Боловсролын хүртээмж ба нийгмийн үр ашгийг дээшлүүлэх асуудалд

Х.Оргил
07 сарын 07, 2021

1. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа - 2050” бодлогын баримт бичигт хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэх чухал зорилтыг дэвшүүлсэн

Манай Төр, Засгийн бодлогод шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйлс болгон хэвшүүлэх, боловсролын үйлчилгээг өсвөрийн, залуу үеийнхэнд адил хүртээмжтэй хүргэх талаар онцгойлон тодорхойлсон байдаг.

Боловсрол эзэмших тэгш байдал нь адил гараанаас эхэлж нийтлэг стандарт, агуулгын дагуу боловсрол эзэмших болон хүүхэд бүрд өөрийн авьяас чадвар, хүсэл зорилгоо биелүүлэх боломж олгох гэсэн хоёр талын нягт уялдаанд тулгуурлах ойлголт юм. 

Энд боловсрол эзэмших орчин, хүний болон санхүүгийн нөөцийн хуваарилалтын адил тэгш байдлыг хангахын хамт суралцагсдад сонголтын өргөн боломж олгож, сургалтын төлөвлөгөө, агуулга нь хүүхдийн хувь хүний хувьд хөгжих хүсэл зорилго болон чадавхад нийцсэн байх шаардлага тавигдана. Ийм учраас боловсрол эзэмших адил тэгш боломж  бүрдүүлэх асуудлыг нийгмийн зөвшилцлийн хүрээнд авч үздэг (Equality and equity in Education. UNESCO. 2003). Чухам ийм байр сууринаас Монголын боловсролын эрх зүйн орчны шинэчлэлд хандах нь чухал болохыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дурдсан билээ.

Судалгаанаас үзэхэд сүүлийн 30 жилд хөгжиж байгаа орнуудад орлогын тэгш бус байдал өссөн байна (UN Development program 2016). Төв Азийн орнуудад залуучуудын 16-18 хувь нь ажилгүй байна (Preparing tomorrow’s workforce for 4th industrial revolution. Global business coalition for education. Deloitte. 2018). Зарим хөгжингүй оронд ажлын байрны хүрэлцээгүйгээс болж оюутны 70-85 хувь нь дээд боловсрол эзэмшихийн тулд авсан зээлээ хугацаанд нь бүрэн эргүүлэн төлж чадахгүйд хүрч байна (Market economics has driven universities into crisis. The Guardian 2020). Иймээс НҮБ 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилгодоо бүхий л хэлбэрийн ядуурлыг бууруулахыг чухалчилсны дотор боловсрол томоохон байр эзэлдэг (Agenda 2030 for sustainable development. UN).

ЮНЕСКО-н судалгаанаас үзэхэд сургуульд сурсан нэг жил нь алсдаа хувь хүний орлогыг 10 хувиар нэмж, хүүхдийн сургалтад зориулсан 1 доллар нь буурайн оронд тухайн хүний орлогыг 5 доллароор, дундаж орлоготой хүний орлогыг 2.5 доллароор жил бүр өсгөхөд шууд нөлөөлдөг байна.

 Дээд боловсрол эзэмшихэд зориулсан нэг жил нь ирээдүйд авах цалинг 10 хувиар нэмэх суурь болдог ажээ (UNESCO GEM report 2016).

Буурай орнуудын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хийсэн судалгаанаас үзэхэд дунд боловсрол эзэмшсэн хүний хөдөлмөрийн бүтээмж 8-10 хувиар илүү байна.

Боловсролын эдийн засгийн үр ашгийг судалсан дүнгээс үзэхэд дунд боловсролтой хүний орлого 7 хувиар өсдөг бол Их сургууль төгссөн хүний орлого 17 хувиар өсдөг байна.

(Higher education. World bank group. 2017). Судалгаанаас үзэхэд АНУ-д бакалаврын зэргийн боловсролтой хүмүүсийн 59 хувь нь дундаж болон түүнээс дээш орлоготой байна. Америкийн эрдэмтдийн 1980 оноос өмнө төрсөн хүмүүсийн ажил эрхлэлтийг судалсан дүнгээс үзэхэд хөдөлмөрийн зах зээлд энэ үеийнхний ур чадварын ялгаанаас хамаарах цалин, орлогын зөрүү мэргэжлээс хамааран 16-31 хувь байна.

