Манай улс "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн дагуу хепатитын В, С вирусийн эрт илрүүлэгт 15-аас дээш насны 2.2 сая хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Одоогоор зорилтот хүн амын 50% (1,099,859) нь илрүүлэг шинжилгээнд хамрагджээ. 

Үзлэгт хамрагдсан 1,099,859 хүнээс 89,734 (8.1%) иргэн хепатитын В вирусийн архаг халдвартай гарсан байна. Харин хепатитын В вирусийн дарангуйлах эмийн эмчилгээнд 2018-2021 онуудад нийт 5.8 тэрбум төгрөг зарцуулж 12,534 хүнд эм олгосон. Өөрөөр хэлбэл, халдвартай хүмүүсийн 13.9% нь эмийн эмчилгээнд хамрагдаж байна гэсэн үг.

Image caption

Мөн судалгаагаар манай улсад хепатитын В вирусийн халдвартай хүмүүсийн 60% нь  Д вирусийн хавсарсан халдвартай байгааг тогтоосон байдаг. Иймээс одоо оношлогдоод байгаа 89,734 хүнийг хепатитын Д вирусийн оношлогоонд хамруулах зохих эмчилгээ, хяналтанд шилжүүлэх шаардлагатай байгаа юм.

Ингээд тооцоход манай улсад В, Д вирусын давхар халдвартай 150 мянган хүн байна гэж үзэж болно.

Гэтэл энэ хүмүүсийг эмчлэх эм тариа алга байна. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө элэгний Д вирусийн халдвартай иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэнэ гэж тов тодорхой оруулсан ч одоогоор нэг ч хүнийг эмчилж чадаагүй, сонгуулийн жилтэй тулж байна.

Уг нь энэ жил Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сайдаар ахлуулсан баг АНУ-ын Гилеад Сайнсес болон Айгер Биофармасютикалс корпорацийн удирдлагуудтай уулзах боломжийг Оном сангаас бүрдүүлсэн ч энэ уулзалтад манай талаас очоогүй.

“Энэ тарианы 30 ширхэг нь 2500 долларын үнэтэй ч чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн. Хэрэв очоод уулзсан бол эмийн үнийг 300 дахин буулгах боломжтой байсан. Гэтэл Засгийн газар өнөөдөр ОХУ-аас чанарын баталгаагүй, тариаг 5,3 сая төгрөгөөр оруулж ирэхээр төлөвлөж байна” гэж Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар онцоллоо. 

Элэгний хорт хавдраар Монгол Улсад өдөрт дунджаар 5 хүн нас бардаг . Мөн элэг шилжүүлэн суулгаж байгаа хүмүүсийн 70% нь элэгний В, Д вирусийн халдвараас болдог байна.

Элэгний хорт хавдрын шалтгаант нас баралт, 10000 хүнд, хүйсээр, 2009-2020 он

Ингээд зогсохгүй Монгол Улс 100 мянган хүн тутамд оногдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийн дунджаас 10 дахин их хэвээр байна. Элэгний хорт хавдрын 80% нь хавдрын гурав эсвэл дөрөвдүгээр шатанд оношлогдож хавдрын тохиолдлын 70%–80% жилийн дотор нас барж байна.

Ийм аюул дунд 150 мянган хүн ямар нэг эмчилгээгүй, эм тариагаа хүлээсэн байдалтай өдөр хоногийг өнгөрөөж буйг эмч, мэргэжилтнүүд хэллээ.