"Оном сан”-гийн үүсгэн байгуулагч, доктор Д.Наранбаатартай ярилцлаа. Станфордын их сургууль дүүргэсэн, АНУ-ын физикийн тэргүүлэх лабораториудын нэг Аргоны үндэсний лабораторид профессороор ажилласан гээд түүний намтар уртаас урт. Харин бид түүнийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачилж элэгний вирусээр шаналж яваа олон монголчуудад туслах замыг нээсэн гэдгээр нь мэднэ. 


-Та өглөө хэдээс сэрдэг вэ?
-Би орой төвлөрч суух дуртай хүн, ихэнхдээ шөнө 2 цаг хүртэл суучихдаг. Гадны түншүүдтэйгээ имейл бичих, утсаар ярих цаг нь тэгж таардаг. Голдуу 7-8 цагийн үед сэрдэг. 


-Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

-Би workaholic буюу ажлын хэнээтэй төрлийн хүн дээ. /инээв/ Хамгийн багадаа 10 цагийг ажилдаа зарцуулдаг. Заримдаа 14 цаг ажиллах ч үе бий.


-Байнга сөхөж хардаг ном?

-Ихэнхдээ шинжлэх ухааны номнууд эргүүлж харах дуртай. Ялангуяа хийж байгаа ажилтайгаа холбоотой хэдэн хэдэн ном бий. 


-Яг одоо ямар ном барьж аваад байна?

-Америкийн тэрбумтан, Paypal-ийн үүсгэн байгуулагч Peter Thiel-ийн "Zero to One" номыг уншиж байна. Өмнө нь уншсан ч байсхийгээд эргүүлж хардаг. Сүүлийн үед аудио ном нэлээн сонсч байна. Ойрын үед монголчуудын байлдан дагуулалт лалын шашинд хэрхэн нөлөөлсөн талаарх сонирхолтой номыг эхлүүлсэн.


-Мэдээлэл авдаг эх сурвалж?

-The Guardian бас The New York Times BBC хардаг.  Монголоос ikon.mn сайт руу орж мэдээллээ авна.


-Унадаг машин?

-Би машингүй. Надад машин байх хэрэгцээ шаардлага алга. Хэрэгтэй үедээ ажлынхаа приус машинаар явчихдаг.


-Сошиал ертөнц хэр идэвхтэй бэ?

-Уг нь фэйсбүүкд, жиргээнд идэвхтэйгээр “Элэг бүтэн Монгол хүн”, “Эрүүл Зүрх - Эрүүл Улаанбаатар Хѳтѳлбѳр” гээд ажлуудаа хүргэж байсан. Сүүлийн үед ажил ихтэй учраас сошиалд тийм ч идэвхтэй биш болсон. Ажлын шаардлагаар хааяа Live хийнэ ээ.

-Өдөр тутамдаа үгийг нь сонсдог, уулзаж асуудлын гарц гаргалгааг ярилцах дуртай хүн бий юу?

-Аав минь цөлх ухаантай, алсын бодолтой хүн бий. Аавтайгаа бас гэр бүлийн хүн, дүү нартайгаа ярилцах дуртай. Хагас сайн өдөр болгон гэр бүлээрээ аавындаа очингоо хоорондоо шинжлэх ухаан, философи, боловсрол, эрүүл мэндийн асуудлын санал бодлоо хуваалцдаг. Гадаад л явчихаагүй бол аавындаа хагас сайн өдөр заавал очно.Тэр хоёр маань ч хоолоо хийж, хүлээж суудаг юм. 



Д.Наранбаатар доктор МУИС-ийн физикийн сургуулийг физик, АНУ-ын Пюрдугийн их сургуульд 2001 онд магистр, 2005 онд докторын зэрэг хамгаалжээ. Дараа нь АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд дөрвөн жил судлаачаар ажиллаад 2010-2013 оны хооронд АНУ-ын физикийн тэргүүлэх лабораториудын нэг Аргоны үндэсний лабораторид профессороор ажилласан байна. 2013-2014 онд Стэнфордын их сургуульд удирдлагын ухааны магистрын зэрэг хамгаалж, хэдийгээр АНУ-д эрдэмтний хувиар амжилттай ажиллаж байсан эргэн ирж томоохон ажлыг эхлүүлсэн нь 40 гаруй мянган элэгний В С вирыг эмчлээд байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр юм.