Энэ нь боловсрол, мэргэжил эзэмшсэн түвшин, чанараас хүний цалин, орлого хамаарах байдал нь боловсролын эдийн засгийн үр нөлөөг тодорхойлдгийн нэг илэрхийлэл болно (Equitable growth, 2017).

Хүн капиталын онолын үүднээс нийгмийн нийт баялгийн 60 гаруй хувь нь хүний капитал байдаг гэж үзэх нь нийтлэг байдаг. Ингэснээр боловсролыг хөрөнгө оруулах салбарт хамааруулдаг судлаачид ч бий (Gray S. Becker, Human capital theory, 1993).

Энэ хүрээнд боловсролын санхүүжүүлэлтийн механизмыг боловсронгуй болгохын хамт үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог чухалчлан, энэ үндсэн дээр дээд боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх хандлага хүчтэй болж байна.

Боловсрол эзэмших адил тэгш байдлыг хангах асуудал нь буурай орнууд төдийгүй өндөр хөгжилтэй орнуудад ч нийгмийн анхаарлын төвд байна. АНУ-д 2015 онд хийсэн судалгаагаар 2001-2011 оны хооронд хангамж сайтай болон хангамж тааруу сургуулийн хоорондын санхүүжүүлэлтийн зөрүү 40 гаруй хувиар өссөн байна. Д.Трампын засаг захиргааны үед ийм сургуулиудын нэг сурагчид ногдох санхүүжүүлэлтийн ялгаа 475$-р нэмэгджээ (National center for educational statistics. 2019. IES)

Тэргүүлэх хөгжилтэй Япон, БНСУ-д ч боловсрол эзэмших эрх тэгш боломжийг анхан шатны сургуулиас эхлэн хангах бодлогыг хэрэгжүүлж байна. Японд хүүхдэд чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд багш нарын мэргэжлийн чадавх, цалинг өндөр байлгах, нэг багшид ногдох сурагчийн тоог бууруулахад анхаардаг. БНСУ, Сингапурт ч ийм бодлогыг хэрэгжүүлж байна.

 Японд 2000-2017 онд хувийн бага сургуульд элссэн хүүхдийн тоо 15 хувиар өссөн бол БНСУ-д эцэг эх хүүхдээ нэр хүндтэй Их сургуульд элсүүлэхийн тулд бага ангиас нь нэмэлт багш авч сургалтад хамруулах болж, олон улсын болон гадаадын байгууллагын хөрөнгө оруулалт бүхий ахлах сургуулийн төлбөр өсчээ. Зарим судлаачид боловсролын өртөг өндөр байгаа нь төрөлтөд нөлөөлдөг гэж үзэж байна (Wataru Suzuki, 2019).

Сургуулийн орчинд нийгмийн ялгарлыг бий болгохгүй, стрессгүй байлгахын тулд Японд хичээлээс гадуурх зөвлөн чиглүүлэх, соёл урлаг, биеийн тамирын болон олон нийтийн үйл ажиллагаанд суралцагсдыг идэвхтэй оролцуулдаг, бага орлоготой гэр бүлээс ирсэн сурагчдад зориулсан хөгжүүлэх нэмэлт хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг нь үр дүнгээ өгдөг байна. 

Азийн өндөр хөгжилтэй орнуудад орон нутагт сайн багш нарыг ажиллуулахын тулд Засгийн газрын зэрэгцээ орон нутгийн Захиргаанаас цалин олгодог. \

Японд Абе Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газраас дээд боловсролын хүрээнд адил тэгш боломжийг хангах зорилгоор орлого багатай гэр бүлээс элсэх, суралцах оюутанд Японы оюутны үйлчилгээний байгууллагаас (JASSO) зээл олгодог болсон. 

Энэ улсад оюутнуудын 51 хувь нь ямар нэг зээл, хөнгөлөлтөд хамрагддаг ажээ (Japan offers free Higher education for low-income families. 2018). Энэ нь боловсролын салбарт тэгш хүртээмжтэй байдлыг тодорхойлох нэг гол хүчин зүйл нь санхүүжүүлэлтийн механизм болохыг харуулж байна.


