“Элэг бүтэн Монгол“ үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдэд чиглэсэн эхний жилийн ажлын үр дүнд 35 мянга гаруй хүнийг вируст хепатитын шинжилгээнд хамруулаад байна. Үүнээс халдвартай илэрсэн иргэдийн 70 гаруй хувийг эмчилгээнд хамруулжээ.

Тус хөтөлбөр нь цаашдаа 15 –аас дээш насны 1.8 сая хүнийг хепатитын В, С вирусийн шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа юм.

Монгол Улсын 3 сая гаран иргэдийн 10 гаруй хувь нь вируст хепатитын архаг халдвартайд тооцогддог. 2017 онд эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол“ үндэсний хөтөлбөр нь 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын дунд вируст хепатитын халдварын тархалтыг хязгаарлан, С вируст хепатитын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вируст хепатитын үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах өндөр зорилт тавин   ажиллаж байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дахинд 325 сая хүн вируст хепатитын архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна.