За тэгээд Ёндонд итгэ ээ...

Peak.mn
05 сарын 20, 2026

Өнөөдөр Монгол Улс уул уурхайгаа хамгийн их шүүмжилдэг атлаа хамгийн их түшиж амьдарч байна. Төсөв тасрахад уурхайгаа харна. Валютын нөөц багасахад мөн л уул уурхайн салбар руугаа найддаг. 

Эрчим хүч, бүтээн байгуулалт, цалин хөлс, улсын төсвийн гол орлого гээд эдийн засгийн хамгийн хүнд ачааг уул уурхайн салбар нуруундаа үүрч яваа. Тэр их ачааны төвд Эрдэнэт үйлдвэр бий. 

Тус үйлдвэр энэ оны эхний улиралд 462 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж, улс болон орон нутгийн төсөвт 438.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Харин өнгөрсөн онд 4.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 2.2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 47 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Мөн Хуримтлалын санд 289 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь уул уурхайн салбар улсын эдийн засгийн гол тулгуур хэвээр байгааг дахин харуулсан үзүүлэлт байлаа.

Гэвч энэ бүхэн зөвхөн тоо биш. Тэр тоонуудын ард ямар бодлого, ямар сэтгэлгээ, ямар зарчим явж байгааг харах нь илүү чухал юм. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Гэлэнгийн Ёндон-ыг хүмүүс янз бүрээр тодорхойлдог. 

Зарим нь хатуу гэдэг. Зарим нь шулуун гэдэг. Харин нэг зүйл дээр олон хүн санал нийлдэг. Тэр попролгүй ярьдаг. Улс төрийн оноо хөөдөггүй. Харин үйлдвэр, нөөц, татвар, үйлдвэрлэлийн ирээдүйн тухай ярьдаг. Учир нь мэргэжлийн хүн улс төрөөр бус, үйлдвэрлэлийн ирээдүйгээр сэтгэдэг.

Түүний ярианд уран гоё үг цөөн ч бодит үнэн их бий. Тиймээс ч хүмүүс “Хэлсэн үгийг нь эргээд уншмаар байдаг” хэмээн ярьдаг биз ээ.Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр зөвхөн хүдэр олборлоод зогсохгүй, удирдлага, хяналт, борлуулалтын шинэ тогтолцоо руу шилжиж эхэллээ. Тухайлбал, хиймэл оюунд суурилсан “Tender Eval” системийг нэвтрүүлж, худалдан авах ажиллагаа дахь хүний оролцоог бууруулах ажлыг эхлүүлсэн. Мөн экспортын бүтээгдэхүүнээ биржээр нээлттэй арилжаалах тогтолцоонд шилжсэн нь төрийн өмчит үйлдвэрийн соёлыг өөрчлөх том алхам болов.

Ёндон захирал энэ тухай “Тендерийг хүний нөлөөлөлгүй явуулах ёстой” хэмээн шулуухан хэлдэг. Ийм өөрчлөлт хүн бүрт таалагдахгүй нь мэдээж. Тэр өөрөө ч “Яв зайл гэсэн мессеж ирдэг шүү дээ...” хэмээн тайван өгүүлсэн нь бий. Гэвч тэр ухраагүй.

Түүнийг ажлаа авах үед 183 тэрбум төгрөгийн үнийн өсөлтийн асуудал бараг шийдэгдчихсэн, төлбөрийг олгох бүх шатны шийдвэр гарсан байжээ. Харин тэр үүнийг зогсоож, хөндлөнгийн аудит оруулан, шүүхийн шат хүртэл явсны эцэст 183 тэрбум төгрөгөөс 107.8 тэрбум төгрөгийг үйлдвэрт үлдээж чадсан юм. Энэ бол зүгээр нэг мөнгөний асуудал биш. 

Төрийн өмчөөс урсаж гарах байсан хөрөнгийг хамгаалсан шийдвэр байлаа. 

Мэдээж ийм шийдвэр олон хүний дургүйцлийг төрүүлдэг. Гэвч мэргэжлийн хүн заримдаа таалагдах гэж бус, хамгаалах гэж шийдвэр гаргадаг.

Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн өмнө хамгийн том сорилтуудын нэг нь АМНАТ-ын асуудал болоод байна. 

Тус үйлдвэр зэсийн баяжмал дээр 21.6 хувийн АМНАТ төлж байхад зарим төсөл тавхан хувийн татвартай ажиллаж байх жишээтэй. Ёндон захирал татвараас зугтах тухай бус, стратегийн үйлдвэрээ хамгаалах тухай ярьж байгаа юм.

Учир нь Эрдэнэт үйлдвэр өнөөдөр зөвхөн одоогийн ашиг бус, ирэх 50-60 жилийн хөгжлийн суурийг тавих томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлээд байна. Үүнд зэс хайлуулах үйлдвэр, баяжуулах фабрикийн шинэчлэл, шинэ хаягдлын сан, цагаан тоос бууруулах төсөл, үйлдвэр технологийн парк зэрэг үндэсний хэмжээний төслүүд багтаж буй.

Саяхан Оюутын ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан бол удахгүй Эрдэнэтийн овоо ордын шинэчилсэн нөөц, техник эдийн засгийн үндэслэлээ батлуулахаар ажиллаж байна. 

