Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг өчигдөр буюу 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүллээ. 

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх зааврыг БСШУС-ын сайдын А/220 тоот тушаалын хавсралтаар баталж, нийслэл, дүүрэг орон нутгийн боловсролын байгууллагуудад хүргүүлсэн. Мөн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж”-ийг баримтлан ажиллахыг дээрх тушаалаар үүрэг болгосон. 

Энэ дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан зөвлөмжийг баримтлан багш сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчин нөхцөл бүрдүүлж, тогтоосон дэглэмийг баримтлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Энэ хичээлийн жилд нийт 28567 хүүхэд 12 дугаар ангид суралцаж байна. Өмнөх жилийн төгсөгчдийн хүсэлтийг оролцуулан 32 мянган хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлжээ.

Зургуудыг БСШУСЯ-ны цахим хуудаснаас