М.Алтанхүү: Элгээр өвдсөн болгон амь насаа алддаггүй, гэхдээ тайвшрах өвчин биш

Монголын вирус судлалын нийгэмлэгийн дэд тэргүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор Мөрдоржийн Алтанхүүтэй ярилцлаа. Тэрбээр 30 гаруй жил ажиллаж буй элэгний чиглэлээр гаршсан эрдэмтдийн нэг юм. 

-Ер нь элэг өвчилнө гэдэг яахыг хэлж байгаа юм бол?

-Элэг өөрөө зүрх шиг дэлсч, ходоод шиг хатгаад байдаггүй. Ерөнхийдөө өвддөггүй эрхтэн. Үрэвсээд томроод ирэхээр элэгний гадна талын бүрхүүл нь дараад дуншиж өвддөг. Элэгний эсүүд үрэвссэнээс элэг томорч, яваандаа эдүүд нь сорвижоод, хатуурал болвол судас, цөснийхөө сувгийг дардаг. Үүнээс болоод цөс нь элгэнд ороод хүний нүүр царай шарлачихдаг.  Бүр их үрэвсэхээр элэг сорвижож артер венийн судсуудаа дарж хүндрэл өгч эхэлдэг.

-Элэг ямар үүрэгтэй эрхтэн вэ, энгийнээр тайлбарлавал?

-Бүх цус заавал элгээр дамждаг, хорыг нь шүүдэг гэсэн үг.  Бас элэг хүний биед хэрэгцээтэй уураг, витамин үйлдвэрлэж, бүх цусыг цэвэрлэж байдаг бүхэл бүтэн нэг биохимийн лаборатори юм.  

-Элэг хөндүүрлэдэггүй учраас хүмүүс хүндэрсэн хойно нь хандаад байна уу эсвэл?

-Элэг өвдөж хөндүүрлэдэггүй ч шалтгаангүй ядрах зэргээр өвдөж байна гэсэн дохиог эзэндээ өгч л байдаг.  Бүр хүндрээд ирвэл янз бүрийн шинж тэмдэгүүд илэрнэ. Архагшвал турж, бие дээгүүр улаан тууралт гарах зэргээр шинж тэмдэг илэрнэ . Хүнд шатандаа бол хэвлий устаж эхэлдэг.

-Элэг сэтгэл санаа хэр өөрчлөлт хэр өгдөг вэ?

-Монголчууд сэтгэл  санааны өөрчлөлтөө элэгтэй холбож ярьдаг нь учиртай гэж боддог. Элгээ бэтгэртэл саналаа, элгээ хөштөл инээлээ, элгэмсүү сэтгэлтэй, элэг зүрхнээс уяатай гээд дуу хүртэл бий. Би үүний учир холбогдлыг гайхаж, сонирхож явдаг. Хэвлэл номоос бол энэ талаар уншиж үзээгүй. Үүнийг барууны шинжлэх ухаан гэхээсээ илүүтэй дорно дахины талаас элгэнд сэтгэл зүйн нөлөө байгаа эсэхийг судлаж үзэх л хэрэгтэй. 

ЭЛЭГ БӨӨРНИЙ ВИРУС ГЭЖ ТУС ТУСДАА БАЙДАГГҮЙ


-Вирусээс өөр юу элгийг гэмтээж өвчлүүлэх вэ?

-Манай иргэд элэгний вирус гээд заншчихсан болохоос шинжлэх ухааны хэллэгээр гепатитийн вирус гэж нэрлэдэг. Түүнээс биш элэг, бөөрний вирус гэж тус тусдаа байдаг юм биш. Тэгээд гепатитын С, В вирус нь элгээс гадна ямар нэг хэмжээгээр тунгалагийн булчирхай, өөр эд эрхтэнг ч өвчлүүлдэг. Мөн олон удаа ашигласан тос, транс тосноос татгалзах хэрэгтэй. 

Монголчуудын элэг өвчлөхөд архи маш хүчтэй нөлөөлж байна. Тэр битгий хэл зөвхөн архинаас болдог гепатит, элэгний хатуурал гэж бий. 

-Парацетамол элгийг хордуулдаг гэж ярьдаг. Үнэн үү?

-Зөвхөн парацетемол ч биш бүх эм хор, тааруулж заавраар нь хэрэглэвэл эм.Тун хэмжээг тохируулж, эмчийн заавраар хэрэглэж сурах ёстой. Эмийг гаргахдаа ямар өвчтөн дээр яаж хэрэглэх тал дээр шат дараалласан судалгаа хийдэг. Элэгний үйл ажиллагаа хэвийн бус хүмүүст зориулаад эмийн заавар болгон дээр биччихсэн байгаа шүү дээ.  

