АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унаас захидал хүлээн авсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс өчигдөр мэдэгдлээ.

Төрийн хоёр тэргүүн Сингапурт уулзалт хийснээсээ хойш захидлаар харилцах болсон бөгөөд энэ нь уулзалтын үеэр өгсөн амлалтуудаа хэрэгжүүлэх зорилготой юм гэж тэрбээр мэдэгдсэн боловч Д.Трамп хариу захидал илгээсэн эсэх болон Ким Жөн Уны захидалд юу гэж дурдсан талаар мэдээлэл өгөөгүй байна.

Сара Сандерсыг мэдэгдэл хийсэн өдөр Ерөнхийлөгч Д.Трамп твиттер хуудсаараа жиргэхдээ, удирдагч Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа дурдаад, Солонгосын дайны үед амиа алдсан АНУ-ын цэргийн албан хаагчдын шарилыг илгээсэнд талархаж буйгаа илэрхийлжээ.

Мөн тэрбээр Умард Солонгосын удирдагчтай удахгүй уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Өнгөрсөн зургадугаар сард болсон АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрийн нэг хэсэг нь АНУ-ын цэргийн албан хаагчдын шарилыг нутаг руу нь илгээх явдал юм.

Үүнээс гадна Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах ажиллагаа олон нийтийн дунд эргэлзээтэй хэвээр байна. Учир нь дээд хэмжээний уулзалтын үеэр Умард Солонгос цөмийн зэвсгээс ангижрах алхам хийнэ гэж амласан боловч тус улс одоо болтол цөм болон пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байгаа юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг