Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүчний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч 186 хуулийн этгээдийн 10 төрлийн 368 тусгай зөвшөөрлийн зохицуулалт, үнэ тариф тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. 

Эдгээр хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг жил бүр дүгнэж, “Хангалтгүй” биелүүлсэн компаниудад хугацаатай үүрэг даалгавар өгөх, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг арга хэмжээний хүрээнд дулаан түгээх, хангах 6 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. 

Мөн хүсэлтээр нь дөрвөн компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 2023 онд 98.8 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай 184 орон сууцны дулаан түгээх, хангах үйл ажиллагааг ОСНААУГ-т шилжүүлсэн байна. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд хувийн хэвшлийн 59 компани, “УБДС” ТӨХК, ОСНААУГ, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нийт 62 хуулийн этгээд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж буй юм байна. 

Нийт хэрэглэгчдийн 37 хувийг ОСНААУГ, 45 хувийг дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийн компаниуд, 18 хувийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН дулааны эрчим хүчээр ханган ажилладаг байна.      

ЭХЗХ-ноос Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамж, ус хангамжийн үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажил үйлчилгээг сайжруулах, сүүлийн үед гарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төрийн байгууллагууд хамтран тодорхойлох, санал солилцох зорилгоор уулзалт зохион байгуулав. 

Уулзалтад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд оролцож, харилцан санал солилцсон юм. 

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахгүй байгаа хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгахаас татгалзах, хүчингүй болгох асуудлыг тусгай зөвшөөрөл олгогч байгууллагууд хуулийн хүрээнд хамтран шийдвэрлэх, шинээр баригдаж буй нийтийн зориулалттай барилга байгууламжийн айл өрх бүрд дулааны тоолуур, усны ухаалаг тоолуур суурилуулсан байхаар зураг төсөлд тусгуулах, техникийн нөхцөлд тусгайлан заах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, аливаа барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа дулаан түгээх, хангах, ашиглалтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд шилжүүлж байх зэрэг хэд хэдэн чухал асуудлыг багтаасан зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах замаар цогцоор шийдвэрлэх нь зүйтэй гэж талууд үзсэн байна.

"ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДУЛААНЫ ХАНГАМЖИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ БАЙХАД УСНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООН ДЭЭР 
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ҮЛДЧИХДЭГ"

Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагч Э.ТҮВШИНЧУЛУУН: 

-Улаанбаатар хотод барилгажилт маш хурдацтай явагдаж байна. Гол магистраль шугамаас салаалсан шугамыг хэд хэдэн орон сууцны байрууд авдаг. Энэ дунд нийтийн эзэмшил гэсэн нэр томъёо гарч ирдэг. Тэр салаа шугамууд бас хариуцах эзэнгүй болоод байна. Үүнийг эрчим хүчний хуультай уялдуулах юм. Салаа шугамыг эзэнтэй болгохгүй бол доголдол гараад байна. 

Айл өрхийн цахилгаан, дулааны үнийг нэмэх асуудлыг судалгаа хийгээд дуусах шатандаа орсон. Ер нь бол нэмэх зайлшгүй шаардлагатай. Дулаан хангамжийн үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрлийг эрчим хүчний зохицуулах хороо олгодог. Одоогийн байдлаар зарим хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ хангалтгүй үзүүлсэн 6 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод байна. 

Зохицуулах хороо дулаан хангамжийнхаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байхад усны зохицуулах хороон дээр тусгай зөвшөөрөл нь үлдчихдэг асуудал гарч байна. Үүнийг л хэрхэн шийдэх вэ гэдэг талаас нь төрийн байгууллагууд хоорондоо ярилцаж байна.

"ХОЁР ХОРОО ХЭРЭГЛЭГЧДИЙГ ТАСРАЛТГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ХАНГАХ АСУУДАЛ ДЭЭР 
УЯЛДААТАЙ АЖИЛЛАХАД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ"

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөл хэрэглэгчийн газрын дарга Г.НАРАНТУЯА:

-Манай байгууллага орон сууцны конторуудад цэвэр бохир үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог, үнэ тарифыг тогтоох, хэрэглэлтэд нь хяналт тавьж ажилладаг. Улаанбаатар хотод нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламж, оршин суугчид, гэр хорооллын иргэдэд ус түгээх, усаар үйлчлүүлж байгаа нийт хэрэглэгчдэд манай байгууллага үйлчилгээ үзүүлж, зохицуулалт хийж ажилладаг. 

Нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал бол орон сууцны оршин суугчдад ус хангамжийн үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалттай хүргэх юм. Энэ асуудлын хүрээнд бид эрчим хүчний зохицуулах хороотой хамтарсан ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтаар бид Улаанбаатар хотын хэмжээнд цэвэр, бохир болон дулаан хангамж зэрэг хэрэглээний халуун усны хангамжийн үйлчилгээг шийдэхэд хэрхэн хамтарч ажиллах, цаашдаа өөр хоорондоо хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдгийг хэлэлцэж байна. 