-Бас уламжлалт хоол хорхог сайнгүй гэдэг?

-Хүн хүний онцлогоос болно. Ерөнхийдөө хорхог тийм ч  сайн хоол биш. Зарим хүмүүс хор хог гэж тайлбарлаад байгаа нь ч учиртай. Хорхогийг боловсруулахад элэгнээс гадна нойр булчирхайгаас олон төрлийн фермент шаарддаг. Ялангуяа элгээр өвдсөн бол аль болох татгалзахыг зөвлөнө. Тухайн үедээ нөлөөлөхгүй ч яваандаа ужигруулах хоруу чанартай. 

УГ НЬ ЭЛЭГ МАШ АМАРХАН ТӨЛЖДӨГ ЭРХТЭН ШҮҮ ДЭЭ 

-Манайхны дунд элэгний өвчнийг эдгэхгүй өвчин шиг л ойлгодог?

-Ингэж ойлгож болохгүй. Вирусын эмчилгээ хязгаарлагдмал байсан учраас тийм яриа ойлголт тарсан. Зарим нь өөрөө аяндаа эдгэрнэ. Гепатитын халдвар болгон өөр өөр. Өвдсөн болгон амь насаа алдаад байдаг өвчин биш. Гэхдээ тийм тайвшрах өвчин бас биш. 

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр   В, С вирустэй бол архагшаад элэгний хатуурал цаашлаад хавдар болчихно гэж мэдээллэдэг. Үүний цаана хүмүүст сэрэмжлүүлэх зорилго ч байгаа байх. Уг нь элэг маш амархан төлждөг эрхтэн шүү дээ. Бид нар өөрсдөө л энэ эрхтэндээ дэндүү хайр гамгүй хандаад байгаа юм.

Шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан яг үнэнийг л хүмүүст хэлье.Тухайлбал А,Е хепатит архагшидаггүй. С хепатитын хувьд 70-80 хувь нь архагшиж 20-30 хувь хорь орчим жилийн дараа хатуурал болох эрсдэлтэй. В вирусын хувьд насны бүлэг ялгаатай байх жишээний. Насанд хүрсэн хүнд тусвал 2-10 хувь, нярай бага насандаа халдвар авбал 80-90 хувь нь архагших хандлагатай. Эдгээрээс тодорхой хувь нь л элэгний хавдар болох эрсдэлтэй. Аль нь архагшиж, ямар нь эдгэрэхийг урьдчилан хэлэх бараг боломжгүй. Иймд гепатитын халдвар авахгүй л байхыг хичээх хэрэгтэй.

ОРЧИН ҮЕД ХАЛДВАР АВЧ БАЙГАА ТҮГЭЭМЭЛ ШАЛТГААНЫ НЭГ НЬ ШИВЭЭС

-Монголд аль төрлийн вирусын өвчлөл түгээмэл байдаг вэ?

-Манайд А, B, C, D гэсэн хэлбэрүүд нь түгээмэл байна. Орчин үеийн халдвар авч байгаа түгээмэл шалтгааны нэг нь шивээс.

 Халдвартай хүнд хийсэн шивээсний хэрэгсэлээ ариутгахгүйгээр дараагийн хүний арьсанд хэрэглэхэд шууд халддаг.  Мөн бэлгийн замаар халдаж байна. Эдгээр халдвар амаар, хоол боловсруулах замаар авсан халдвараас илүү урхагтай.

 D буюу дельта вирусээр зөвхөн В халдвартай хүн л өвчилдөг. Үүнийг бүрэн бус гаж вирус ч гэж гэдэг.

Вирус гэж сонин организм. Онцлог нь бусад амьд амьтны эстэй адилхан үрждэггүй. Вирус бол амьд амьтны эс дотор ороод эсээс зарим хэрэгтэй зүйлээ авч байж үрждэг.  Эсийг молекулын түвшинд эмгэгшүүлдэг учраас эмчлэх гэхээр элэгний үндсэн эсийг устггачих гээд байдаг. Вирусын эмчилгээ хэцүү гэдэг нь ийм учиртай.

Эсүүдэд РНХ, ДНХ гэж хоёр зүйл бий. Харин вируст ганц л байдаг. Нэгийг халдварласан хүний эсээс авдагаараа онцлог. Ингэж эсийн дотор орчихдог учраас эмчлэхэд маш хэцүү. Бас нэг онцлог нь бактериас жижигхэн. Бүр нанометрээр ярьдаг. 