МОНГОЛЫГ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ТОРГОН ҮЕ ДЭЭРЭЭ ИРЭЭД БАЙНА ГЭЖ ХАРДАГ


-Танай гэр бүлийнхэн өндөр боловсролтой хүмүүс байдаг гэж сонссон. Энэ суурь юунаас эхтэй гэж боддог вэ?

-Бид нар буурал ээжтэйгээ хамт өссөн. Амьдралыг үзэх үзэл, хүн бусдад туслах ёстой гэсэн ухааныг энэ ачтай буурлаасаа олж авсан. Боловсрол талаас нь аав ээж хоёр маань хоёулаа анхаарч байсан. Эргээд санахад аав маань бага байхын л бидэнтэй яг том хүн шиг аливаа зүйлийн талаар ярилцдаг, бодол эргэцүүллээ хуваалцдаг сан. Хүүхэд юм чинь гэж голж дээрээс харьцалгүй хажуунаас ярилцаж зөвлөнө. Тэр соёл бидэнд их нөлөөлсөн гэж боддог. 


-Та энэ уламжлалыг гэр бүлдээ хадгалж үлдсэн үү?

-Хүүхдүүдтэйгээ ярилцах дуртай шүү. Сүүлд хүүхдүүдтэйгээ хамт Ньютоны амьдралын талаар ном уншиж тэдэнтэйгээ ярилцлаа. Ажлаа хийхээрээ хоол ундаа умартчихдаг, олон сонирхолтой нээлт хийсэн, улс төрч ч болж үзсэн гээд түүний түүх  дэндүү сонирхолтой. Алдартай хүмүүсийн амьдралыг уншихаар нэг содон зүйл бий. Ер нь хүний амьдралд эцэг хүний нөлөө асар их юм. XX зууны суут физикчдийн нэг болох Ричард Фейнман гэхэд амьдралд нь хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн аавынхаа талаар ярьсан байдаг. Аав нь түүнд байгалийн үзэгдэл юмсын талаар маш их ярьж тайлбарладаг байсан гэдэг. Магадгүй тайлбар бүхэн нь үнэн байгаагүй биз. Гэхдээ энэ нь чухал биш юм. Гол нь хүүхэдтэйгээ ярилцаж санал бодлоо хуваалцах нь аливааг танин мэдэх гэж хичээдэг, эргэцүүлэн боддог, эрэл хайгуул хийдэг хүн болгодог. Энэ арга надад маш их таалагддаг. 


-Та ямар түүх сэжимээр элэгний вирус анагаах ажилтай холбогдсон хүн бэ?

-Аав, ээж хоёр маань элэгний С вирустэй байсан. Ээж маань эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан цусны донор хүн. Хэзээ вирус авсанаа мэддэггүй. Аав багадаа шарлаж байсан гэдэг. Яг вирустэй гэдгийг нь 2004 онд мэдсэн. Түүнээс хойш эмчилэх арга хайгаад, АНУ-ын Үндэсний лабораторид ажиллаж байхдаа шинжилгээ, эмчилгээнд хамруулсан. Өмнө нь элэгний өвчнөөр авга ах, нагац, буурал аав минь алдаж байсан учраас аавыгаа заавал эмчилнэ гэж зорьсон. Аавыгаа эмчилсэн туршлагаасаа урам авч “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийнхөө суурийг тавьсан. 


-Та бол Станфорд төгссөн цөөхөн Монгол хүний нэг. Монголын нийгмийн хэрхэн хардаг вэ, бид хэр урагшилж яваа ард түмэн бол?

-Монголд асуудал зөндөө бий. Гэхдээ бид жил ирэх тусам урагшилж дэвшиж, хөгжиж яваа нь үнэн. Би бол Монголын нийгмийг торгон үе дээрээ ирж байна гэж хардаг.  Сайн муутай элдвээр хэлэгддэг ч  бид социализмын үед сэргэн дэвшиж чаджээ. Үүний дараах ардчилсан хувьсгалын ачаар монголчууд дараагийн шатанд очих хөгжил буюу боловсролтой болох алхмаа хийж дэлхийтэй танилцаж эхэлсэн.  Хэлийг гэхэд зөвхөн сурч яриад зогсохгүй соёлыг нь ойлгож, бизнес улс төрийн хамтын ажиллагаа тогтоож эхэлнэ гэдэг өөр шатны зүйл. Багагүй хугацаа шаардсан үе л дээ. Магадгүй тэр үеийг бүрдүүлсэн анхны үеийн төлөөллийн нэг нь би гэж боддог. Үүнээс хойш залуус маань угаасаа бид нараас, надаас ч илүү олон боломжийг нээнэ. 