Шинээр баригдаж байгаа орон сууцны хувьд үйлчилгээ, байнгын ашиглалтад шилжихдээ заавал орон сууцны контор юм уу, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаас үйлчилгээ авах ёстой байдаг. Дулаан хангамж, хэрэглээний халуун ус талаас нь Эрчим хүчний зохицуулах хороо, цэвэр бохир усны ашиглалттай холбоотой зохицуулалтыг Усны үйлчилгээ зохицуулах хороо тус тус хууль эрхзүйн талаас нь зохицуулалт хийх юм.  

Хоёр хорооны хувьд орон сууцны оршин суугчдад ус хангамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хэрэглэгчдэд нэг зохицуулалтаар, хэрэглэгчдийг тасралтгүй үйлчилгээгээр хангах асуудал дээр уялдаатай ажиллахад анхаарах хэрэгтэй байна.

НИЙСЛЭЛЭЭС АЖЛЫН ХЭСЭГ ГАРЧ, СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын захирагчийн албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.БАЛДАНДОРЖ:

-Нийслэлд өдөр болгон иргэдээс өөрт тулгамдаж байгаа асуудлууд ирдэг. Үүнд эрхзүйн хүрээнд шийдвэрлэх боломжгүй асуудлууд бас байна. Тухайлбал, СӨХ-ны болон конторын үйл ажиллагааны талаар нийслэлийн Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй байдаг. Яагаад гэвэл хууль эрхзүйн зохицуулалт нь тийм байдаг. 2021 онд Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль гарсан. Одоо нийслэлээс ажлын хэсэг гарч, СӨХ-ны тухай хуулийн төслийг боловсруулаад явж байна.

Оршин суугчид СӨХ-ны хуралд цаг зав гаргадаггүй хэр нь асуудал гарахаар бухимдаад, СӨХ-гоо татан буулгачих аа гэдэг. Гэтэл тэрийг нь шийдчихээр газар байдаггүй. Бид зохицуулалт хийнэ гэхээр зөрчил гаргаж байгаа газрыг тодорхой хэмжээнд хүчингүй болгодог. Контор бас яг адилхан. Жишээ нь, халуун усгүй байна гэхэд 60, 70 гаруй контор үйл ажиллагаа явуулж байгаагаас тусгай зөвшөөрлүүд нь бүгд өөр өөр. 

Зэрэгцээ байрнууд мөртлөө өөр өөр ашиглагчтай. Ингээд дундын шугаман дээр маргаан үүсдэг. Буцаад иргэд ус суваг янзлахгүй байна гэдэг буруу ойлголт авдаг. Санхүүжилтийг хэн авч байна, конторууд авч байна. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааг нь хэн хийх ёстой вэ гэхээр контор болон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд хийх ёстой. Сая үер ус болоход насос бариад подвалын ус соруулахаар ороход ямар ч бэлтгэлгүй байх жишээтэй. Удирдлагууд нь байдаггүй. Ийм нөхцөлүүд зөндөө таарч байна.

Тэгэхээр энэхүү уулзалтын зорилго нь салбарын уялдааг тодорхой болгох, механизмаа зөв болгоход оршиж байна. Цаашдаа энэ асуудлыг орон нутаг нь ямар нэгэн байдлаар шийдвэрлэх зохицуулалттай болгох хэрэгтэй. Дээр нь ус суваг, дулаантай холбоотой ажлыг контороор нь хийлгүүлж, бидний хийх ёстой ажлыг хийлгэх хэрэгтэй.. Ялангуяа дундын өмчлөлийн асуудал гэдэг бол эзэн биегүй болчихсон хэр нь маш олон хэрэглэгчтэй. Иргэд бухимдаад ирэхээр тэр хариуцлагыг төр хүлээж таардаг гэх мэт асуудлуудыг зөв тогтолцоонд нь оруулах хэрэгтэй байх.

"100 ЛИТР УС НЭГ ШИРХЭГ ЯНЖУУРААС Ч ХЯМДХАН БАЙНА"

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ерөнхий инженер Ж.ПҮРЭВЖАМЦ:

-Төрөөс үнэ тарифыг барьдаг учраас үнэ нэмж болдоггүй. Гэтэл нэг ширхэг янжуураас 100 л ус хямдхан байна. Тариф бага, дээр нь зарим оршин суугчид мөнгөө төлөхгүй. Орлого багатай сарууд бас бий. Ялангуяа зуны гурван сард ихэнх айлууд зуслан руугаа гараад явчихдаг. Тоолуурын заалтаа өгнө, өгөхгүй гэсэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлууд бас их гардаг. 

Иргэд маань нийтийн зориулалттай орон сууцны байранд амьдарч байгаагаа ухамсарладаггүй. Цахилгааныхаа мөнгөө төлөхгүй бол тог тасалчихдаг учраас төлөх хэрэгтэй гэж боддог. Харин ус, дулаанаа төлөхгүй байна. Усыг хаана гэхгүй учраас иргэд төлөхгүй сунжирч, өр авлага үүсдэг. Иймээс иргэдэд хөшүүрэг болох үүднээс зээлийн мэдээллийн сан бий болгож байгаа юм.