Урьдчилсан тооцоогоор тус үйлдвэр өнөөгийн хүчин чадлаараа дахин 55 жил ажиллах боломжтой болж байгаа аж. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр 100 гаруй жилийн настай дэлхийн цөөн том уурхайн нэг болох ирээдүй улам тодорхой болж байна.

Ийм урт настай ордууд дэлхийд тун ховор. Ихэвчлэн Чили, Перугийн Андын нуруу дагуух зэсийн том ордууд, мөн Хойд Америк, Өмнөд Африкийн цөөн уурхайд ийм боломж бий.Үүний зэрэгцээ Эрдэнэт үйлдвэр жил бүр хайгуулын ажилд дунджаар 16 тэрбум төгрөг зарцуулж иржээ. Учир нь энэ үйлдвэр бол зөвхөн уурхай биш. Хот дагуулсан үйлдвэр. Эрдэнэт хотын хувь заяатай салшгүй холбоотой стратегийн бүтэц юм.

Нөгөө талд дэлхийн зах зээлийн савлагаа үйлдвэрийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж байна. Дизель түлшний үнэ 3800 төгрөгөөс 5700 төгрөг болж өсжээ. Эрчим хүчний төлбөр хоёрхон жилийн дотор жилд 200 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Тэсрэх бодис, тосолгооны материал, ложистикийн зардал ч мөн адил өссөөр байгаа. Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдал хүртэл Монголын уурхайн зардалд шууд нөлөөлөх хэмжээнд хүрсэн нь уул уурхайн салбар ямар эмзэг орчинд ажиллаж байгааг харуулж байна.Гэсэн ч үйлдвэр зогсох эрхгүй. Татвараа төлнө. Цалингаа тавина. Экспортоо үргэлжлүүлнэ. Бүтээн байгуулалтаа зогсоохгүй.

Тиймээс л Ёндон захирал “Малгай нь томдсон хүүхэд шиг болчхоод байна...” хэмээн ёжтой атлаа эмзэгхэн өгүүлсэн биз ээ. Монгол Улс заримдаа хамгийн том үйлдвэр дээрээ хэтэрхий их ачаа үүрүүлж байгаа мэт санагдах үе бий.

Гэхдээ тэдний хамгийн том зорилго өөр газар байна. Эрдэнэт үйлдвэр зөвхөн хүдэр олборлох тухай ярихаа больжээ. Харин Монгол Улс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орон болох тухай ярьж эхэлж байна.

Зэс хайлуулах үйлдвэр, үйлдвэр технологийн парк, 1200 га талбай бүхий үйлдвэрлэлийн цогцолбор, төмөр зам, авто зам, эрчим хүчний шинэ дэд бүтэц, жилд 124 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадал- энэ бүхэн зүгээр нэг төсөл биш. Монгол Улс түүхий эдээ өөрөө боловсруулж, өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийн шинэ суурьтай болох оролдлого юм.

“Монголд аж үйлдвэр хөгжихгүй байгаа шалтгаан нь бид бүх зүйлээ импортоор авч байгаатай холбоотой” гэж Ёндон захирал хэлсэн байдаг. 

Үнэхээр бид баялагтай атлаа бэлэн бүтээгдэхүүнгүй улс болсон. Түүхий эдээ экспортлоод, буцаад өндөр үнэтэй бүтээгдэхүүн импортолдог тогтолцоонд удаан явлаа.Харин Эрдэнэтийн эхлүүлсэн эдгээр төслүүд Монголын аж үйлдвэрийн дараагийн үеийг босгох зорилготой.Тэр бас нэг удаа:

“Би 2027 оны есдүгээр сарын 10-нд 60 хүрнэ. Маргааш нь Ерөнхий захирлын ажлаа өгнө” хэмээн хэлсэн.

Энэ үгэнд албан тушаалтай зууралдсан хүний өнгө аяс байгаагүй. Харин “хийж эхэлсэн ажлаа дуусгачих юм сан” гэсэн инженер хүний хариуцлага, бүтээн байгуулагчийн сэтгэл байсан юм.“ОХУ-д тэтгэлгээр сурсан. Тиймээс эх орондоо өртэй гэж боддог” гэсэн түүний үг ч энэ бүхний тайлбар байж мэднэ.

Өнөөдөр уул уурхайг хараах хүн олон. Хардах хүн ч бий. Гэвч улсын төсөвт төвлөрч буй их наядын татвар, валютын нөөц, олон мянган ажлын байр, ил тод биржийн худалдаа, хиймэл оюунд суурилсан хяналтын тогтолцоо, үйлдвэржилтийн шинэ суурийг үгүйсгэх аргагүй юм.

Учир нь үйлдвэр барина гэдэг зөвхөн бетон цутгахыг хэлдэггүй. Итгэл босгохыг хэлдэг. Тиймээс л өнөөдөр зарим хүн ингэж хэлж байна.“За тэгээд Ёндонд итгэ ээ...”гэж.



Т.БАТЧУЛУУН

Холбоотой сэдвүүд

г.ёндон эрдэнэт үйлдвэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.