Станфорд, Харвард аль нь байсан манай залууст ойрхон болчихлоо. Одоо залуус маань амбицтай байж хөдөлмөрлөх л хэрэгтэй.

Хичнээн мундаг авьяастай байгаад хөдөлмөрлөхгүй бол урагшлахгүй. Харин зорилго тавиад алсын хараа руугаа тэмүүлсэн бол заавал амжилтанд хүрнэ. Хүн зорьсон зүйлийнхээ 90 хувийг биелүүлж чаддаг. Тийм учраас том зорилго тавих чухал. 


-Тэгвэл анхнаасаа элэгний вирустэй 40 гаруй мянган хүнийг эмчилсэн хэмжээний үр дүнд хүрнэ гэж төсөөлсөн үү эсвэл…

-2014 оны IX сарын 8-нд анх энэ хөтөлбөрөө зарлаж 15-аас дээш насны бүх хүнийг  ВС вирусын шинжилгээнд хамруулна гэж ч Ийгл телевизэд ярилцлага өгч байлаа. Одоо энэ ажил маань биелээд засгийн хөтөлбөрт ороод 600-аад мянган хүн хамрагдчихлаа. Монголчууд элэгний вирусын оношлогоо, эмчилгээний үр дүнгээрээ дэлхийд манлайлж байгааг өнөөдөр ДЭМБ онцоллоо. Монгол улс энэ тал дээр дэлхийд хийгдээгүй ажлыг хийж чадаж байгаа учраас тэр. Бид анхнаасаа ийм үр дүнд хүрнэ гэж бодож байсан учраас итгэлтэйгээр эхлүүлсэн. 


 

АЗ СОХОР БИШ, ТЭР БЭЛТГЭГДСЭН ХҮНИЙГ ОЛЖ ХАРДАГ


-Тухайн үед хүмүүс хэрхэн хүлээн авч байв, салбарын сайдын хэмжээний мэдэгдэл шүү дээ?

-Тэр үед хэтэрхий том тоо хэллээ, даруу бус загналаа гэж элдвээр хэлүүлж л байсан.
Ер нь даруухан байх нь бидний ахуй соёлд шингэсэн зүйл. Гэхдээ одоо  бол бидэнд өөрийгөө задлах, нээх үе ирчихлээ. Зорилгоо гаргаад түүндээ хүрэхийн тулд ямар нэгэн байдлаар “Би ингэнэ” гэж өөрөө өөрийгөө тодорхойлох нь чухал. Зорилго тодорхой байх нь хамгийн том хөшүүрэг болж чаддаг. Стив Жобс гэхэд технологийн салбарт нэрээ үлдээнэ гэдгээ аль эрт хэлсэн шүү дээ. Дональд Трамп гэхэд АНУ-ын ерөнхийлөгч болно гэдгээ аль эрт 1980-аад онд хэлж байж. Аав нь ч Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд үзээд алдсан эр. Борак Обама, Билл Клинтон ч ерөнхийлөгч болно гэдгээ мэдэж, түүнийгээ хэлж байсан. Аз гэдэг хэн хүн дуртай хүн дээрээ ирдэг зүйл биш. Найз минь аз нүдтэй гэдэг юм. Үнэн үг, аз нүдтэй, тэр бэлтгэгдсэн хүнийг олж хардаг. Тэгэхээр хүн зорилгоо тодорхойлоод түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөхөөс өөр аргагүй.


-Магадгүй зорилго оройтно гэж байх уу?

-Зорилго оройтно гэж хэзээ ч байдаггүй. Үүнийг олон алдартан, тэрбумтны амьдрал харуулдаг. Миний танил саяхан Энэтхэг найзынхаа хуриманд очжээ. Тэр хүн гэхэд 50 гарсан хойноо Энэтхэгийн хамгийн том  эмнэлэгийн сүлжээг байгуулсан түүхтэй. Дээхэн үед 50 гарсан хүнийг хөгшин, бараг хадан гэр дөхөх шахсан гэж ойлгодог байлаа. Гэтэл дэлхий дахинд одоогийн 60 нас 40 настай дүйдэг болжээ.  Гэтэл бид 60 нас гарчихаар л хөгшин хүн гэж ялгаварладаг. Монгол бол хүний нөөц багатай улс. Тийм учраас хүмүүсээ аль болох эрүүл амьдруулаад ажиллах боломжоор хангачих хэрэгтэй. Хийх ажилтай хүн тархиа ажиллуулж, нийгэмтэйгээ харилцаж урт насалдаг. Бид өнөө маргаашийг биш 2-3 алхам түрүүлж байж олон улсыг гүйцнэ. Ер нь гүйцэх биш амдах л хэрэгтэй байна. 


