Peak.mn
02 сарын 06, 2023
Хорт хавдрын нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлж байгаагийн учир шалтгаан нь юу вэ? Эмчилгээ муу байна уу, эмч нарын мэдлэг чадвар муу байна уу? Техник технологи хоцрогдсон уу? Яагаад иргэдийг эрүүл мэндийн даатгалаар хавдрын эрт илрүүлэгт хамруулахын тулд улсын төсөвт тэрбумаар төгрөг суулгадаг юм бэ? Сэтгүүлч хүний хувьд эдгээр яагаадад хариу эрснээ өгүүлэхийн тулд нэгэн бүсгүйн амьдралын түүхээс бичвэрээ эхэлье.
Монгол айл бүрд сонин байдаг, монголчууд бараг толгой дараалан сонин сэтгүүл уншдаг байсан тэртээх 1990-ээд оны үе. Хөвсгөл аймгийн хэвлэх үйлдвэрт ажилтай Ванчинбазарын балчирхан охин Энхцэцэг рак гээч аюулт өвчнийг бүрэн эмчлэх аргыг олсон хүнд алтан хөшөө босгоно гэсэн бичвэр сониноос уншчихаад “Би том болоод эмч болж хүмүүсийг аюулт өвчнөөс аварна” гэжээ. Алтан хөшөө босгуулах гэсэн хэрэг биш, эмч гэдэг ийм чухал мэргэжил байдаг юм байна гэж ойлгосондоо тийн хэлсэн хэрэг.
Энэ үгээр ирээдүйн хувь тавилангаа захиалснаа бяцхан охин тэр үед мэдээж ойлгоогүй. Мөрөнгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн сургууль дүүргээд МУИС-ийн цөмийн физикийн ангид элсэн орохдоо ч багын мөрөөдөл рүүгээ нэг алхам дөхсөнөө анзаараагүй. МУИС-аас хоёр төгсөгч сонгон Хавдар судлалын төв рүү илгээсний нэг нь болохдоо л багын мөрөөдөл хийгээд цөмийн физикч мэргэжил нь амин холбоотой байсныг В.Энхцэцэг сая нэг ойлгосон.
Хавдар судлалын төв түүнийг ажилд авах эсэх нь мэдэгдэхгүй таг чиг боллоо. Ажлын талбарт гарч, сурч мэдсэнийхээ шидийг үзэхээр яарсан залуу мэргэжилтэн тэвчээр алдан ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнд ажилд ороод гуравхан хонож байтал Хавдар судлалын төвөөс түүнийг дуудав. В.Энхцэцэг ацан шалаанд оржээ. Нялх багын мөрөөдлөө дагаад Хавдар судлалын төв рүү одоохон гүйгээд очмоор ч өөрийг нь үнэлээд ажилд авсан шинжлэх ухааны том байгууллагаас нүүр буруулах хэцүү.
Эргэж хургаж, бодолдоо ээдэрсэн түүнийг багын мөрөөдөл эцэст нь дийлж, Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасгийн физикч инженер В.Энхцэцэг гэж олон олон жил дуудуулах үүд хаалга нээгдэв.
Ийнхүү тэрбээр Улсын цацраг туяа эмнэлэг нэртэйгээр 1961 онд үүдээ нээж байсан их айлын ажилтан болж, Ө.Норовсамбуу, Б.Бямбацэрэн, П.Цогзолмаа нарын анхдагчдын босгосон голомтын эрх тэгш нэгэн гишүүн болсоор өдгөө 17 дахь жилээ үдэж байна. Анагаах ухааны доктор М.Минжмаа эрхлэгчтэй эдний тасаг нарийн мэргэжлийн 8 их эмч, 4 эмнэлгийн физикч, тоног төхөөрөмжийн 2 инженер, 1 дозиметрист, цацраг туяаны 10 техникч, 16 сувилагчтай.
Цөмийн физикч инженер мэргэжилтэй В.Энхцэцэг энд ажиллаж байгаагийн учир шалтгаан нь хавдар хэмээх өвчин өвөрмөц эмчилгээ шаарддаг, цацраг туяа эмчилгээ үр дүн сайтай байдагт оршино.
