“...Аялал хүнд аз жаргал өгдөг. Өөрийгөө олж, бусдыг ойлгоход тусалдаг. Сэтгэлийн тэнхээ суухад, санаа бодол тэгшрэхэд чиглүүлдэг. Хязгааргүй хүслээсээ чөлөөлөгдөхөд, хязгаартай нөөц боломжоо олж харахад хөтөч болдог. Төөрөлдсөн бодлыг хүртэл засдаг жим” хэмээн “Зам нийлнэ” номын өмнөтгөлд бичжээ. Аян замын тэмдэглэлийн анхны номоо өлгийдэн авсан Asia Mining сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Б.Баяртогтохтой ярилцлаа.

-Номоо яагаад “Зам нийлнэ” гэж нэрлэсэн юм бэ? Олон хувилбар л бодож олсон байх. Үүнээс ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд сэтгүүлчээр ажиллаад арав гаруй жил болж байна. Ажлын гараагаа өдөр тутмын сониноос эхлүүлсэн. Тэр үеэс л аян замын тэмдэглэл бичих гэж оролдож ирсэн.  Аль болох нь монгол хэлнийхээ яруу тансаг үг хэллэг, түүний утга найруулгыг өөрийн тэмдэглэлд шингээхийг зорьдог. Ер нь номын нэр өгөх их ярвигтай асуудал юм билээ. Нэлээд бодож, бодож энэ нэрээ олсон. Хүн ажил, амьдрал, аяллын замд олон хүнтэй уулзаж, учирч байдаг. Тэр дунд зам нийлэх нь бас нийлэхгүй нь ч бий. 

Хүмүүс өдөр тутмын яриандаа ч зам нийллээ гэдэг үгийг түгээмэл хэрэглэдэг. Аяллын турш зам нийлсэн олон хүнтэй өнөөдөр найз нөхөд, энгийн сайхан харилцаатай үлджээ. Тэгээд бодохоор бэлгэшээлтэй нэр санагдсан.


-Та хаана өссөн бэ? 

-Би Говь-Алтай аймгийн Алтай суманд өссөн. Манай нутаг аймгийн төвөөсөө 400, нийслэл Улаанбаатараас 1350 километрт алслагдсан, говь хээр хосолсон нутаг. Номингийн говь, Алаг нуурын говь гээд Монголын 33 говийн арав орчим нь нутагт минь бий.  Монголын баруун өмнөд хил л дээ. Нутаг руугаа сүүлд хоёр жилийн өмнө очсон юм байна. Говьд хамгийн эрт хавар ирж, орой намар болдог байгалийн онцлог зүй тогтолтой. Тарвас, лийр, давжаа алим гээд дөрөв, таван төрлийн жимс ургадаг. Хулан, тахь, мазаалай манай нутагт цөм бий. Сүүлийн үед хүмүүс Ажийн нуруу, Ээж уулыг үзэхээр мөн Бургастайн боомтоор дамжаад Хятад руу аялахаар манай нутгийг олноор зорих болсон. Ингээд харахаар эдийн засгийн хувьд ч давуу, байгалийн өвөрмөц зүй тогтолтой газар.


-Нутгаа маш сайхнаар, өвөрмөц танилцууллаа шүү. Байршил, газар зүйн онцлог гээд бүгдийг нь яриад өгчихлөө…?

-Мэргэжилтэй минь холбоотой байж магадгүй л дээ. Би 2010 онд МУБИС-ийн Байгалийн Ухааны сургуулийг газар зүйн багш, аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Дараа нь Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курсэд мөн суралцсан. 

Тэр утгаараа байгалийн талаар илүү дэлгэрүүлж ярьсан байх. Замд гарч, аян замын тэмдэглэл бичээд байх тусам байгалийг илүү мэдэрдэг юм байна. Аялсан газар бүрээсээ өөр мэдрэмж авч эхлэдэг юм билээ. 


-Аялал хүнд юу өгдөг  бол?

-“Зам нийлэх хүмүүс замаа олоод ирдэг” гэж номын өмнөтгөлдөө бичсэн. Хамгийн цөөн үгээр хэлэхэд, аялал гэдэг тэр чигээрээ аз жаргал юм. Өөрийгөө олж, бусдыг ойлгоход тусалдаг хамгийн чухал зүйл.


-Аялахад юу хамгийн чухал вэ бол? Магадгүй мөнгө гээд зэхэх зүйл олон бий шүү дээ?

