариуг хэн яаж та бүхэнд мэдэгдсэн бэ? 

-Өглөө 10 цагийн үед шинжилгээ аваад, шөнө 01 цагт ХӨСҮТ-ийн машин ирээд “таны хариу чинь эерэг гарсан байна” гээд биднийг авч явсан. Тэгэхэд бидэнд шинжилгээний хариу ерөөсөө  үзүүлээгүй. 

Утсаар ч өмнө нь хэлээгүй, шууд л хүрээд ирсэн. Очоод хэвтсний дараа ч гэсэн бид шинжилгээнийхээ хариуг үзье гэхээр огт үзүүлдэггүй байсан. Бидэнд дараа нь, ганц ч удаа шинжилгээний хариу үзүүлээгүй. 


-Тэр үед ямар шинж тэмдэг илэрч байсан бол. Биед нь өөрчлөлт гарсан уу? 

-Миний хувьд ерөөсөө огт шинж тэмдэг илрээгүй. Хүмүүс халуурч, хамар битүүрч байна гэж байсан. Амт, үнэр бүгдийг мэдэрч байсан. 

Тэр чигээрээ байсаар байгаад гарч ирсэн. Шинжилгээний хариугаа үзье гэхээр “Та нарын хариу энэ компьютер дээр байгаа” гээд огт үзүүлдэггүй байсан. Манай эхнэрээс ч шинж  тэмдэг илрээгүй. Бид ерөөсөөсөө халуураагүй. 

Манай өрөөнд ээж, эхнэр, хоёр хүүхэд бүгд халуунаа үзэхэд хамгийн дээд тал нь 36.8 -тай, тэрнээс илүү халуун илэрч байгаагүй.  Бид тавуулаа эхнэртэйгээ, ээжтэйгээ, хоёр хүүтэйгээ ХӨСҮТ-д 35 хоноод дахиад буудалд тусгаарлагдсан. 

11 сарын 11-нд ороод 12 сарын 19-нд гарч ирсэн. Тэгэхэд бид тавуулаа л байсан. 


-Эмнэлэгт ямар эм тариагаар эмчилж байсан бэ? 

-Витамин C, Д, дархлаа дэмждэг лаа, тана гээд өвс өгч байсан. Тана нь уухын аргагүй байдаг юм билээ. Би тана манийг огт ууж байгаагүй. 

Манай ээж л усанд найруулж ууж үзээд орхисон. Ийм л гурван эм голчилж өгч байсан. Биднээс төлбөр мөнгө гэж тэр үед аваагүй. Анх “Энх саран”д 21 хоног хэвтэхдээ өдрийн 50 000 төгрөг өгдөг байсан. 21 хоногийн 1 050 000 төгрөгийг манай компаниас хийсэн. 


-Одоо эргээд санахаар юу бодогдож байх юм?  

-Тэр үед би өвчин аваагүй байх л  бодож байна. Ямар ч шинж тэмдэг илрээгүй. Буудлаас гарахын өмнө биднээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарч байсан. Гараад бүр 5 хоногийн дараа илэрсэн гэж хэвтүүлж байсан. Намайг ХӨСҮТ-д очиход “Энх саран”д миний таньдаг хоёр, гурван жолоочийг бүгдийг нь тэнд хэвтүүлсэн байсан. 


-Маргааш нь та бүхний мэдээлэл нийтэд ил болсон. Олж үзсэн үү? 

-Тэгсэн. Маргааш нь үдээс хойш цацагдсан. Регистрийн дугаар, зураг хөрөгтэйгээ, манай эхнэр, ээж, аав бид бүгдийг зарлачихсан байсан. 


- Албаны хүмүүсийн зарласан тэр  мэдээллийг өөрөө олж уншсан уу? 

-Уншсан. Эмнэлэг дээр..

Юу ч гэмээр юм бэ дээ. Бүгдийг нь бүх нийтэд цацчихаар нь би ЭМЯ, УОК-той бүгдтэй нь л хэрүүл хийж байсан. 

Уг нь тэр чинь хүний хувийн нууц болох ёстой байлгүй дээ гээд. Ямар нэгэн өвчтэй хүн хэвтсэн ч тэгж хамаагүй нэр ус, регистрийн дугаар, гэрийн хаягтай нь бүгд цацсан байсан. Тэрхэндээ хэрүүл уруул болоод хаясан даа. 