-Амдах алхам нь юу байна вэ?

-Надад нэг мөрөөдөл бий. Бид яагаад Монголыг Төв Азийн Израйл болгож хөгжүүлж болохгүй гэж. Энэ улс бүх инновацийг туршиж байна. АНУ-ын зах зээлд гар утас гаргахын тулд эхлээд Израйлд туршигддаг. Арми нь хүртэл гарааны бизнесийн үйлдвэр болчихсон юм. Алба хааж байгаа залуусаар код бичүүлж, технологийн салбарын хамгийн шинэ соргог зүйлсийг сургадаг. Ингэж бэлтгэгдсэн хүмүүс нь өнөөдөр дэлхийн технологийн салбарт цахиур хагалж тэргүүлэгч зүйлсийг гаргаж ирж байна. Бидэнд оюуны чадамж нь хангалттай бий. Нэн түрүүнд хэлгүйгээр урагшаа хөдлөхгүй учраас бүх нийтээрээ англи хэл сурах ажлыг өрнүүлмээр байна. Бас STEAM буюу шинжлэх ухаан, технологи бас урлагийн боловсрол сургалт өгөхөд анхаарахаас аргагүй. 

Дэлхийн түүхэнд хамгийн их хавчигдаж ирсэн еврей хүмүүс боловсрол, эрдэм мэдлэгийг дээдэлж ханддаг. Тиймдээ ч Нобелийн шагналтан еврей хүн нэлээн хэд бий. Гэхдээ тэд үүнийг онцгой ухаантайдаа биш хойч ирээдүй, хүүхдийнхээ төлөө онцгой анхаарал хандуулдаг алсын хараатай нь холбоотой. 


-Яг энэ талаар ярихаар бид зовж үзээгүй ард түмэн гэдэг...?

-Харин энэ чинь хамгийн том давуу тал байхгүй юу. Дарлагдаж байгаагүй ард түмэн учраас аливаа зүйл дээр бид маш задгай, чөлөөтэй сэтгэдэг. Тийм учраас тэр чадаж байхад би яагаад хийж чадахгүй гэж боддог. Энэ бол маш зөв хандлага. Энэ давуу тал дээрээ суурилаад дотроо нэгэнтэйгээ үзэлцэх биш дэлхийтэй өрсөлдмөөр байна.  Израйлв гэхэд маш жижиг зах зээл учраас тэнд загвараа гаргаж туршаад АНУ, европ руу бүтээгдэхүүнээ гаргадаг. Үүн шиг загвараар ажиллаж яагаад болохгүй гэж. Бидэнд ОХУ, Хятад, АНУ руу гарчих боломж бий.


-Жишээ нь, тийм боломж нь байна уу?

-”Оном сан”-г олон хүн яаж санхүүжилт, хөрөнгөө босгоод байна гэдэг. Бидний Монголд хийж байгаа үйл ажиллагаа ашгийн бус. Харин гадаад зах зээлээс, баялгийн сангаас бид эндэх ажлаа санхүүжүүлдэг. Станфордын баялгийн сан гэхэд 30 тэрбум доллар. Тэд энэ сангийнхаа хөрөнгө оруулалтын зардлаар хөгжүүлдэг. Оном сангийн маань зорилго энэ. Өөрийн гэсэн баялгийн сантай болоод түүгээрээ монголчуудынхаа төлөө сайн сайхан зүйл хийх. Үүнийг хийхийн тулд Монголдоо 20-30 хувийн цагаа, Америк европод үлдсэн цагаа өнгөрүүлдэг.

Саяхан, "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн хепатитын ѳдрийг тохиолдуулан АНУ-ын Сейпхейд корпорацитай хамтран аймаг сум болгонд элэгний ВС вирусыг тоолох хамгийн сүүлийн үеийн 2,8 тэрбум төгрөгийн үнэтэй 50 ширхэг аппарат авчирлаа. Ингэснээр тухайлбал хаа хол Увс аймгийн Тэс сумын хүн хот орж ирэлгүйгээр вирусээ сумандаа тоолуулах боломжтой болно.

