Д.Цэрэнбадам: Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн дарга нар яаж ажилласан талаарх бүх нотлох баримт энд байгаа

Б.Баясгалан
03 сарын 07, 2019

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувьтай холбоотойгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тус компанид 6 сарын хугацаатай онц дэглэм тогтоосон.

Энэ дагуу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Эрдэнэт хот дахь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн төв байранд очиж, удирдлага ажилчидтай уулзан, 9 албан тушаалныг ажлаас нь чөлөөлж, өрөөг нь битүүмжилсэн. Өрөөг битүүмжлэхдээ өрөөнөөс ямар ч бичиг баримт авч гарахгүй байхыг даалгасан.

Чөлөөлөгдсөн албан тушаалтнуудын нэг нь тус компанийн хууль, эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам. Тэрээр өрөөгөө орхих үеэрээ дараах мэдээллийг өглөө.

Д.Цэрэнбадам "Холбогдох баримт бичгүүдийг би ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байгаа. Мөн УИХ, Засгийн газрын ажлын хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ, Прокурорт өгсөн, өмнө нь олон нийтэд түгээсэн байгаа. Монгол Улсын төрийн болон албаны нууц, Эрдэнэт үйлвэрийнхээ нууцын журмыг зөрчихгүйгээр цогц байдлаар танилцуулсан нь зөв байх гэсэн үүднээс өглөө. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид яаж ажилласан, ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ гэдэг нь энд тодорхой байгаа. 

Бид 2018 оны 5 дугаар сарын 10-12-ны өдөр, мөн долоо хоногийн өмнө УИХ-ын ажлын хэсэг ирж ажилласан. Эдгээрийг танилцуулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг бидэнд өгсөн. 

Үүнд тэр богино хэмжээний гэрээ гэдэг нь хаана байсан, яаж үүссэн, хэнд хадгалагдсан, түүнийг Эрдэнэт үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтан авахаар яаж ажилласан, авсан гэрээгээ олон улсын хуулийн компанид яаж хүргүүлсэн бэ гэдэг талаар бүх мэдээлэл энэ албан тоотуудад байгаа.

Энэ бол одоо нийгэмд байгаа ташаа мэдээллийг зөвтгөх, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд ямарваа нэгэн хүнд гэмт хэрэгтэн гаргаж өгөөгүйгээс болж ялагдсан гэдэг нөхцөл байдлыг үгүйсгэх нотлох баримт юм. 

Би хуульч хүн учраас энэ ажил асуудлыг анхнаас нь цэгцлээд эрүүгийн хэргийг нь үүсгүүлээд, энэ бүх процесс дээр шүүхэд оролцоогүй байж ялагдсан гэдэг зэмийг хүлээж буй хүн учраас үнэн зөв мэдээллийг өгөх ёстой гэж үзэж эдгээрийг өгч байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга өнөөдөр 1991 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр Засгийн газраас батлагдсан Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баримтлаад энэ үйл ажиллагааг хийж буй юм байна. Гэхдээ бид Үндсэн хуулиа 1992 онд баталсан. Тэгэхээр Үндсэн хуульдаа үл нийцсэн хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрийг бид дагаж мөрдөх ёсгүй. 

Би бол Үндсэн хуулийн үндсэн зарчмаас гажсан хууль гэдэг утга агуулгаар, нөгөө талдаа нэг удаагийн үйл ажиллагааг зохицуулах шинжтэй хуулиар өнөөдөр Эрдэнэт үйлдвэр дээр тодорхой албан тушаалтнуудыг чөлөөлж байна гэж нэгдүгээрт ойлгож байна. 

Хоёрдугаарт, би иргэн хүний хувьд хуулиар хамгаалагдсан эрхтэй. Би ямарваа нэгэн ялгаварлан гадуурхал үзэж, ажлаас чөлөөлөгдөх хууль зүйн боломж, бололцоо байхгүй гэж харж байна. Тэгэхээр өнөөдрийн энэ үйл ажиллагааг хуульч хүнийхээ хувьд хууль зөрчсөн шинжтэй байж магадгүй гэсэн санал бодолтой байна. Төрөөс явуулж байгаа үйл ажиллагааг би хүндэтгэж байна. Энд хэн ажиллаж байгаа нь хамаагүй. Дараа нь хууль зөрчиж байна уу, үгүй юу гэдэг асуудал шүүх, Үндсэн хуулийн цэц дээр яригдах байх" хэмээн ярилаа.


Өчигдөр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн байранд өрнөсөн үйл явдлыг хүргэж байна.


Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.