Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүн зөвлөж байна.

-Ихэнх тохиолдолд нийт эдийн засаг хямрахад хүмүүс илүү гаргах, хадгалахад бус хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байна уу гэдэгтээ анхаарлаа хандуулдаг юм шиг санагддаг. Тэгвэл ийм үед хэрхвэл зүйтэй вэ?

-Мэргэжилтнүүдийн зүгээс ид ажиллаж, орлоготой байгаа үедээ гэнэтийн хэрэгцээгээ хангах хэмжээний буюу 3-6 сарын зардалтай тэнцэх хэмжээний хуримтлал үүсгэхийг зөвлөдөг. 

Ихэнх тохиолдолд иргэд орлогынхоо 10 хувиас эхлэн хуримтлуулах боломжтой гэсэн судалгаа байдаг. 

Та аль болох эрт хуримтлуулж эхлэх тусам төдий хэмжээний нэмэлт хүүгийн орлого олох боломжтой байдаг. Өнөөдрийнх шиг иргэдийн орлого буурсан, олсон орлогоо хэрхэн хэрэгцээндээ хүргэхээ мэдэхгүй байгаа бол та өөрийн гарч буй зардлаа аль болох бууруулж хэрэгцээгүй зардлаа багасгах хэрэгтэй. 

-Хадгаламжийн зорилгоо биелүүлж чадсан хүний дараагийн алхам юу байх вэ?

-Одоо олж буй орлогоосоо, цаашид таны хөрөнгийг нэмэгдүүлэх зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Жишээлбэл, тогтмол хуримтлал үүсгэж өөрийн хүслийн машинаа авах хэмжээний мөнгөтэй болсон гэж бодъё. 

Та өөрт байгаа 40 сая төгрөгөөрөө хүслийн  машинаа авлаа гэж бодоход, үнэлгээ нь жил бүр 10 хувиар буурна. Үүний оронд 15 саяар нь хэрэгцээгээ хангах машин худалдан аваад, үлдсэн 25 сая төгрөгийг жилийн 16 хувийн өгөөжтэй хадгаламжид хийхээр боллоо гэж тооцоолъё. 

5 жилийн дараа гэхэд 40 саяар авсан таны машины үнэлгээ 20 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд очих бол, таны 15 саяар авсан машин 7.5 сая төгрөгөөр үнэлэгдэх ч хадгаламжид хийсэн мөнгө тань өгөөжийн хамт 49 сая төгрөг болон өсөх боломжтой. 


-Ханшийн савлагаатай үед төгрөг, доллар болон бусад гадаад валютаар хадгаламж үүсгэхийн аль нь эрсдэл багатай вэ?

-Ихэнх хүмүүс сонгуулийн жил долларын ханш өсдөг гэсэн хүлээлтдээ үндэслэн төгрөгийн хадгаламжаа долларын хадгаламж болгон өөрчилсөн нь Монголбанкны сар бүрийн тоон мэдээллээс харагдаж байна. Та доллараар жилийн 3 хувийн өгөөжтэй хадгалах боломжтой бол, төгрөгөөр жилийн 13 хувийн өгөөжтэй хадгалах боломжтой байдаг. 

Долларын ханш нь зөрүү дүн болох 10 хувиар өсвөл танд долларын хадгаламж илүү ашигтай байх болно. Харин долларын ханш 10 хувиас багаар өсвөл эсрэгээрээ алдагдалтай тусна. 

2019 оны 9 сараас 2020 оны 9 сарын хооронд 1 жилийн хугацаанд долларын ханш жилийн 6.9 хувиар, харин энэ он гарснаас хойш  4.4 хувиар өссөн байна. 2008 оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд долларын ханш 1 жилд дунджаар 7.8 хувиар өссөн бөгөөд ханш өсөхөд нөлөөлдөг валютын албан нөөцийн хэмжээ, гадаад худалдааны тэнцэл гэх зэрэг үзүүлэлтүүдийг судлан, төгрөг эсвэл доллараар хадгалах шийдвэрээ гаргаарай.

Сүүлийн 3 жилийн байдлаар судлахад төгрөгийн хадгаламж илүү өндөр өгөөжтэй байна.


-Хувь хүн, өрхийн эдийн засаг хумигдсан, дор бүрдээ бүсээ чангалсан байгаа энэ үед хуримтлалаа ямар аргачлалаар бий болгохыг зөвлөнө үү?

-Хамгийн бага зардал гарган амьдрах боломжуудыг судалж үзээд 1 сарын хугацаанд гэр бүлээрээ туршаад үзээрэй. Орлого нэмэгдэхийн хэрээр аль болох хөрөнгийг тань өсгөж чадах хөрөнгөнд мөнгөө оруулж, хангалттай хэмжээний хуримтлалтай болчихвол цаашид эдийн засаг хумигдсан үед ч санаа зовохооргүй болж чадна. 

Магадгүй, бууруулах зардал байхгүй, хэрэгтэй гэж бодсон бүх зүйлсээ худалдан авч сэтгэл ханамжтай амьдрах нь миний хүсэл гэж бодож болох ч хөрөнгийг тань нэмэгдэхэд хувь нэмэр болдоггүй зүйлд мөнгөө бүү алдахгүй байх нь мөн л ухаалаг шийдвэр байх болно. 

Та аль болох эртнээс хуримтлалыг гэр бүлийнхээ хамтын зорилго болгон, өгөөж өгдөг хөрөнгийг сонгож, ухаалгаар хөрөнгө оруулалт хийгээрэй. Энэхүү хэвшил нь танд цаг хугацааны явцад өгөөжөө өгөх болно. Жишээ нь, та ирээдүйн тэтгэвэртээ зориулан сар бүр тогтмол, бага дүнгээр хувийн тэтгэврийн хуримтлалаа үүсгээд явахад эдийн засгийн байдлаас үл хамааран танд төдийлөн ачаалал ирэхгүй.

Их хэмжээний мөнгийг амьдралд нэн шаардлагатай бус хэрэгцээнд зараад дуусгадаг үе ч бий ч эсрэгээрээ бага мөнгөөр баталгаат, гэрэлт ирээдүйг бий болгох боломжтой байдаг. Тиймээс, та цаг алдалгүй яг одоо ирээдүйнхээ төлөө ухаалаг алхам хийгээрэй.