Ингэхэд хавдар гэж чухам юу юм бэ? Хүний бие дэх эсийн гаж хөгжил гэж товчхондоо тодорхойлж болно. Тэрхүү эсийн гаж хөгжил эрүүл эсүүддээ нөлөөлсөөр эцэст нь үхэлд хүргэнэ. Зүйрлүүлж хэлбэл, хавдартай хүний бие махбод эрүүл хийгээд гаж хөгжилтэй эсийн тулааны талбар болж хувирдаг. Түүнд хөндлөнгөөс нөлөөлөхгүй бол эрүүл эсүүд ямагт ялагдах тавилантай. Эрүүл эсийн авралын бурхад, өвчтэй эсийн Эрлэгийн хаад нь Хавдар судлалын төвийн эмч, инженер техникийн ажилтнууд юм.
Улсын клиникийн төв эмнэлэгт 1959 онд туяа эмчилгээний анхны рентген аппарат суурилуулснаар Монгол Улсын хавдар судлалын салбарын түүх эхэлдэг ч технологийн хувьд 2010-аад оны сүүл үеийг хүртэл гайхуулах юмаар бага, дэлхийн түвшнээс 40 жилээр хоцорчихсон байсан нь гашуун үнэн. Байгаагаараа болгоод явдаг монгол зан, бас дээр нь өртөг ихтэй техник технологи худалдан авах санхүүгийн боломж хязгаарлагдмал, мэдлэг мэдээлэл дутмаг байдал үүнд нөлөөлж байв.
Цөмийн физикч мэргэжлээ эмнэлгийн физикч болгон нарийсгасан В.Энхцэцэг дэлхий даяар түгээмэл хэрэглэж байгаа 3D хэмжээст дотуур туяа эмчилгээний технологийг Монголд нэвтрүүлэх боломж байгааг олж харжээ. Эмнэлгийн дарга удирдлагууд түүний саналыг ойлгон дэмжиж, шаардлагатай санхүүжилт олох ажил өрнөлөө. Энэхүү дэвшилтэт технологи нь хавдрын хэлбэрийг 3D хэмжээсээр тодорхойлсны үндсэн дээр, эрүүл эсэд нөлөөлөхгүйгээр туяагаар эмчлэх боломж олгодгоороо давуу талтай. Урьд нь хавдартай хэсгийг ерөнхийд нь цацраг туяагаар “бөмбөгддөг” байсан бол энэ технологийг нэвтрүүлснээр өвчтэй хэсгийг мэргэн буучийн дуран хараатаар намнаж эхэллээ гэсэн үг.
Эд эрхтэн, түүний дотор хөдөлгөөнт эд эрхтэнд үүссэн хорт хавдрын эсийг ямар ямар чиглэлд, ямар тунгаар бөмбөгдөхийг тодорхойлдог, эмчилгээний дараа хүндрэл бараг гардаггүй, эрт үеийн хавдрыг 100, дунд үеийнхийг 85 хувь эдгээх магадлалтай гэдгээрээ энэ технологи онцгой ач холбогдолтой. Эсийг гурван хэмжээсээр харж, хавдрын хилийг тодорхойлж, бие даасан хөтөлбөрийн дагуу туяа эмчилгээ хийнэ. Хавдрын төрөл, байршил, их багаас үл хамааран дурын өвчтэй эсийг онож намнана.
Ийм технологи нутагшуулахын тулд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдах гээд бүтээгүй ч санхүүгийн асуудлыг шийдэх боломж байна гэсэн итгэл нь баталгаажжээ. Тасгийн эрхлэгч М.Минжмаа, инженер В.Энхцэцэг нарын боловсруулсан Монголд 3D дотуур туяа эмчилгээний технологи нэвтрүүлэх төслийг ОУАЭА-ын техник хамтын ажиллагааны төсөл дэмжин 201.6 мянган еврогийн санхүүжилт олгов. Технологийн энэхүү дэвшлийг нутагшуулах цаг үе нь тус эмнэлгийн цацраг туяа үүсгүүрийн идэвхжил суларсны улмаас нэг өвчтөний эмчилгээнд 40 минут зарцуулж, цаг алдах болсон үетэй давхцав. Үүсгүүрийг шинээр худалдан авах санхүүжилт олсон ч тээврийн зардал нэмж олох шаардлага гарч, олон улсын байгууллагуудад хандан бадар барьсны хүчинд 2019 онд нэг өвчтөний эмчилгээний хугацааг даруй 4 дахин багасгаж чадав.