ВИРУС ЗӨВХӨН ХҮНИЙГ БИШ УРГАМАЛ АМЬТАНГ Ч ӨВЧЛҮҮЛЭХ ЧАДВАРТАЙ 

-Анх энэ вирусыг яаж тодорхойлсон байдаг юм бол?

-Хүнтөрөлхтөн вирусыг өнгөрсөн зуунд л олж нээсэн түүхтэй.

Анх газар газар тариалан  эрхэлдэг газар тамхины ургамал шалтаангүйгээр үхчихээд байжээ. Тухайн үед бактераас болсон гэж үзээд бактериас нь салгасан ч үр дүн гарсангүй. Эндээс анх  Оросын эрдэмтэн Д.И.Ивановский 1882 онд вирусыг гэж нээсэн байдаг. Түүнээс хойш эрдэмтэд судалсаар вирус буюу хор гэсэн утгатай Грек үгээр нэрлэсэн. 

Анх нээсэн хүн нь ямар нэгэн хор байна гэж үзэж байсан гэдэг. Орос чиглэлийн үзэл баримталтай хүмүүс  Д.И.Ивановскийг вирусыг нээсэн гэж үздэг бол баруунд арай өөрөөр яригддаг.  Ерөнхийдөө л Д.И.Ивановский талдаа үзэл баримтлалтай. Миний төгссөн Москвагийн Вирус судлалын хүрээлэн гэхэд түүний нэрээр нэрлэгдсэн байдаг. Ингээд л дэлхий дахин вирусны судалгаа өргөжсөн. Шар өвчний хувьд ялгаагүй МЭӨ 5000-аад жилийн өмнө байсан. Тухайн үед суут Пифагорат ямар нэгэн халдвар байна гэдгийг анх бичиж байж. Хожим дэлхийн хоёрдугаар дайны үед халдварт шар эрс ихэссэн. Тухайн үед энэ талаар ойлголтгүй учраас хүмүүс нэгэндээ цус сэлбүүлж тэр чинээгээрээ вирус тарж л байсан хэрэг. 

В вирусыг анх 1966 онд Америкийн эрдэмтэн Влүүмберг цусны өвчин судалж шинжилж яваад Австралийн уугуул иргэдийн өвөрмөц биет олсон байдаг . Хожим нь 1970 оноос л энэ нь дэлхий дахинд цусаар халддаг гэдгийг мэдсэн. Энэ үеэс лабортаорийн оношлогооны арга бий болсон гэсэн үг. Сүүлд хурдан хугацаанд элэгний церроз болгодог вирусыг илрүүлсэн нь Д вирус юм.


- Монголд хэзээ оношилогдсон бэ?

-1972 он оноос анх  тариурын, халдварын вирусын ойлголт нэвтэрч шинжилгээ практикт нэвтэрч эхэлсэн. Ингээд цусны доноруудыг шинжилж В вирустэйг нь хассан. Үүнээс өмнө шинжлэх ухаанд энэ вирус нээгдээгүй учраас цусаар дамжиж л байсан гэсэн үг шүү дээ. Дөнгөж эхэлсэн илрүүлгийн арга нь тийм сайн байгаагүй учраас халдварлалт нь багассан ч зарим тохиолдолд цусаар дамжиж халдаж л байжээ. А вирусыг 1973 онд, С-г 1990 ээд онд нээсэн, тэгэхээр саяхнаас дэлхий дахин мэдсэн гэсэн үг шүү дээ. Шинжлэх ухаанд нэгэнт нээгдээд нэвтрэх цаг хугацаатай учраас хэнийг ч буруутгах аргагүй. Амь нас дээсэн дөрөөнд байгаа хүнд цус хийж л таарна.  

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар манайд гардаг вирусын өвчлөл Азиасаа илүү Европ газар дундын тэнгисийн вирустэй төстэй байдаг.  Магадгүй дундад зууны үеийн Монголын эзэмшлийн улс байсантай холбоотойгоор тархсан байх магадлалтай.

-Вирусын эмчилгээг яаж эмчилдэг вэ?

-Одоо С гепатитийг эмчилдэг 98-99 хувийн үр дүнтэй эм гараад ирчихлээ. Өөрийнх нь дархлааг дэмжиж шинж тэмдгийг нь бууруулж эмчилж болно. Зарим гепатит өөрөө эдгэдэг. Хүний дархлаагаар шүү дээ. Энэ эмчилгээ бол манайд хэрэгжиж л байсан. 

