Б.Баясгалан
02 сарын 20, 2021
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн.
Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг дүүргээр нь “самнах” байдлаар амжилттай зохион байгуулж байна. Энэ ажлын үр дүнд халдварын шинэ тохиолдлуудыг тандан илрүүлж, Улаанбаатар хотыг халдваргүй бүс болгохоор ажиллаж буй.
Вакцинжуулалт бүрэн дуустал бид коронавирустэй зэрэгцэн амьдрах эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг батална
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээ зохион байгуулалт сайтай үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, төр засгийнхаа шийдвэрийг даган биелүүлж байгаа иргэддээ баярлалаа. Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 23-наас суллахаар төлөвлөн ажиллаж байгаа. Шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тодорхойлох, шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудын тооцооллыг технологийн дэвшил ашиглан гаргасан. Уг мэдээллүүдийг нэгтгэн УОК-ын шуурхай штабт танилцуулна" гэлээ.
Мөн тэрээр Нийслэлийн өрх бүрийг шинжилгээнд хамруулсны дараа вакцинжуулалтын ажил эхэлнэ. Улаанбаатар хот, бусад дүүргүүдийн хувьд төр, засгийн зүгээс гаргаж буй шийдвэр, үүрэг чиглэлийг биелүүлэх арга туршлагатай болсон. Гол нь халдварын голомтуудаа хумьж, Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн энгийн амьдралдаа шилжих, бизнесүүдээ дэмжиж, ажлын байрыг хадгалах арга хэмжээг яаралтай авах ёстой гэдгийгонцоллоо.
Засаг дарга Д.Сумъяабазар “Вакцин орж ирсэн ч нэг хэсэгтээ бид коронавирустэй зэрэгцэн ажил, амьдралаа зохицуулж явуулах эрсдэлийн менежментийн төлөвлөгөө гаргах шаардлагатай болж байна. Удахгүй 57 чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг зохицуулах тусгай журам гарна” гэлээ.
Лабораторын хүчин чадлаас хамаарч шинжилгээний хариу бага зэрэг удаашрах тохиолдол байна
Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд чатбот үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. Тухайлбал “Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод энэ сарын 11-нээс иргэд шаардлагатай мэдээ мэдээллээ автомат хариулагч болон мэдээллийн ажилтантай холбогдох хэлбэрээр авч эхэлсэн.
Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хариу ямар хугацаанд гарч байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Сорьцуудыг шинжлэх лабораторын хүчин чадлаас хамаарч хариу бага зэрэг удаашрах тохиолдол байна. Гэхдээ товлосон хугацаанд хариуг гаргахаар ажиллаж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.