Гэхдээ энэ мөнгийг улсаас аваагүй. Бас Монгол ядуу байна хандив өгөөч гэж гуйгаагүй. Энэ аргаас арай өөр сэтгэхүйгээр ажиллаж болно.

Бид ийм зүйл чадна, та нар ингэх хэрэгтэй байна гээд харилцан ашигтай санал тавих гээд арга бий. Энд байгаа хэдэн монголчуудаасаа ашиг олох гэж биш харин олсон орлогоо дэлхийн шилдэг компаниудад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ орлого өнөө Оюу толгой, Таван толгойгоос хэд дахин их ашиг өгнө. Ийм учраас л бид өөрсдийн гэсэн баялгийн сангаа хурдан байгуулж, тэндээсээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Фэйсбүүк, paypall зэрэг дэлхийн компаниудад хөрөнгө оруулбал хөрөнгө оруулалтын эргэх орлого нь хэдэн мянга дахин өсдөг. Яг үүнд мэргэшсэн хүний нөөц бэлдэх хэрэгтэй байна. Бид нарын шинэ экспертиз гэхэд шинэ эмийн хөгжүүлэлт, судалгаанд хөрөнгө оруулах. Эхнээсээ үр дүнгээ хүртэж байна. Ерөөсөө том зургаар нь томоор сэтгэж хийхгүй бол болохгүй ажлууд л даа. 


-Манай улсад ямар боломж байна вэ?

-Үүн дээр ганцхан жишээ татая. Элэгний С вирусын Sofosbuvir гэж эмний молекулын патентийг Gilead Sciences компани 2011 онд 11,1 тэрбум ам доллараар худалдаж авсан. 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 56,5 тэрбум долларын орлого олчихоод байна. Тэгэхээр эндээс технологи, инноваци гэдэг ямар хүчтэй зүйл болох нь харагдана. Манай бизнесмэнүүд, Монгол улсын хувьд энэ төрлийн эмүүд дээр хөрөнгө оруулалт хийгээд түүнийгээ 20 бүр 100, 200 ч үржүүлээд авах боломж нь нээлттэй байна. Ийм зүйл байгаа учраас бид гадны зах зээлээс тусламж гуйх шаардлага байхгүй. 


-Үүнийг олж хардаг ч хүмүүс бий. Ихэнх нь тансаг хэрэглээнд дурладаг сэтгэлгээ хэвээрээ л байна?

-Хүн юм чинь сайхан амьдрахыг хүсэлгүй дээ. Гэхдээ Улаанбаатарт приус унах нь Лексус 570 унахаас хамаагүй ашигтай байна. Манай сангийнхан гэхэд анхнаасаа приус машинаараа ажлаа амжууулдаг. Ер нь бид үнэтэй машинд дурладаг, тансаг хэрэглээнд татагддаг сэтгэхүйгээ өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Тэр 100 мянга гаруй долларыг эмийн компанийн баялгын санд оруулчихвал хэд дахин ч өсөх боломжтой. Эцэстээ тэр чинь Монголын л мөнгө шүү дээ. Дэлхийн баячууд гэхэд хэзээ ч цоо шинэ машин худалдаж авдаггүй. Үүнийг үр ашиггүй хөрөнгө оруулалт гэж үздэг. Харин унаад 2-3 жилийн дараа эд анги нь жигдэрч үнэ нь буусны дараа худалдаж авдаг юм билээ.


-Блокчейн дээр суурилсан дата үүсгэх гэж байгаа гэж дуулсан. Зорилго нь?

-Блокчейн бол дараагийн шинэ интернэт. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр дээр гэхэд Рамеди гэж Америкийн компанитай хамтраад тухайн хүнийг анх яаж оношлуулсанаас эхлээд эмээ хэзээнээс эхэлж уусан дууссан нь, ямар компанийн эмийг уусан зэрэг мэдээллийг блокчейн дээр суурилсан программ дээр хадгалж эхлэх гэж байна. Хэн нэгэн хүн засч боломжгүй гэсэн үг. 



В С ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ, ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДСАН ХҮНИЙХЭЭ ТООГООР МАНАЙ УЛС ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ ЯВНА

-Монголчууд элэгний вирусын эдгэрэлтээрээ хэдэд явж байна вэ?

