Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд автомашины дугаараар замын хөдөлгөөнд хязгаарлалт хийх санал гаргасан талаар Улсын Онцгой комиссын шуурхай штаб өчигдөр мэдээлсэн. Гэхдээ эцэслэн шийдвэрлээгүй гэдгийг Улсын Онцгой комисс болон  Нийслэлээс мэдэгдээд буй.

Энэ талаар өнөөдөр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авто замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийх эрх нь аймаг, нийслэлийн Засаг дарга нарт байдаг. 

Нийслэлийн Засаг даргад Улсын онцгой комиссын зүгээс санал дэвшүүлсэн. Засаг даргын захирамж бол нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ байдаг учраас урьдчилан бид иргэдээс цахим хэлбэрээр сонсгол зохион байгуулдаг. 

Энэ сонсголын үр дүнд иргэд автомашины дугаарын хязгаарлалтад орсноор автобус буюу нэг тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн тоо хэт олон болох эрсдэл байна гэсэн учраас Хотын даргын зүгээс дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан” хэмээн мэдээлэл өглөө.