Монгол Улсад шинэ коронавирусийн тав дахь тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яам өнөөдрийн 19 цаг 20 минутад мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар "Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс шинжилгээгээр коронавирус илэрч, Монгол Улсад тав дахь батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тухайн хүн Италиас ирсэн монгол иргэн. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байна.

Тэрээр тус нислэгээр ирсэн коронавирусийн халдвартай нь өчигдөр батлагдсан иргэнээс хол суусан, ойрын хавьтал нь биш гэж үзэж байгаа" хэмээлээ.

Тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин ирж тусгаарлагдсан нэг, нийт гурван тохиолдлоос өчигдөр коронавирус илэрснийг мэдэгдсэн. Өмнө нь буюу хамгийн анх Франц улсаас Монголд ирсэн франц иргэнээс тус вирус илэрсэн юм. Улмаар манай улсад бүртгэгдсэн таван тохиолдол бүгд зөөвөрлөгдөн орж ирлээ.

Эмчилгээнд явсан, ахмад настан, жирэмсэн эмэгтэй, хүүхэд зэрэг эрсдэлтэй иргэдээ шинэ коронавирус голомтлон тархаж буй орнуудаас татаж авчирж буй учир халдвар авсан хүн байж магадгүй гэдэг эрсдлийг тооцоолж, бэлтгэлийг хангасан. Иймд иргэд зөвлөгөөнүүдийг мөрдөж, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч, тайван байх нь зүйтэй. Тэд эх оронтой хүмүүс учир эх орон нь татаж авах ёстой хэмээн ЭМЯ, Улсын онцгой комисс, Засгийн газраас мэдэгдээд буй юм.

Эрүүл мэндийн яамны мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.