-Бид нарын гаргасан тоо баримтаар бол В С вирусын шинжилгээ эмчилгээнд хамрагдсан хүнийхээ тоогоороо манай улс дэлхийд тэргүүлж яваа. Энэ тоогоороо бид бүр Америк Австралийн урд гишгэнэ. Бид нарын хамгийн сайн тал нь Монгол Улсын төр иргэдээ гадны тусламж дэмжлэггүйгээр  өөрийнхөө даатгал гэдэг сайн механизмын хүчээр өөрийнхөө санхүүжилтээр асуудлаа шийдсэн. Тийм учраас дэлхийд хамгийн сайн жишиг болж чадлаа. Өчигдөр элэгний В D вирусын хэлэлцүүлэгтээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сайдыг нээж үг хэлэхийг урихад зөвхөн үг хэлэх бишээ өдөржин сууж тэр хүмүүсийн зовлон жаргалыг сонсч байж ажилдаа тусгамаар байна гэсэн. Энэ чинь л төр хувийн хэвшил хоёрын хамтын ажиллагаа байхгүй юу. Бид 40 орчим мянган элэгний В С вирусын халдвартай хүнийг эмчилсэн. Тэдний 98 хувь нь өндөр үр дүнтэй. 2020 гэхэд С вирусын эсрэг биет илэрнэ. Вирус тоологдохгүй гэсэн үг. Эсрэг биет гэдэг нь С вирус биш бидний бие дэх хилийн цэрэг юм. Вирусгүй устгана гэдэг хавдар үүсгээд байгаа гол голомтыг дарчихаж байгаа хэрэг. Тиймээс С вирусын үүсэлтэй хавдар багасна, элэгний хатууралтай холбоотой нас баралт ч багасна. 


-В вирусын тал дээр шинэ эмчилгээ гарч байгаа юу?

-Энэ бол бидний хамгийн гол анхаарал татаж байгаа асуудал. Нэгэнт С вирусын эм эмчилгээг шийдчихлээ, цаашид улам сайжруулах хэрэгтэй. Харин В D вирусын эмчилгээ хурцаар тулгамдаад байна. Тиймээс элэгний В D вирусын шинэ эмчилгээний клиникийн судалгааг Монгол улсдаа оруулж ирэх зорилго ажиллаж байна. Ирэх жил энэ ажил нэлээн өрнөнө.  Үүний дараа В вирусын халдварт анхаарал хандуулна. 

Монгол улсад элэгний хамгийн хүнд хэлбэрийн вирус болох Д вирусын халдвартай 120 мянган хүн байхад 740 сая хүнтэй Европын Холбоонд ийм халдвартай 120 мянган хүн байна. Гэхдээ яарах хэрэггүй. Цогц хэлбэрээр нь шийдэхийн тулд шат шатаар шийдэхээс өөр аргагүй.Олон улсын эрдэмтэд В вирусыг эмчлэх судалгааг маш эрчимтэй хийж байна. Удахгүй төгс эмчилдэг болно. 


-Сүүлд ямар судалгааны ажил хийв?

-Хамгийн сүүлийн байдлаар орон даяар 24-оос доош насны залуусын дунд элэгний В С вирусын судалгааны багийнхан гарч ажил нь дундаа ороод байна. Энэ судалгаанд 2500 орчим хүүхэд залуусыг түүврийн аргаар судласан. Үүнээс одоогоор Сүхбаатар аймаг нэлээн анхаарал татаж байна.


-Ажлын эрч хүч авч өөрийгөө хөглөдөг зүйл тань юу вэ?

-Өдөр болгон шахам “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт маань хамрагдсан хүмүүсээс фэйсбүүкээр талархлын зурвас хүлээн авдаг. Тэр үгсээр хөглөгдөж улам ч ихээр урам зоригтой ажиллах эрч хүч авдаг.


-Сүүлийн асуулт. Танд улс төрд орох бодол бий юу?

-Намайг хэвлэл мэдээллээр яриад эхлэхээр улс төрд орох гэж байна, дэвших нь харддаг. Би улс төрд орохгүй. Үүнээс илүү чухал хийх ажил зөндөө байна. Байдаг л нэг улс төрч байснаас гадаад харилцаагаа сайжруулж Монголдоо илүү олон зүйл хийсэн нь дээр.