Боловсролыг адил тэгш эзэмшүүлэх гэдэг ойлголтод боловсрол олгох нийтлэг стандартыг чухалчилдаг. Манай орны хувьд энэхүү нийтлэг шаардлагыг хувь хүний авьяас чадвар, хүсэл тэмүүлэлтэй уялдуулахын хамт дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг төлөвшүүлэх чиглэлээр олон улсын PISA аргачлалыг хэрэгжүүлэхийг чухалчилж байна. PISA үзүүлэлтээр Япон, БНХАУ, БНСУ, Сингапурын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дэлхийд дээгүүр амжилт үзүүлдэг. (Program for International student assessment, PISA 2016). Сингапурт цөөхөн хичээлийг гүнзгий судлуулдаг, нийт суралцагсдад математикийн мэдлэг, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх чадварыг эзэмшүүлэхийг чухалчилдаг учир PISA үзүүлэлтээр дэлхийд онцлог жишиг болж байна.

Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын орчинд Дэлхий нийтээр ерөнхий боловсролын сургуулийн зорилго нь Z болон Alpha үеийнхэнд шинжлэх ухааны мэдлэг, суурь онолыг хэрэглэн, өгөгдлийг өөр өөр нөхцөлд нийцүүлэн боловсруулах чадвар, юм үзэгдлийг олон талаас нь эргэцүүлэн бодож шинэ санаа дэвшүүлэх чадвар, эерэг хандлага, цогц чадамж эзэмшүүлэн төлөвшүүлэхэд чиглэж байна.

Иймээс Монгол орны боловсролын тогтолцоо нь хэв шинж, боловсрол эзэмшүүлэх арга хэлбэрийн хувьд олон хувилбартай байснаар хүн бүрт авьяас сонирхол, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмшүүлэх дэлхийн чиг хандлагыг хэрэгжүүлж чадна.

Хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудад хүүхэд, залуучуудад шинжлэх ухааны мэдлэгийг хэрэглэж инновац хийх чадварыг багаас нь хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх чадвар, технологийн мэдлэг эзэмшүүлэх чиглэлээр ерөнхий боловсролын тогтолцоог өөр өөр хэв загвараар хөгжүүлж байгааг Финлянд, БНСУ, Сингапур, Филиппин, Индонез, Австрали, Энэтхэг, АНУ, Европын холбооны орнуудын жишээнүүдээс харж болно. STEAM боловсролыг чухалчлан математик, байгалийн ухааны мэдлэгийг хүмүүнлэгийн ухаантай холбон амьдралд хэрэглэх чадвар эзэмшүүлэх чиглэлээр инновац хийж, энэхүү үйл ажиллагаанд шинжлэх ухааны байгууллагууд, бизнесийн болон технологийн компаниуд хамтран оролцдог Израйль, Сингапур, Словен, АНУ, ОХУ, Япон, БНХАУ(Хонг Конг), Швед зэрэг орны туршлага ч анхаарал татаж байна.

Манай орны хувьд ч орчин үеийн технологи, боловсролын цахим үйлчилгээ, ухаалаг кампус, дижитал номын сан, сургалтын бүтээлч шилдэг хэв загварыг ашиглан боловсрол эзэмших, эрх тэгш сонголт хийх өргөн боломжтой тогтвортой орчинг бүрдүүлж нийгмийн салбарт инновацыг хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл нь боловсрол болж байна. (Innovating for Education and educating for innovation. OECD. 2016)

2. Дээд боловсрол нь нийгмийн ядуурлыг бууруулах, чинээлэг дундаж давхаргыг өсгөж тогтвортой байдлыг хангахад онцгой үүрэгтэй. Гэвч энэ үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байна гэдэг шүүмжлэл олон оронд нийтлэг байдаг

Хүн амын бүтцийн өөрчлөлт болон хөдөлмөрийн зах зээлийн шинэ хэрэгцээтэй уялдуулан дээд боловсролын эрэлт нийлүүлэлтийн оновчтой харьцааг тодорхойлох нь нийгмийн тогтвортой хөгжлийн бодлогын нэг чухал хэсэг болдог.