-Мөнгөтэй эсвэл цаг завтай хүн аялдаг гэж зарим хүн боддог байх. Энэ бол эндүүрэл гэж хэлье. Харин ч эсрэгээрээ байх магадлалтай. Хамгийн гол нь төлөвлөх л чухал. Жишээ нь жилийн өмнөөс аяллаа төлөвлөж, сар бүрийн цалингаасаа аяллын хуримтлал ч үүсгэж болно шүү дээ. Зээл аваад аялалд явсан хүмүүстэй зөндөө таарсан. Тэд гаргасан шийдвэр, үйлдэлдээ харамсдаггүй, харин ч сэтгэл ханамжтай байдаг юм билээ. 


-Гэнэт л үүргэвчээ үүрээд замд гарахыг юу гэж боддог вэ?

-Зарим нэг маань найзуудтайгаа уулзаад гэнэт л замд гарчихлаа гэж ярьдаг шүү дээ. Яахав байж болох л зүйл. Миний хувьд хол, ойр нь хамаагүй ямар ч аялалд хөнгөн хуумгай хандахгүйг хичээдэг. Аяллын тав тух маш чухал. Сайхан газар очих сайхан. Гэхдээ аяллын турш сэтгэл хангалуун байя гэвэл аяллын бэлтгэлээ өмнө нь сайтар хангах ёстой. Тэр хэрээр дурсамж үлдэж, он цаг улирах тусам тодорно. Аяллын баг их амархан бүрддэг. Миний хувьд аялал болгон шинэ, шинэ хүмүүсийн дунд тэр аялал өрнөдөг.


 -Та хамгийн сүүлд хэзээ, хаашаа аялалд гарсан бэ?

-Хөл хорио эхлэхийн өмнө Булган, Өвөрхангай, Архангай аймгийн нутгаар аялал хийсэн. Намрын аялал байсан. Аравдугаар сарын дундуур яваад ирсэн л дээ. Намар, өвлийн зааг гэж хэлж болно. 

Цас орчихсон, зарим газар их зузаан хунгар тогтчихсон байсан үе. Намрын мэдрэмж бас л нандин юм билээ. Энэ аялал зөвхөн зун л аялалд гарах ёстой гэсэн уламжлалт ойлголтыг маань эвдэж чадсан. Энэ удаагийн аяллын баг “Зорих газрыг хамтдаа” төслийг эхлүүлсэн. Төсөл энэ онд ч үргэлжилнэ. Хүйсийн найман нуур, Их Монгол хайрхан, Архангайн Цэнхэрийн халуун рашаан гээд өмнө очиж байгаагүй гайхалтай газрууд багтсан. Нутгийн айлууд өвөлжөө рүүгээ нүүж байх цагаар замд гарсан нь соньхон.

Дөрвөн улирал гэдэг дөрвөн өөр цаг үе, өөр  өнгө бас мэдрэмж юм. 

Бидний ажлын боломж, бололцоо л зуны улиралд голчлон таардаг. Хэдий тийм боловч намрын эсвэл өвлийн Хөвсгөлийг үзээрэй. Бас хавар, зуны улиралд Хөвсгөл бас л давтагдашгүй харагдана. Тиймээс нэг газраа дөрвөн улирлаар нь очих юмсан гэж боддог. Энэ хүслээ ч бага багаар эхнээс нь биелүүлж эхэлсэн. Манай улс жилийн дөрвөн улиралтай байна гэдэг аялал жуулчлалын хувьд маш том давуу тал.


-Өнгөрсөн оны аяллын хамгийн трэнд болсон газрууд юу байсан бэ. 2021 онд энэ байдал хэрхэн өөрчлөгдөх бол...?

-Дотоодын аялал 2020 оны адил эрчимтэй, идэвхтэй байх болов уу. Энэ оны нөхцөл байдлаас харахад, гаднаас жуулчин ирэхээргүй байна. Бид ч гадагшаа аялалд явах талаар бодоход эрт бололтой. 

Тиймээс энэ зун хаачих вэ гэж хүмүүс дор бүрнээ л нэгийг бодож, төлөвлөж байгаа болов уу. Өнгөрсөн онд бид хөл хорионд нэлээд удлаа. Энэ он гараад ч ялгаагүй хөл хорио чангарсан. Зунаас нөхцөл байдал илүү дээрдэж, хөл хорио суларна гэж найдаж байна. Тийм болохоор удаан хугацаанд нэг газраа бүгсэн хүмүүс аялалд гарахын хүслэн байгаа.

2020 оны трэнд газрууд гэвэл Хагийн хар нуур, Цагаан суваргыг нэрлэнэ. Үүн дээр Хүйсийн найман нуур, Хяргас нуур, Алтай таван богд, Завхан аймгийн үзэсгэлэнт газрууд, Буйр, Хөвсгөл нуур аялагчдын сонирхлыг хамгийн их татлаа. Энэ онд ч эдгээр газрууд жуулчдын зорин очих гол маршрут байх болов уу. Нэмээд Говь-Алтай аймаг нэмэгдэнэ.