Монголын Хавдар судлалын үндэсний төв ийнхүү анх ярьж эхэлснээс хойш нэлээд хэдэн жилийн дараа дэлхийн түвшинд хүрсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх том үсрэлт хийж, хөгжлийн түвшнээ 20 жилээр ахиулснаа тухайн үед мэдэгдэж байв.
Хавдар судлалын үндэсний төвийнхөн ийм технологи нэвтрүүлж чадсандаа сэтгэл ханасангүй. Тэд шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний дараагийн дэвшилтэт технологийг Монголд нутагшуулахын төлөө зүтгэцгээж эхэлжээ. Тэр нь IMRT (intensity modulated radiotherapy), VMAT (volumetric modulated arc therapy) технологиуд юм. Эхнийх нь хавдрын хэлбэр дүрсийг тодорхойлоод цацраг туяаг 19 хүртэл чиглэлээс өөр өөр эрчим, тунгаар өгснөөр эмчилгээний чанар эрс нэмэгдэж, эдгэрэлтийн хугацаа богиносдог, хүндрэл, гаж нөлөөг эрс багасгадаг технологи юм. Өөрөөр хэлбэл, өвчилсөн эдийн янз бүрийн хэсэгт ялгавартайгаар хүрч, үр дүнтэй эмчлэх эрчимт эмчилгээ гэсэн үг. Хоёр дахийг нь нуман туяа эмчилгээ гэж эмнэлгийн практикт нэрлэдэг. Энэ нь туяаг нум хэлбэрийн эргэлдэх хөдөлгөөнд оруулан 200-600 өнцгөөс хавдартай эсүүдэд тусган эмчилдэг учраас эмчилгээний хугацаа хэд дахин богино, үр дүн нь илүү их.
Эдгээр технологи нь тухайн хавдрын эсийг хажуугийн эрүүл эсийг гэмтээхгүйгээр, мөн ямар ч алдаагүйгээр онож буудах, өвчлөлтийн онцлогт туяаны тунг тохируулах боломж олгодог. Энэ хоёр технологийг нэвтрүүлснээр Монголын хавдар эмчилгээ дахиад 20 жилийн хоцрогдлоо нөхөж, дэлхийн түвшинтэй хөл нийлүүлсэн түүхэн үйл явдал болсныг жирийн хүмүүс үнэндээ анзаарч мэдэхгүй яваа.
Гадаадад очиж өндөр үнэтэй хийлгэдэг хавдрын эмчилгээ, мэс заслыг ийнхүү Монголдоо хийдэг болж, дөрвөн жилийн дотор 5 дэвшилтэт технологи нутагшуулж, 40 жилийн хоцрогдлыг нөхөж чадахад олон хүчин зүйл нөлөөлсөн ч хамгийн гол нь Туяа эмчилгээний тасгийн хамт олны хичээл зүтгэл онцгой үүрэгтэй. Хорт хавдрын эмчилгээг өнөөдөр Энэтхэгт гэхэд 3.5-12 мянга, мэс заслыг 6-12 мянган ам.доллараар хийдэг (BLK Super Special hospital). Бусад зардалтайгаа нийлээд өртөг нь талийж өгнө. Тэгвэл Хавдар судлалын үндэсний төвийнхөн Монголдоо адил технологиор ижил түвшний эмчилгээ хийснээр мөн ч олон айлын, том утгаараа улс орны эдийн засагт хэмнэлт хийж өгч байгааг ч бас талархан дурдах ёстой.
