Тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Жамсрангийн Сүххуяг хүнд өвчний улмаас 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр таалал төгсч, бидэнд хүнд гарз тохиолоо. 

Монгол улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуяг нь 1959 онд Улаанбаатар хотод төрж, 1968-1978 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль, 1978-1982 онд Улсын Багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцан жүжигчин мэргэжлийг эзэмшсэн бөгөөд 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн дээд сургуулийг дүүргэжээ.

Тэрбээр 1982 оноос Улсын хүүхэд залуучуудын театрт 11 жил, Улсын драмын театр, Орчин үеийн театр, Монгол кино үйлдвэрт тус тус 23 жил жүжигчин, туслах найруулагчаар ажиллаж байлаа. Энэ хугацаанд 1983 ондН.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Павел Корчагин, 1988 онд Д.Батбаярын “Хайрыг хайрла” жүжгийн Амаржаргал, Б.Балжиннямын “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чилүгэний дүрээр Монголын урлагийн ажилчдын холбоо, Соёлын яамны шилдэг дүрийн шагналыг 3 удаа хүртэж байв.

Түүний бүтээсэн Г.Жигжидсүрэнгийн “Хатанбаатар” киноны Сундуйсүрэн, “Намар нахиалсан мод” киноны Самдан багш, “Хүн чулууны нулимс” киноны Элдэв, Д.Долгорын “Намрын халуун өдрүүд” киноны Нацагдорж, Б.Балжиннямын “Ацаг шүдний зөрүү” киноны Ананд-Очир, “Тань руу нүүж явна” киноны Очир, Д.Содномын “Цагаан дуганы гэгээ” киноны Дилав хутагт Жамсранжав, Ж.Бунтарын “Давааны цаана даваа” киноны Жаргал зэрэг дүрүүд нь үзэгч түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ. Тэрээр тус театрт ажиллаж байх хугацаандаа Южин О’Нил “Тамын дурлал” жүжгийн Питер, Б.Галаарид “Суудал” жүжгийн Чину хаан, У.Шекспир “Ромео, Жульетта” жүжгийн Парис, “Ричард Ван” жүжгийн Ван Георг Кларенс, Ж.П.Сартр “Оршуулаагүй үрэгдэгсэд“ жүжгийн Клоше, С.Жаргалсайхан “Хаан түүх” жүжгийн Хан хүү буюу хаан Саргуун зэрэг 20 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж байсан бидний дотны хамтран зүтгэгч билээ. 

Ж.Сүххуягийн авьяас чадвар, хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж, “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цол, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” цолоор тус тус шагнажээ.

Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэрт жүжигчин Эрхэм таны эх орондоо хайртай, хүнлэг эрхэм чанар, цайлган цагаахан сэтгэл, ард түмнийхээ сэтгэлд хоногшсон олон сайхан дүр, нөхөрсөг зан чанар тань бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд орших болно.


УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН ЗАХИРГАА, 

УРАН САЙХНЫ ЗӨВЛӨЛ, ХАМТ ОЛОН