Ер нь хүмүүс аялалд шунан дурлаж байна. Тэр тусмаа залуусын хувьд аялалд гарах нь амьдралын нэг дадал хэвшил нь болжээ. Гэр бүлээрээ ч мөн адил хүмүүс аялах нь нэмэгдсэн. Энэ хэрээр дотоодын аялал жуулчлал хөгжиж, энэ салбарт тэлэлт, үсрэлт бий болно гэсэн үг.


-Өнгөрсөн зун хэчнээн газраар аялсан бэ?

-Өнгөрсөн зуны хувьд таван удаа аялалд гарсан. Аяллаас ирээд, удаагүй дараагийн аялалд гарах маягтай өнгөрсөн. Хагийн хар нуур, Хар зүрхний хөх нуур, Баруун тайга, Цагаан суварга, Хүйсийн найман нуур, Их Монгол хайрхан гээд явсан. Аялал болгон өөр өөрийн онцлогтой, харилцан адилгүй байдаг. Энэ утгаараа авах мэдрэмж нь мөн адил ялгаатай. 


-Энэ зун хаашаа аялалд гарахаар төлөвлөж байна?

-Энэ зун Алтай таван богд, Увс аймаг болон Зүүн гурван аймгийн нутгаар аялалд гарахаар төлөвлөсөн. Аль аль нь урт аялал болох байх. Тэр тусмаа Увс аймаг илүү их сонирхол татаж байгаа. Өмнө нь Увс аймагт очиж үзээгүй, анх удаагаа зорихоор төлөвлөж байна. Аялал болгоноос аяллын тэмдэглэлтэй, дурсамжтай, зурагтай үлддэг. Мөн олон сайхан хүмүүстэй уулзах, танилцах, нөхөрлөх завшаан гардаг. 2015 оноос хойш зам харгуй сайжрах тусам гэр бүлээрээ аялах хүмүүсийн тоо нэмэгдсэн.


-Та аян замын тэмдэглэлээ замдаа бичдэг үү эсвэл аяллаа дуусгаад буулгадаг уу?

-Аль болох хурдан бичихийг хичээдэг. Яагаад гэвэл тухайн цагт авсан, олж харсан, надад төрсөн мэдрэмжүүд надаас нисчих гээд байдаг юм. /инээв/


-Зам зуур явахдаа юуг илүү онцолж хардаг вэ?

-Залуус бол майхнаа бариад эсвэл бороотой үед машиндаа ч нойр авчихна. Харин гэр бүлээрээ яваа, тэр тусмаа нялх хүүхэдтэй хүмүүсийн хувьд амаргүй харагддаг. Хүмүүсийн ахуй амьжиргаа, орлого сайжрах тусам аялалд илүү мөнгө зарцуулдаг болно. Тийм болохоор гэр бүлээрээ аялж байгаа хүмүүст чиглэсэн үйлчилгээний эрэлт хэрэгцээ цаашид нэмэгдэнэ гэж бодож байна. Хөвсгөл, Архангай, Өмнөговь аймгийн эс тооцвол бусад аймагт жуулчны бааз, хоноглох буудал, үүнийг дагасан үйлчилгээ дутмаг. Байгаа нь хүрэлцээгүй. 


-21 аймгаас хэчнээн аймагт нь очсон бэ. Аль аймаг нь илүү их таалагдсан бол...?

-Очсон аймаг миний хувьд нээж амжаагүй шинэ тив шиг санагддаг. Тэр нь Увс аймаг. Сүүлийн хоёр жил явна гэж төлөвлөж байсан ч нөхцөл бүрдэхгүй хойшлуулж яваад нэг л мэдэхэд шинэ он гарчихлаа. Ер нь аймаг болгоны уул ус, ургамал ногоо, нутгийн заншил өвөрмөц, ижилгүй цор ганц. Тийм болохоор энэ аймаг илүү, тэр нь тийм гэж хэлэх боломжгүй. 


-Аялагчдад саад болдог зүйл юу байдаг вэ?