Хэдхэн жилийн өмнө дэлхийн хөгжлөөс 40 жилээр хоцорчихоод байсан Монголын цөмийн энерги, туяа эмчилгээ өнөөдөр хөгжиж буй орнууд дундаа дээгүүр байр эзэлж байгаа амжилтын ард ажил мэргэжилдээ хайртай, үүрэг зорилгоо сайтар ухамсарласан хамт олон, хувь хүмүүсийн сэтгэл, зүтгэл бий.
Өнөөдөр Монгол Улс хорт хавдрын нас баралт, элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа. Улсын хэмжээнд хяналт тавих, эмчилгээ хийх, тусламж үзүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургалт зохион байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг эх орондоо зохион байгуулж дэлхийн нэр хүндтэй мэргэжилтнүүдийн туршлага судлах зэрэг олон талт ажлыг Халдвар судлалын үндэсний төвийнхөн нуруундаа үүрдэг. Тэр дундаа хавдрын туяа эмчилгээтэй холбоотой бүх ажлыг тус төвийн Туяа эмчилгээний тасгийн 50 хүрэхгүй хүнтэй хамт олон дааж явна. Тэд тооны хувьд цөөхүүл боловч нарийн мэргэжлийн эмч, цөмийн физикч инженер, эмнэлгийн техникч, дозиметрист, сувилагч зэрэг олон мэргэжлээс бүрддэг, аль нэг мэргэжилтэн дутвал амжилтад хүрэх боломжгүй нэгдмэл хамт олон юм.
Тэд тасгийнхаа эрхэм зорилгыг “Дэлхийн дэвшилтэт технологийг эх нутагтаа анхлан нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн туяа эмчилгээний тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд оршино” хэмээн тодорхойлсон. Энэ зорилгоо нэр төртэй хэрэгжүүлж, анхдагч, манлайлагч болж чадаж байгааг амжилт ололтынх нь түүх харуулж байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадавх сайтай орнууд өнөөдөр хавдар судлал, эмчилгээний дараагийн шат буюу эсийн түвшний эмчилгээнд шилжиж эхлээд байна. “Амьд эм” гэгдэгч Car-T эсийн эмчилгээний технологи бий болж, дархлааны зарим эсийг өөрчилж, хорт хавдрын эсрэг хүчтэй довтлогч болгоод дараа нь анхны байдалд нь буцаан оруулдаг генийн инженерчлэлийн энэ аргыг Хятад тэргүүтэй орнууд нэвтрүүлж, үр дүн сайтай байгаа аж. Гэхдээ аливаа шинэ технологи өртөг өндөртэй, сөрөг үр дагавар нь бүрэн судлагдаагүй байдаг сул талтай. Ямартай ч ийм эмчилгээний нэг тун тарилга АНУ-д 373 мянган долларын үнэтэй байгаа сурагтай. Ийм өндөр технологийг нутагшуулах боломж бидэнд одоогоор байхгүй ч түүнээс арай наагуурх, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн технологиудыг Монголын Хавдар судлалын үндэсний төвийнхөн нутагшуулж, олон жилийн хоцрогдлоо богино хугацаанд нөхөж чадсан нь В.Энхцэцэг шиг сайн мэргэжилтнүүд энэ салбарт ажиллаж байгаагийн ач билээ.
Хувь хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдаж байвал хорт хавдар гэдэг үхлийн аюулт өвчин биш, монголчууд өөрсдөө дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж чадаж байна, тэдний мэдлэг чадварт эргэлзэх хэрэггүй гэдгийг сануулаад энэхүү бичвэрээ жаргаая.
СГЗ, доктор (Ph.D) Урианхан Б.Галаарид 2022.11.28.
Жич: Энэхүү нийтлэлийг өнгөрсөн онд Хавдар судлалын үндэсний төвийнхний амжилт ололтоор бахархан бичсэн ч нийтлэлийн баатар В.Энхцэцэг маань өөрийг нь гоцолсонд санаа нь зовоод олонд хүргэхийг зөвшөөрөөгүй билээ. Би ч ёсорхоод бичсэн нийтлэлээ уншигчдад хүргэе гэсэнгүй. Гэтэл сүүлийн хэд хоногт юу гээч болов? Энэ бүхнийг хараад тэсэлгүй нийтлэлээ олонд толилуулж байгааг минь болгооно уу.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.