ПАРИС. /AFP/. Их Британийн дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон Хүндэт легионы одонгоор шагнуулна. Энэхүү нэр хүндтэй шагналыг түүнд Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирэх баасан гарагт Елисейн ордонд биечлэн гардуулах аж.

Элтон Жон энэ сарын 18-23-нд хийх аялан тоглолтынхоо хүрээнд Францад очих юм. Тэрбээр зургадугаар сарын 21-нд Елисейн ордонд зочлох үеэрээ үг хэлэх төлөвлөгөөгүй байгаа ч Францын удирдагчтай буяны хөтөлбөрүүдийг дэмжих талаар ярилцах хүсэлтэй байгаа аж. Тухайлбал, тэрбээр “ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Швейцарын олон улсын сан”-д дэмжлэг үзүүлэхийг хүсэхээр төлөвлөжээ. Элтон Жон ДОХ өвчинтэй тэмцэх сангаа бүр 1992 онд байгуулсан бөгөөд энэ үеэс хойш төрийн бус томоохон байгууллагуудын нэг болжээ.

Дуучны 2018 оны есдүгээр сард АНУ-аас эхлүүлсэн “Farewell Yellow Brick Road” гэж нэрлэсэн “үдэлтийн аялан тоглолт” нь 2021 онд дуусах аж.

“Хүндэт легионы одон” нь Францын цэргийн бөгөөд иргэний хамгийн дээд шагнал юм. 1802 онд Наполеон Бонапарт анх бий болгож жирийн иргэд, цэргийн зүтгэлтнүүдэд энхийн болон дайны үед гаргасан гавьяаг нь үнэлэн олгож байхаар болжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг