Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэнгээс элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж буй төгсөх ангийн сурагчдад зориулан сэтгэл зүйн зөвлөгөөг бэлтгэлээ.

ЭЕШ-ын хугацаа хойшилсон нь асуудал уу, боломж уу?

Саяхан ЭЕШ-ыг сар гаруй хугацаагаар хойшлуулах шийдвэр гарсан. Нэгэнт шалгалтаа бэлдсэн, цаг нь тулсан үед хойшилсон нь сурагчдад нэлээд хүндээр туссан. 

Цар тахлын нөхцөл байдлаас болж танхимаар хичээл орохгүй байгаа нь сурагчдын сэтгэл зүйд бүр ч илүү нөлөөлсөн. Гэвч энэхүү шийдвэрт бухимдаж, стрессдэхийн оронд дахиад нэг сар илүү сайн бэлдье гэж өөдрөгөөр харах гээд үзээрэй. 

ЭЕШ дөхөх тусам өөртөө итгэлгүй болж, сайн бэлдсэн болов уу, муу үр дүн гаргах вий гэсэн айдас ихэнх сурагчдыг сэтгэл зүйн тогтворгүй байдалд оруулдаг. Зөвхөн энэ жил ч гэлтгүй ахлах ангиа төгсөж буй хүүхэд бүр л ийм байсан.  

Яагаад гэвэл бид бүгд амьдралынхаа нэгэн шинэ бүлгийг эхлүүлэх гэж байгаа учраас тэр шүү дээ. Тиймээс та бүхэн ЭЕШ-ыг "эцсийн боломж" гэж хүндээр хүлээж авах хэрэггүй. Өөрийгөө хайрлахаа битгий мартаарай. Сэтгэл зүйгээ аль болох тогтвортой байлгаж, удирдахыг хичээгээрэй.  


Бичлэг үзэх:


Сэтгэл зүйн тогтвортой байдал гэж юу вэ?

Сэтгэл зүйн тогтвортой байдал гэдэг нь сэтгэл санаа тавшгүй үед, нөхцөл байдал өөрчлөгдөхөд оюун ухаанаа зөв удирдан залах оновчтой чадвар юм. Энэхүү чадварыг хүн удамшлын өгөгдөл биш. Харин хувь хүний хүмүүжил, төлөвшилтэй хамт хөгждөг зүйл.


Сэтгэл зүйн тогтвортой байдлаа хэрхэн хадгалах вэ?

Аудио сонсох:



# Сайн унтаж амрах 

Тархи, биеийн үйл ажиллагааг дэмжиж, сэтгэл санааг тайван байлгах хамгийн чухал зүйлсийн нэг бол нойр юм. Зарим нь шөнийн цагаар, удаан хугацаагаар сууж хичээл хийвэл илүү үр бүтээмжтэй гэж эндүүрдэг. Гэвч хүн 22 цагаас өглөөний 4 цагийн хооронд заавал унтаж амрах байгалийн өгөгдөлтэй. Энэ хугацаанд гүн нойрсож чадвал сульдсан эрч хүчээ нөхдөг. Тиймээс байгалийн цагт захирагдаж, унтаж амрах тогтсон хэвшилтэй болоорой.


# Хичээл хийх явцдаа завсарлага авч амрах нь чухал 

Шалгалтандаа бэлдэж, шаргуу хичээллэн олон цагаар суух нь чухал. Гэсэн хэдий ч хичээлээ тодорхой цагт хийж дуусаад бага зэрэг өөртөө амрах боломж олгоорой. Тухайлбал дуртай зүйлээ хийж, гадуур алхаж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад үз. Эсвэл хийж байгаа зүйлээ хэсэг хойш тавиад өөртөө цаг зарцуулаарай.Орчноо солих нь тархинд бодлоо өөрчлөх нэгэн дохио болдог. Өөрийн эргэн тойронд байгаа эерэг зүйлсийг анхаарахад тань илүү туслах болно. Эдгээр  багахан хугацааны амралт давтлагын үр дүнг илүү нэмэгдүүлнэ.


#Амьсгалын дасгал хийж тайвшрах арга  

Шалгалт дөхөх тусам шаналж, сэтгэл санаа тавгүйрэх нь бий. Энэ үед аль болох эерэг бодит бодолдоо төвлөрч, өөртөө урам өгөөрэй. Таагүй зүйл мэдэрсэн үедээ хамгийн хурдан хийж болох арга бол амьсгалын дасгал юм шүү. 


 

Эцэг эхчүүд хүүхдэдээ хувийн орон зайг нь олго 

Төгсөх ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдтэйгээ л ижил шаналж, санаа зовнидог. Гэвч яг яаж туслахаа тийм ч сайн мэддэггүй. Үнэхээр юу хийхээ мэдэхгүй байгаа бол хүүхдэдээ өөрөө өөрийгөө бэлдэж, биеэ даан ажиллах хугацааг өгөх хэрэгтэй. 

Зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хэт их хичээлээр дарж, амжилт гаргахыг шаарддаг. Энэ нь хүүхдэдээ санаа зовж байгаа үйлдэл боловч сөрөг үр дагавартай. Тиймээс хичээлээ сайн хий гэж дарамтлахаас илүү миний хүү, охин юуг нь хийж чадаж байна, санаа зовж байгаа асуудлынх нь талаар ярилцах хэрэгтэй. 

Эцэг эхчүүд ихэнхдээ "Орой болж байна одоо унт" гэх юм уу эсвэл "Утас оролдож байхаар нэг ч болтугай юм уншаач", "Чи яг шалгалтдаа бэлдэж байна уу" гэж шалгаадаг. Энэ нь аль хэдийн стрессчихсэн хүүхдийг илүү бухимдаж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болоход нөлөөлдөг.


Хүүхдэдээ хэлвэл зохих урмын үгс:

-Чамайг шалгалтаа сайн өгч чадна гэдгийг мэдэж байна. 

-Чи боломжиндоо тааруулаад өөрийнхөө хувьд хамгийн сайнаараа шалгалтандаа бэлдээрэй. 

-Үр дүн ямар ч байсан бид чамайг дэмжинэ.  

гэх мэтээр дэмжвэл хүүхэд тань шалгалтаас үүдсэн  стресс бухимдлаа даван туулж чадна.


Ташрамд дурдахад БШУЯ-ны санаачилгаар БОАЖЯ, ШХА-ын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслөөс дэмжин санхүүжүүлж, “Ковид-19” халдварт цар тахлын үед ЕБС-ийн төгсөгчдөд шалгалтын өмнөх стрессээ даван туулах, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн сэтгэл зүйчид Боловсролын үнэлгээний төвийн чатботоор өнгөрсөн нэг сарын хугацаанд зөвлөгөө өгчээ. 

Мэргэжлийн  байгууллагын сэтгэл зүйчид сурагчдад чатаар болон утсаар холбогдсон байна. Хөл хориотой холбоотойгоор сурагчид үе тэнгийхэнтэйгээ ярилцах, ойлголцох хэрэгцээ дутагдаж, ганцаардсан байдал илт ажиглагджээ. Тухайлбал зөвлөгөө хүсэж, утсаар холбогдсон хүүхэдтэй хамгийн уртдаа 4 цаг 30 минут орчим харилцсан ярилцсаны эцэст тайвшруулжээ.