Парисын клиник сэтгэлзүйч Johanna Rozenblum-ын ярианаас товчлон хөрвүүлэв. Зохиолч Х.Болор-Эрдэнийн орчуулснаар хүргэж байна.

Бүхээгний хам шинж гэж юу вэ?

Халдварт өвчин тахлаас үүдэн дэлхий даяар хөл хорьсон өнгөрсөн хугацаанд нэгэн зүйлийн сэтгэцийн өвчний нэр дахин сонсогдож эхэлжээ. Энэ бол бүхээгний хамт шинж (syndrome cabane) буюу эмгэн хумсны синдром (syndrome de l'escargot) юм. Цөөн биш хүмүүст энэхүү синдромын шинж тэмдэг байнга илэрч байна. Ерөнхийдөө бол зав чөлөө ихтэйгээс үүдэж, болзошгүй бүхий л аюулыг ургуулан бодсоноос үүсдэг сэтгэл түгшүүрийн эмгэг энэхүү бүхээгний хам шинжийг бий болгодог байна. Энэхүү хам шинжийг 20-р зууны эхэн үед тусгаарлагдсан газар нутагт удаан хугацаагаар амьдарсан хүмүүсээс анх илрүүлэн тэмдэглэж авчээ. Хаалт хяналттай бага орон зайд удаан хоригдсон тэдгээр хүмүүс л дээрх кабины буюу бүхээгний синдромын жинхэнэ шаналалыг мэдэрч чадна. 

Бүхээгний синдромын үед сэтгэл түгших, бүх зүйл дээр гүнзгий шаналал үүсгэх, байнга тааламжгүй бодлуудад ээрэгдэх, толгой эргэх, алсын хараа алдагдах, амьдрах идэвх муудах, хүмүүстэй харилцахаас зайлсхийх, новш хураах, бохир орчинд дасах зэрэг шинж тэмдэг ажиглагддаг. 

Бүхээгний синдромд өртсөн хүмүүс амьдралдаа эргэж орох айдаст автах нь элбэг аж. Гаднах ертөнцөд тохиолдож болох эрсдлээс өөрсдийгөө хамгаалахаар гэртээ хэдэн долоо хоног хөл хорьсны дараа хүмүүсийн зарим нь гэрээсээ гарахыг ч хүсэхээ болжээ. Тэд хуучин харилцагчдаасаа зугтаах, харилцаа холбоогоо сэргээхээс бэргэх, нуугдмал амьдралд шурган зохиомлоор ганцаардах, улмаар тэрхүү өөрчлөлтөөсөө шалтгаалсан гэнэтийн сэтгэл гутрал, түгшүүр, авир аашаа удирдах мэдрэмжээ алдах, олон нийтийн өмнө хяналтгүй аашлах зэрэг эрүүл бус төлөвт өөрийн мэдэлгүй ордог байна. 

Сүүлийн нэг жилд бүхээгний синдромын энэхүү үзэгдэл эхэндээ Францад цөөнгүй ажиглагдаж байсан ч аажмаар хөл хорионд орсон Америк, Европын бусад орнуудад ч элбэг ажиглагдах болжээ.

Бүхээгний синдромд нэрвэгдсэн хүмүүсийн хувьд гэртээ үлдэх сэдэл нь янз бүр байна. Вирусын халдвар авах айдас, өдөр тутмын амьдралын бодит байдал, эрэлт хэрэгцээнээс үүдсэн асуудлуудтай тулгарахаас айх сэтгэлийн түгшүүр эсвэл зүгээр л гэртээ хайртай хүмүүсийнхээ ивээлд амар тайван үлдэх гэсэн идэвхгүй төлөв үүсдэг байна. 

Хөл хорио тогтоосон улс орнуудын хүн амын нэг хэсэг нь хэвийн байдлаар өмнөх амьдралдаа эргэж орцгоож чадаж байхад нэлээд хэсэг нь сэтгэл түгшүүрийн тодорхой хэлбэрийг өөртөө бий болгон мутацилагдаж эхэлжээ. Энэхүү идэвхгүй айдастай байдалд өртөх магадлал бүхий л насныханд ажиглагдаж байна. 

Энэ синдром нь шинэ зүйл биш аж. 20-р зууны эхээр АНУ-ын Калифорнид эхэлсэн "Алтны халуурал" буюу алт олборлогчдын нүүдлээс хойш энэхүү синдромыг сэтгэцийн түр зуурын өвчлөлийн нэгэн онол болгон тэмдэглэжээ. Тэр үед эрчүүд алт хайхаар хэдэн сараар хээр хөдөөгүүр тэнүүчлэн явдаг байжээ. Ингэхдээ тэд соёл иргэншлээс бүрэн тусгаарлагдаж, хээрийн жижиг овоохойнуудад хоноглоно. Удтал ингэж явсан тэд эргэн ирэхдээ хүмүүст үл итгэх бөгөөд нийгмийн аж амьдрал, хөл хөдөлгөөнөөс айж, ганц нэгээрээ бүгсэн амьдрал руу шигдэхийг эрмэлзэх зэрэг шинжүүд харуулах болжээ. Энэ нь удаан хугацаанд эмнэлэгт хэвтсэний дараах өвчтөнүүд болон гэрэлт цамхагийн хамгаалагч гэх мэт цөөн тооны ганцаардмал байдлаар ажилладаг зарим мэргэжлийн хүмүүсээс илэрдэг хам шинж юм. Гэхдээ энэ нь сэтгэлийн хямралаас үүдсэн түр зуурын синдром бөгөөд эмчлэгдэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд сануулж байна. 

Бүхээгний хам шинжийг даван туулахад туслах таван зөвлөгөө:

✔Өөрийн одоогийн дотоод хэмнэл, сэтгэл хөдлөлийг ажигла.

✔Гадагш гарах цагийг өдөр бүр аажим аажмаар нэмэх. 

✔Аливаад огцом тэсрэлт зэрэгт аль болох тэвчээртэй хандах.

✔Айдсаа харьцуулж үзээд хэр бодитой болохыг эргэцүүлэх.

✔Энэ талаар ухаалаг хүмүүстэй ярилцаж, харилцаанд орох. 

✔Эдгээр айдсыг өөрөөсөө зайлуулах хамгийн энгийн дасгал бол өөртөө жижиг зорилго тавьж, түүндээ аажмаар хүрэхийг хичээх явдал юм.

✔Та өөртөө цаг гаргаж, аливаад тэвчээртэй хандах хэрэгтэй. Хөл хорионы өмнөх үеийн хэмнэлд өөрийгөө бэлтгэж, өдрийн цагаар унтахаа больж (тогтсон цагт босч, унтах, хувцаслах ...), орой эртлэн амарч, өглөө эрт сэрэх хөтөлбөрийг өөртөө  бий болгохыг зөвлөж байна.