-Аймаг болгонд аялал жуулчлалыг хөгжүүлэх давуу тал, боломжууд бий. Үүнийгээ олж хараасай гэж боддог. Ядаж л жуулчдын хамгийн ихээр зорин очих газраа тэмдэг тэмдэглэгээ байршуулах, үүнийгээ сурталчлах, таниулах, тухайн газраа нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, гар урлалыг хөгжүүлэх боломж байна. Дэд бүтцийн болон орон зайн ялгаа, бэрхшээл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ аялагчид үүнийг саад тотгор гэж боддоггүй. Харин ч нэг талаар илүү сонирхол татахаар байдаг. Дотоодын аялагчдын хувьд хувийн бэлтгэлээс гадна тухайн хүрэх, аялах газраа очихоосоо өмнө сайтар судлах хэрэгтэй. 


-Дотоодын аялал хөгжих хэрээр нөгөө талд нь байгаль орчны бэрхшээлтэй асуудал гараад байна уу гэж хардаг. Тухайлбал, хогоо ил задгай хаях, хээр гадаа гал түлэх гэх мэт асуудлыг та хэрхэн хардаг вэ?

-Хүмүүсийн аялал жуулчлалын боловсрол харьцангуй дээшилж, урьдын хэнэггүй хандлага өөрчлөгдөж байгаа нь олзуурхууштай. Хүмүүс аль болох л хогоо тухайн газраа үлдээх бус авч яваад төв суурин орж тэнд байх хогийн цэгт хүргэдэг болсон. Хаа хамаагүй газар гал түлэх нь багассан. Хариуцлагатай аялах гэж хичээж буй нь энэ мэтээр харагддаг. Энэ миний эх орон, би л хайрлах, хамгаалах ёстой гэсэн сэтгэл хүн болгоны үйлдэлд илэрч байгаа. 

Мэдээж олны дунд буруу хандлагаа өөрчилж амжаагүй, хэнэггүй нэг нөхөр байгааг үгүйсгэхгүй. Аялагчдаас гадна нутгийн иргэд өөрсдөө ч дүгнэлт хийх цаг болсон. Би нутгаа мэднэ гээд тэнд дураараа аашилж болохгүй. 


-Замд явахад сэтгүүлч хүний нүдээр олж харсан эмзэглэл цөөнгүй байдаг л байх…?

-Эмзэглэхээр зүйл тааралдана аа. Жишээ нь зам, цаг хугацаа дөтлөх гээд хүчирхэг техникт эрдэж, бярдаад шинээр зам гаргаж давхиж байгаатай цөөнгүй таарсан. Үүнээс болоод нэг чиглэлд олон зам үүснэ, тэр хэрээр тэнд ургадаг өвс ургамал устана, цаашлаад цөлжилтийн шалтгаан ч болно. Тэр орчмын амьтны бэлчээр хумигдах гээд нэг хүний үйлдлээс болоод л уршигтай олон асуудал дагуулахаар байна. 

Би овоо болгон дээр хадаг тавих бус чулуу нэмээд л өнгөрөхийг эрхэмлэдэг. Хэрэв өндөр хайрхан замд таарвал сэтгэлдээ сүсэглэн мөргөх л хүндлэл юм. Үүнээс илүү юм хэрэггүй санагддаг.


-Би гэхэд унаган Улаанбаатрынх. Хараахан аль нэг тийшээ аялж үзээгүй байгаа. Тиймээс анхны аялалаа хийх гэж байгаа хүнд та юу зөвлөх вэ?

-Заавал машинд суугаад хол явахыг аялал гэхгүй л дээ. Хэрвээ чи хүсвэл үүргэвчээ үүрээд Туул гол руу ч аялж болно. Туулд хэчнээн төрлийн загас жараахай, гол дагуу ямар ямар бургас байдгийг ч харж болно. 

Богд уул руу ч гэсэн гарахыг аялал гэж нэрлэнэ. Цэцээ гүн талаасаа нааш алхахад байгалийн сонирхолтой зүй тогтлууд тун их. Тэрэлжид хүртэл үзэх зүйл, бидний хараагүй олон газар байдаг шүү дээ. Гүнжийн сүмээс эхлүүл үзэх юм бишгүй олон.

Гол санаа нь анхны аяллаа хүн ойроос эхлүүлвэл дараагийн уртын аялалд бага ядардаг. Гэнэт холын аялалд гарахаар хүний аялалаас авах кайф багасчихдаг. Тиймээс бага багаар бие, сэтгэлзүйгээ дасгаарай гэж зөвлөе. Ер нь цаашдаа оюутан залуус, арван жилийн сурагчдад зориулсан богино зайны аялал манайд эрчимтэй хөгжих болов уу.


-“Зам нийлнэ” номыг тань уншигч, аялагчид хаа хаанаас авч болох вэ?

-Ном маань гараад удаагүй байна, Альфа номын дэлгүүрт тавигдсан байгаа. Аз хур болон Интер номын дэлгүүрт мөн тавигдана аа.