Сүхбаатар дүүргийн IV хороонд байрлах “БИТЛЗ”-ийн хөшөө бүхий талбайг буулгах Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрийг оршин суугчид эсэргүүцсээр байгаа билээ. Тэгвэл саяхан Улаанбаатар хотын захирагч С.Батболд тус хорооны иргэдийг хүлээн авч, санал бодлыг нь сонссон байна. Энэ талаар “Битлс”-ийн талбайг буулгахыг эсэргүүцэж байгаа “Элийрэгч” гэгдэх Ц.Уянгаас тодрууллаа.

-Хотын дарга та бүхэнтэй уулзсан гэсэн. Ямар санал тавьсан бэ?

-Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэдтэй уулзсан гэсэн мэдээ байсан. Үнэндээ бидний хэнтэй нь ч уулзаагүй. Огт яриагүй. Уулзсан гээд байгаа хүмүүс нь тус дүүрэгт амьдардаг, гэхдээ өөрсдийг нь дэмждэг, сонгуулиар ажилласан хэдэн хөгшчүүл байсан. 

-Төлөвлөгдсөн  зургаар барилга барих зүйл харагдаагүй?

-Газар дээр нь барилга барихгүй ч газар доор нь барилга барина. Автомашингүй гудамж бий болгоно гэсэн. Зургийг нь харахаар хоёр талаар явсан автозам яг хэвээрээ. Тийм хэрнээ газар доор нь автомашины зогсоол барьж, эсрэг талд нь жижиг худалдаа бий болгоно гэсэн тайлбарыг хэлээд байгаа. Төрийн нэрийг барьж ингэж луйвар хийхээ боль л гэж хүсмээр байна. Бидний зүгээс энэ гудамжийг хэвээр нь үлдээгээч  л гээд байгаа юм. 

-Төрийн нэрийг бариад гэдгээ талбарлахгүй юу?

-Үүний цаана асар том ашиг сонирхол явж байгаа. Төр дэлгүүр ажиллуулна гэж байхгүй. Энд зогсоол барина гээд байгаа Барилгын ассоциаци гэж хувийн байгууллага. Үүний цаана Эко констракшн байгаа шүү дээ. Барилгын салбарт энэ байгууллага ямар нэр хүндтэйг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. 

- Газар доор автомашины зогсоол барьвал зай талбайг хэмнэж байгаа хэрэг биш гэж үү?

-Монголын хувьд газар доорх бүтээн байгуулалт хэр байдаг билээ. Газар доорх хот нь үнэхээр зохион байгуулалтгүй гэж мэргэжилтнүүд шүүмжилдэг. Тийм хэрнээ дахиад зогсоол баригдана гэж бодогдохгүй байна. Нөгөө талаар тэр төлөвлөгдсөн гээд иргэдэд үзүүлээд байгаа зураг миний мэдэхийн зургаан удаа солигдсон. Батлагдсан зураг тийм хурдан солигдоно гэж байх уу. Иргэд эсэргүүцэхээр тэр байдлыг дарах гэсэн оролдлого болов уу гэж харж байна. 

-Эсэргүүцэж байгаагаа олон янзаар илэрхийлж байна. Одоо ямар арга хэмжээ авах вэ?

-Дахиад л ойлгуулах гэж оролдоно. Хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд хандана. Нийслэлийн зүрх нь болсон  газраа яагаад ингэж илүүд үзнэ вэ. Энэ байдлаар цаашид үргэлжилбэл удахгүй Сүхбаатарын талбайг ч үлдээхгүй нь байна шүү дээ.