В ВИРУСЫН ВАКЦИН ХИЙЛГЭЧИХВЭЛ Д-ЭЭР ӨВЧЛӨНӨ ГЭЖ АЙЛТГҮЙ

Академич Ш.Нямдаваагийн гаргасан судалгаагаар 2030 он гэхэд  вирусгүй болно гэсэн төлөвлөгөө бий. Ийм ч боломж байгаа. В вирусын вакцин хийлгэчвэл Д-ээр өвчлөнө гэж айлтгүй.  Д вирус эмчилгээ, туршилтууд хийгдэж байгаа учраас ойрын жилүүдэд үр дүнтэй эмчилгээ гарчих байх. 

-Анх таныг ажиллаж байхад Монголд элэгний өвчлөл хэр их байв, буурсан уу?

-Ерөнхийдөө буурсан гэж болно.Түүхээс үзэхэд Монголд 1950-1960 он элэгний өвчлөл хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж үздэг. Халдвартын эмнэлэгийг “Шарын больниц” гэдэг байлаа шүү дээ. 1991 оноос эхлэн төрсөн бүх хүүхдүүдэд В гепатитийн вакцин хийж эхэлсэн нь энэ төрлийн өвчлөл буурахад нэлээн хүчтэй нөлөөлж насбаралтыг 10 хувиар багасгасан.

-Вирус яаж хавдар үүсгэдэг юм бол?

-Хүний биед гадны биет ороход эсэргүүцэж, устгадаг зүйл бол дархлаа. Энгийн үгээр тайлбарлавал хуруу зүсэгдэж бохир ороход идээлдэг. Энэ бол цааш нь оруулахгүй тогтоож биеийг хамгаалж байгаа хэрэг. Үүн шиг өвчин гарахад тэмцдэг эсүүд бий. 

Хүний эсүүд үргэлж өөрчлөгдөн шинэчлэгдэж ургаж, дархлааны эсүүд гаднаас орж ирсэн вирусыг таниад устгаж байдаг Гэтэл заримдаа тэр процесс гажаад ургасан эсийг устгаж чадахгүй болдог. Ингэснээр хавдар үүснэ. Вирус эсийн дотор ороод эсийг чинь өөрчилчихөж байгаа юм. Ийм үед дархлааны эсүүд хавдрын эсийг устгаж чаддаггүй.

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭВТРИЙГ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ШИГ НАНДИГНАЖ ХАДГАЛЖ СУРМААР БАЙНА

-Вирус тэгэхээр ухаалаг байх нь ээ?

-Муу талын ухаалаг гэх юм уу даа. 

Зарим эрдэмтэд вирусыг амьтай амьгүйд эргэлздэг. Яагаад гэвэл эсийн гадна амьгүй байдаг ч дотор нь орчихоор эсийг эвдээд дотроос нь хэрэгтэй юмаа аваад өөрөө үржчихдэг.  Бактери бол антибиотикоор эмчилэгддэг вирус бол антибиотикт дарагдахгүй. Вирусын эсрэг эм нээгдээд практикт нэвтэрвэл бүрэн эдгэрнэ. 

-Элэгний өвчлөлөөс сэргийлэхийн тулд та хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүмүүс хүүхдүүдээ В вирусын вакцинд хамрагдуулмаар байна. Гэхдээ заавал гурван удаа тариулж дархлаа тогтдог юм шүү. Манайхан ганц хоёр тариулаад хаячихаад байна. Бас нэг хүмүүст захиж хэлмээр зүйл бий. 

Вакцин  хийлгэсэн эсэхээ ч мэдэхгүй хүн олон ирдэг. Ээж аав нь ч өөрөө мэддэггүй. Тийм учраас хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг иргэний үнэмлэх шиг нандигнаж хадгалж сурмаар байна. Эцэг эхчүүд голдуу гурван нас  хүртэл хадгалаад хүүхдээ сургуульд орохоор нь үрэгдүүлчихдэг. Сүүлд нь оношлогоо эмчилгээнд ямар их хэрэгтэйг ойлгодоггүй. 

-Мацаг барьж элэг цөсөө цэвэрлэдэг хүмүүс байдаг. Энэ ер нь хэр үр дүнтэй вэ?

-Өөрөө чадаж л байвал хааяа нэг мацаг барьж, хоолоо сойход буруудах зүйлгүй.   Энэ нь дотроо цэвэрлэнэ гэсэн үг. Ингэж заншихгүй бол гадна талыг нь гялалзтал арчаад доторхыг угаахгүй орхисон халуун сав шиг л болно. Хүмүүс гаднах хэлбэртээ анхаараад дотор гоо сайхнаа орхиод байгаа шүү.













Сэтгэгдэл бичих (9)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.