Судалгаанаас үзэхэд сүүлийн 30 жилд гар ажиллагаатай болон нэг хэвийн үйл ажиллагаа зонхилсон мэргэжил нь хөдөлмөрийн зах зээлд 30-40 хувийг эзлэх болж хэрэгцээ нь буурсан. (Eileen McGivney. Rebecca Winthrop. Education impact on economic growth and productivity. 2016)

Үйлдвэрлэл, бизнес, үйлчилгээний салбарт автоматжуулалт өргөн нэвтэрснээр 2030 он гэхэд нийт ажлын байрны 30 хувь нь өөрчлөгдөж ажиллагсад нь мэргэжлээ солих хэрэгцээ үүсэхээр байна. Хүний амьдралдаа эзэмшсэн мэдлэг чадварын тал хувь нь 5 жил тутам шинэчлэгдэж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс 30 жилд 5-6 удаа мэргэжлээ дээшлүүлэх шаардлагатай болжээ (Sustainable development goals. WEC 2019. Melbourne). Forbes сэтгүүлд тэмдэглэснээр өнөөдөр эзэмшиж байгаа ур чадварын 1/3 хувь нь ирээдүйд хэрэглэгдэхгүй бөгөөд 2030 онд хэрэг болох ажил мэргэжлийн 80 орчим хувь нь одоо байхгүй байна. Иймээс 2030 оны мэргэжилтнийг шинжлэх ухааны салбар, мэргэжил хоорондын солбилцол дээр бэлтгэх ёстой, үүний суурь нь STEAM болно гэж үзэж байна.

Үйлдвэрлэл, үйлчилгээнд дижитал технологи өргөн нэвтрэхийн хэрээр бакалаврын болон түүнээс дээш өндөр зэрэглэлийн боловсролтой мэргэжилтний хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байна. COVID-ийн дараах үеийн эдийн засгийн төлөвийн судалгаанаас үзэхэд 2030 онд технологи, байгалийн ухаан, эрчим хүчний салбарт инновац хийх чадварлаг мэргэжилтэн болон эрүүл мэндийн ажилтан, менежер, боловсролын өндөр мэргэжлийн ажилтны хэрэгцээ эрс нэмэгдэх төлөвтэй байна. (Shaping a new labour market for the post pandemic economy. The Davos agenda. 2021)

Хүмүүсийн, ялангуяа залуучуудын ажил эрхлэлтийн байдалд өөрчлөлт гарч байна. Дэлхийн орнуудын байдлаас үзэхэд залуучуудын 37 хувь нь хувийн секторт, 30 хувь нь ашгийн бус байгууллагад, 19 хувь нь улсын байгууллагад ажиллаж, мөн 20 орчим хувь нь бие даан бизнес үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эринд нийтийн өмчийн болон хувийн өмчийн секторын зэрэгцээ гурав дахь сектор хүрээгээ тэлж байна. Нийтийн болон хувийн өмчийн, иргэний нийгмийн, ашгийн ба ашгийн бус байгууллага, бүтцүүдийн хамтын ажиллагаанд тулгуурласан энэхүү шинэ сектор нь хөдөлмөрийн зах зээлд хүчтэй нөлөөлөх төлөвтэй болохыг Станфордын их сургуулийн эрдэмтэд онцлон хэлжээ. Хувийн болон энэхүү гурав дахь сектор хамтран үйлдвэрлэл, бизнесийн болон нийгмийн үйлчилгээний хүрээнд шинэ ажлын байр бий болгоход зонхилох үүрэг гүйцэтгэх болно. (The impact of the 4th Industrial revolution on jobs and the future of the third sector. World economic forum. 2016) 


3. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эринд дэлхийн хөгжлийн хандлага болон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тодорхойлсон манай орны эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдтэй нягт уялдуулан дээд боловсролын хөгжлийн бодлого, чиглэл, парадигмд өөрчлөлт хийх шаардлага тавигдаж байна

Дээд боловсролын хүрээнд хүнд эрх чөлөөтэй амьдрах, сонголт хийх өргөн боломж олгох зэрэг уламжлалт ойлголтын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн хөгжлийн бодит шаардлагыг гол чиглэл болгох шинэ либерал хандлага хүчтэй боллоо. Эдийн засгийн энэхүү шинэ либерал хандлага нь нийгмийн тэгш бус байдлыг арилгахад илүү үр нөлөөтэй гэж үзэх судлаачид ч олон байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн шинэ сонгодог онолын хүрээнд судлаачид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн байдал, ДНБ ба ажилгүйдлийн өсөлт, бууралтын холбогдолд дүн шинжилгээ хийж боловсрол, дээд боловсролын үр ашгийг дээшлүүлэх бодлого, загварууд боловсруулж байна.

