ЭМЯ: Хөл хориог дэмжихгүй бол хэрэгжүүлэх арга хэмжээ

Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалтыг хумихын тулд 28 хоногийн хатуу хөл хориог тогтоох шаардлагатай гэсэн саналыг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр /2021.04.07/ оруулсан юм.  Гэвч Засгийн газар хөл хориог дэмжихгүй гэсэн байр сууриа хэвээр  хадгалсан талаар бид мэдээлсэн. Засгийн газар ЭМЯ-нд цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсронгуй болгоод, дахин шийдлээ танилцуул гэсэн чиглэлийг өгсөн байна.

Энэ дагуу ЭМЯ-наас Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийг дэмжихгүй байгаа тохиолдолд дараах нийгмийн арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөмжийг хүргүүлэхээр болжээ.

ҮҮНД:

  1. Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр саарын 7-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай оройн 20.00 цагаас өглөөний 06.00 цагийн хугацаанд хязгаарлалттай хөл хориог хэрэгжүүлэх,
  2. Амралтын өдрүүдэд хөл хориог хэрэгжүүлэх,
  3. Олон нийтийн үйлчилдэг үйлчилгээний чиглэлийн найман төрлийн үйлчилгээг хүргэлт, түгээлтийн үйлчилгээнд шилжүүлэх,
  4. Нийслэлд үйл ажиллагаа нь доголдож болохгүй онцгой объект /стратегийн ач холбогдол бүхий томоохон үйлдвэрүүд, цахилгаан станц зэрэг/ газруудыг тодорхойлон, эдгээр байгууллагуудын ажилтнуудыг яаралтай дархлаажуулах, дархлаа тогтох хүртэлх хугацаанд 5-7 хоног тутам PCR шинжилгээ хийж, тандалт хийх,
  5. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг объект /стратегийн ач холбогдол бүхий томоохон үйлдвэрүүд, цахилгаан станц зэрэг/ газруудыг тодорхойлон, газруудыг тодорхойлон, эдгээр байгууллагуудын ажилтнуудыг яаралтай дархлаажуулах, дархлаа тогтох хүртэлх хугацаанд 5-7 хоног тутам PCR шинжилгээ хийж, тандалт хийх,
  • Эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэгчийг 5-7 хоног тутам PCR шинжилгээнд хамруулах,
  • Халдвар өргөн тархах өндөр эрсдэлтэй асрамжийн газар, саатуулах байр, хорих анги, цэргийн анги зэрэг хаалттай орчинд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах,
  • 60 буюу түүнээс дээш насны хүмүүсийг гэрийн хөл хорионд оруулах, гэрээсээ ажиллах боломжоор хангах, нийгмийн халамж үзүүлэх /хүнсний тусламж гэх мэт/, мөн дархлаажуулалтад эрчимтэй хамруулах,
  • Эдгээр арга хэмжээтэй хамт вакцины нөөцийг үргэлжлүүлэн хангах, дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх,
  • Эмнэлгийн байгууллагад дэгдэлт гарч, эмнэлэг шилжүүлэх, эмнэлгийн үйл ажиллагааг хаах, нээх үед баримтлах стратеги боловсруулан хэрэгжүүлэх,
  • Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хязгаарлалт, хөл хорио болон халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийг хэрэгжүүлэх талаар хүн амд чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх гэсэн эдгээр зөвлөмжийг хүргүүлэхээр бэлтгэсэн байна.
Холбоотой сэдвүүд

коронамэдээ хөл хорио

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.