Манайх цацаагүй, манайх биш гээд мэдэж байгаа хүн ерөөсөө байгаагүй. Би Тагнуулын газар луу хүртэл ярьсан. Тэр цацсан хүмүүсийг олсон, бүгдийг нь ажлаас чөлөөлсөн гэж байсан. Тэгээд би өөрөө эмнэлэгт, хөл хорионд 40 гаруй хонож байгаа болохоор яаж ч чадахгүй байсан. 


-Энэ нөхцөл байдал танай гэр бүлд, та хоёрын сэтгэл зүйд хэр их дарамт болсон бэ? 

-Гараад ирэхэд хэдэн сайхан найзууд байгаа болохоор тэд маань л хоёр гурван талд байгаа болохоор дэмнэж байсан. Тэрнээс биш нэр нь цацагдаж байсан болохоор хүн амьтантай харьцахаа ч байчихдаг, хүмүүс зайгаа бариад ч эхэлчихдэг юм билээ.  Нэг сонин л болчихдог юм байна билээ. 


Та байж бай, таны машрутыг буруу хэлээд байгаа юм байна” л гэдэг байсан...

-Юун караоке, буудал вэ гээд олон нийтийн сүлжээгээр шүүмжлээд л байсан? 

-Тэр маршрутан дээрээс хүртэл болж бөөн хэрүүл болж байсан. 

Би хөл хорионоос 13 цагт гараад 17 цагт гэртээ харьсан. Тэр хооронд тэр олон буудал, караокед орж дэмий тэнэх газар байна уу гэж Онцгой комисстой хүртэл хэрүүл хийж байсан.  

Тэгэхэд таны маршрут буруу гарсан байсан. Таны хавьтлуудын явсан маршрут байсан гэсэн. Та нар хамаагүй ингэж цацаж болдог юм уу гэсэн. Эмнэлэгт байхад гадуур юу ч болж байсан утсаар ярихаас өөр арга байхгүй хэцүү юм билээ.  

Би Шувуун фабрик дахь “Энх саран” сувиллаас цайны цагийн дараа тусгаарлалтаас гарсан. “Хилчин” дээрээс эхнэрээ аваад гэртээ харьсан. Гэтэл намайг хөл хорионоос гарангуут дэмий тэнэсэн гэж яриад бичээд байсан. 

Тийм маршрут гаргасан байсныг би өөрөө бүр уншсан. Бүх нийтийн сүлжээгээр цацсан ш дээ.  


 -Яг тэрийг хаана уншсан? 

-Эмнэлэгт очсоны дараа цацсан. Сэтгэл санаанд нэлээн нөлөөлсөн. Сэтгэл санаагаар нэлээн л унадаг л юм билээ.


-Энэ байтугай их эвгүй, нэр хүндэд нь халдах мэдээллүүд нийтийн сүлжээгээр гарч байсан. Гэр бүлийн хүн нь яаж хүлээж авч байсан бол? 

-Манай эхнэр өөрөө их даруухан болохоор юу ч дуугарч чадахгүй нам. Сэтгэл санааны их асуудалтай л байсан. Юу ч яриагүй нам дуугүй. 

Бид хоорондоо их маргаад байдаг улс биш л дээ. Ямар нэг юм болсон ч нэгэнтэйгээ ярилцаж байгаад шийдчихдэг. Онцгой байдлаас асуухад “Та байж бай, таны явсан машрутыг буруу хэлээд байгаа юм байна” л гэдэг байсан. 


-Тэр үед гаднаас ямар нөлөө ирж байв? 

-Нийтийн сүлжээнд бараг “наадуулаа наанаа байлгаад байхаар өвчин тарахаас нь өмнө шатаагаад хаячихаач, шатаачихаач” гээд байсан шүү дээ.  Хувийн чат,  хувийн утас луу хандаж байсан зүйл байхгүй. 

Өөрөө их тайван болохоор ч юм уу нэг их сүртэй хүндээр хүлээж аваагүй л дээ.  Яах вэ, хэнтэй холбогдох вэ л гэж бодож байсан. Бодож тунгаахаас өөр юм байгаагүй. 

Намайг тусгаарлалтаас гарангуут Өмнөговьд, Сэлэнгэд, Замын Үүдэд очсон байна гэх зэргээр их л бичсэн дээ. Аль завандаа ч тэгж явахав дээ. 