Дэлхийн орнуудад АҮ-н 4-р хувьсгалын шаардлага, хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн хэрэгцээг харгалзан хүний насан туршийн боловсролын бүх үе шатыг хамарсан Үндэсний мэргэшлийн хүрээг шинэчлэн тодорхойлж байна. Дээд боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрүүд, мэргэжлийн стандартыг ISCED 2011 ангилалд нийцүүлэн олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх шаардлага ч тавигдаж байна. Их сургуулиуд сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагааг технологийн болон хөдөлмөрийн зах зээлийн эрчимтэй өөрчлөлтөд дасан зохицох чадвар эзэмшүүлэх чиглэлээр шинэлэг хэв загваруудаар хэрэгжүүлэх болов. (World economic forum. COVID action platform. 2020)


Ирээдүйн ажлын байрны хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд сургалт, судалгааны үйл ажиллагаа нь зөвхөн их сургуулийн орчинд төвлөрдөг байдлыг өөрчилж дээд боловсролын сургалтын тогтолцоо, зохион байгуулалтад шинэчлэл хийж байна.

 

Дээд боловсролын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрүүдийг модульчилан нано сургалтын хэв загварыг нэвтрүүлж хэрэглэгч өөрийн хэрэгцээ сонирхол, ажлын байрны шаардлагад нийцүүлэн цаг хугацаа, орон байршлаас үл хамааран сурах боломжийг хангах боллоо.

Блокчейн технологи нь Их сургууль, эрдэмтэн багш нар, суралцагсад, судалгааны байгууллага, ном, мэдээллийн үйлчилгээ, бизнесийн болон үйлдвэрлэлийн байгууллага, ажил олгогч зэрэг дээд боловсролын өнөөгийн үйл ажиллагаанд оролцох болон маргаашийн үр дүн, бүтээгдэхүүнийг хэрэглэх талуудын хамтын ажиллагааны шинэ орчинг бүрдүүлж байна. Энэ орчинд “дээрээс доош” чиглэсэн удирдлагын тогтолцоо өөрчлөгдөж хамтран ажиллах горизонталь тогтолцоог чухалчлах болов.

Дээд боловсрол, шинжлэх ухааны хүрээнд эрэлт нийлүүлэлтийн ухаалаг хэв загвар хэрэгжиж Их сургуулиуд өөрийн үйл ажиллагаагаар нийгмийн амьдралд инновац хийх хүрээ өргөжиж байна. Эрэлт нийлүүлэлтийн сүлжээний үр ашигтай загварыг нэвтрүүлэн АНУ-ын зарим их сургууль магистрын зэргийн хөтөлбөрийнхөө кредитийн 15-25 хувийг цахим хэлбэрээр судлуулж гадаадаас суралцагчдыг хамруулах болов. Хөгжиж байгаа орнуудад Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын дижитал кампусыг байгуулан 2+2 зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Зарим тэргүүлэх их сургуулиудад 4.0 үеийн бизнесийн удирдлагын бакалаврын зэргийн хөтөлбөрийг орчин үеийн спортын гурван төрөлттэй зүйрлэн тодорхойлж бизнес, технологийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд дасан зохицох, мэргэжил хоорондын солбилцол дээр ажиллах хөрвөх чадварыг хангах үр нөлөөтэй загварыг хэрэгжүүлэх боллоо.

Их сургуулиудад сургалтын, ялангуяа судалгаа инновацын үйл ажиллагааг старт-ап компани, бизнес инкубатор, инновацын төв дээр зохион байгуулж үйл ажиллагааны тодорхой чиглэлүүдийг үйлдвэрлэл, бизнесийн байгууллагуудтай хамтран төрөлжүүлэн төвлөрлийг сааруулах болов. Бизнес, үйлдвэрлэлийн болон судалгааны байгууллага дээр тодорхой чиглэлээр оюутан, магистрант, докторантуудын дадлагыг хийлгэн тэдэнд цалин, тэтгэлэг олгодог орлогыг хуваах загвар, оюутны судалгаа боловсруулалтын болон энтрепренеир төслүүд гэх мэт идэвхтэй хэлбэрүүдээр суралцагсдын хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг хөгжингүй орнуудын туршлага ч анхаарал татаж байна.

Энэ нь сургалтын зохион байгуулалт, боловсролын зэрэг олгох хугацааг зөвхөн тэнхимийн сургалтаар хязгаарладаг хэв загварыг өөрчилж, цахим сургалтаар эзэмшсэн мэргэжлийн онолын мэдлэг, чадвар, кредитийг танхимын сургалтын адил дүйцүүлж тооцох, чадамжид суурилсан хөтөлбөрийг гол болгох, дээд боловсролын бакалаврын зэргийг эзэмших хугацааг багасгаж, улмаар 4 жилд хос мэргэжил эзэмших боломж олгох давуу талтай юм.

Танхимын болон цахим сургалтыг хослуулах нь Их сургууль, коллежид сургалтын төлбөрийн өөрчлөлтийг инфляцын түвшинд барих, өсгөхгүй байх, дээд боловсролын хүртээмжийг сайжруулах боломж ч бүрдүүлнэ.

Иймд олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хөгжингүй орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэн, цахим сургалтын орчинг бүрдүүлж хөдөлмөрийн зах зээлийн хэтийн төлөвийг харгалзан Монголын дээд боловсролын стандарт, мэргэжлийн ангиллыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх шаардлага ч тавигдаж байна.


4. Хөдөлмөр зарцуулалт, байгалийн болон бусад материаллаг нөөцөд суурилсан үйлдвэрлэлээс мэдлэгийн багтаамж ихтэй, үнэлэмж нэмсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шатанд шилжихэд шинжлэх ухаан, дээд боловсрол, бизнесийн хамтын ажиллагааг үндэсний төдийгүй олон улсын хүрээнд өргөжүүлэх нь хөгжлийн бодит хэрэгцээ болж байна

Даяаршлын эринд том хотуудад үйлдвэрлэл, бизнес, логистикын олон улсын сүлжээ хөгжиж, эдийн засгийн болон нийгмийн үнэт зүйлс, үнэлэмжийг тодорхойлох болсон. Шинээр дагуул хотууд хөгжиж, боловсрол, шинжлэх ухааны төвлөрлийг үүсгэн Их сургууль нь эдийн засгийн кластер бүс нутгуудад бизнесийн байгууллагуудтай хамтран инновацын старт-ап компаниуд байгуулж байна. Ийм дагуул хотууд дахь Их сургууль, технологи, инновацын орчин нь орон нутгийн, авьяаслаг залууст сурч ажиллах шинэ боломж олгож, хүн амын шилжилт хөдөлгөөнд өөрчлөлт орж, нийгмийн тэгш бус байдлыг арилгахад хүчтэй нөлөөлөх болсон.


Үүнтэй холбогдуулан дурдахад манай Засгийн газраас эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, Улаанбаатарын дагуул хотууд байгуулах талаар дэвшүүлж байгаа зорилт, санаачилгатай нягт уялдуулж дээд боловсролын болон судалгаа, инновацын байгууллагуудын төлөвлөлт, үйл ажиллагааг зохион байгуулах нь ирээдүйтэй юм.

 

Судалгааны их сургуулийн өвөрмөц хэв загвар бол Японы судалгааны тэргүүлэх нийтийн өмчийн болон хувийн 11 их сургуулийн хамтран 2016 онд байгуулсан консорциум юм. Дээд боловсролын хүрээнд, ялангуяа судалгааны их сургуулиудад (Benington J. Moore M. Public value. Theory and practice. London. New York. 2011) шинэ нийтийн менежментийн үзэл баримтлалын хүрээнд сүлжээний удирдлагын хэв загварыг хамтын удирдлагын хэв шинжтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх хандлага хүчтэй боллоо. Их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн болон үйлдвэрлэл, технологийн байгууллагын хамтын корпоратив бүтцүүд ч өргөжиж байна.

Дээд боловсролын хүрээнд сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагааг үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын адил цаг улирал, орон зайнаас үл хамаарах тасралтгүй эрчимтэй үйл ажиллагааны горимд оруулах, эрдэмтэн багш нарын судалгааны ажил эрхлэх хөдөлмөр зохион байгуулалтын уян хатан орчинг бүрдүүлэх шаардлага хөгжлийн жам ёсоор тавигдах боллоо.

Энэхүү шинэ цаг үеийн шаардлагыг тусган дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь манай орны хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой байна.


Б.Чулуундорж (Хүмүүнлэгийн ухааны их сургууль)


 

Холбоотой сэдвүүд

боловсрол боловсролын чанар