Анхны коронаг хойноос оруулж ирсэн тээврийн жолооч гэх зэргээр нийтийн сүлжээгээр арай л хэцүү хэцүү юм их тавигдаж байсан. 

Гэтэл би 11 сарын 6-нд бүртгэгдсэн гэж байхад тэд өөрсдөө анхны корона 10 сарын 16-нд бүртгэгдлээ гээд  өөрсдөө яриад, яриа нь хүртэл цацагдаад сонин юм болсон ш дээ тэд. 


-Энэ үед гэр бүлээрээ ярилцах, ойлголцох нь чухал байсан байх. Би тэгж л энэ бэрхшээлийг давсан байх аа гэж бодож байна?

-Тийм. Бие биенээ дэмжиж, аль болох тайван байцгаахгүй бол гаднаас тэгж их дайрч байхад дахиад дотроо хоорондоо дайралдаад байвал тэндээс гарч ирэхгүй байлгүй дээ. Би ер нь их тайван, уужуу. Хамаагүй босч далдагнаад байвал болохгүй ш дээ. 

Тэр үед надаас хамаараад надаас туссан гээд 10 хүн гарч байсан. 

Иргэн Д гэдэг нэртэй болчихсон. Иргэн Д-ээс 10 хүн ковид авсан байна гэж гарч байсан. Гэтэл өнөөдөр өдөрт 1500, 2000 гарч байна гэж байна. 

 Эв эрүүл хүнийг үхүүлж ч мэдэх сэтгэл санааны дайралтад өртөж байгаа юм л даа

-Одоо ингээд эргээд харахад танай гэр бүлд маш хүнд үе байв уу, эсвэл байдаг л асуудал уу? 

-Яахав, над дээр ирсэн сорилт байсан. Би тэр үед өөрийгөө ковид тусаагүй л гэж бодож байгаа. Надад ямар ч шинж тэмдэг илрээгүй.  Яг л ямар байдаг тэр байдлаараа л байж байгаад гарч ирсэн. Одоо ч гэсэн би эргэлзээд л байгаа. 


-Нийгмийн сүлжээ ямар аймар санагдаж байсан бол тэр үед? 

-Нийгмийн сүлжээ гэдэг бол их аюултай эд байна. 

Үнэн зөв мэдээлэл цацагдахгүй байсан  ш дээ тэр үед. Нэг хүн жиргэхэд 10 хүн, 10 хүн цацахад 100 хүн цацаж байдаг. 

Бодит мэдээлэл ганц хоёр гарч байхад тэрийг хүмүүс тоохгүй байсан. Эв эрүүл, сав саруул хүнийг үхүүлж ч мэдэх сэтгэл санаагаар унагаагаад сэтгэл санааны дайралтад өртөж байгаа юм л даа. 

Манай хэдэн найз нөхөд мэдэж байгаа болохоор яаж байна гээд өдөр болгон л утсаар ярьдаг байсан.

Би нийгэмд гараад явлаа гэхэд яах бол, намайг яаж дайрах бол гэж бодож тунгааж тусгаарлалтад гучин хэд хоносон доо. 

Сэтгүүлчид их ярьсан. Би хэнд нь ч ярилцлага өгөөгүй, өнөөдрийг хүртэл явлаа. 

Хамаагүй юм ярьхаар түрүүчээсээ эрүүгийн хэрэг үүсч байна, мөнгөн торгууль тавилаа л гэж байна. Тэгэхээр өөрийгөө бариад өөрөөсөө эмээгээд яваад байх юм. 

Магадгүй танидаггүй, мэддэггүй заримд нь ОУ-ны тээврийн энэ жолооч их л ууж иддэг нөхөр байна даа л гэж төсөөлөгдсөн байж болзошгүй. 

Тэгж л ойлгож байгаа байх. Ер нь тийм биш л байгаа юм. Архи ер нь бараг уудаггүй. 

Хэдэн найзуудтайгаа бүтэн жил ч уулзаагүй байна. Нийтийн сүлжээнд бол огт өөрөөр бичээд байгаа юм. 

Залуу хүн завгүй байвал амьдрал болно л гэж боддог доо. Ажил төрөл дээрээ, ар гэртээ гаргах заваа гаргаад зохицуулаад байвал болно доо. 

                                                                                                                     

                              2021.07.05