Шинэ коронавирус голомтлон тархаад буй Итали улсаар дамжин ирсэн иргэд Улаанбаатарт ирээд тус улсад зорчсон түүхээ нуун, шууд ажилдаа очжээ.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн 7.15 цагийн онгоцоор ирсэн гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжсан түүхээ бидэнд огт хэлэхгүйгээр буусан байсан.

Уг үйлдлийг хууль хяналтын бүх байгууллага, эрүүл мэндийн салбар хамтран ажиллаж тогтоосон. 

Тэд хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч яваад Женивээс Италийн Милан хот орсон. Буцаж Женивт ирээд Франц ороод дахин Женив ирээд Москвагаар дамжиж Улаанбаатарт ирсэн байна. Уг гурван хүн дээрх мэдээллээ нуусан. Иймд гэрийн хаягийг нь олж, хайж очсон. Тус хүн буугаад шууд ажил дээрээ очсон мэдээлэл авсан учраас ажлын газар холбогдох бусад байгууллагын камерыг шүүж холбогдох хүмүүсийн тандалт судалгааг хийсэн. 

Энэ бол иргэн хүний маш хариуцлагагүй үйлдэл. Дэлхийн 79 оронд коронавирусийн халдвар тархсан. Энэ бол томуу биш. Маш эрсдэлтэй өвчин гэдгийг ДЭМБ, ЭМЯ-наас тогтмол анхааруулж байна. Энэ үед иргэн бүрийн хариуцлага маш чухал" гэдгийг хэллээ. 

Мөн тэрээр "Өнөө өглөө Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор 27 зорчигч ирснээс нэгийг нь Бага баян сувилалтад ажиглалтад тусгаарласан. Мөн Туркиш Эйрлайнсийн онгоцоор 230 зорчигч ирсэн. Тэднээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан" хэмээлээ.

Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар шинэ коронавирус дэлхийн 79 оронд бүртгэгдэж, нийт 95424 хүн халдвар авснаас 3283 нь нас баржээ. Өвчлөл БНСУ, Япон, Итали, Ирак, Иран, Герман, Испани, Франц зэрэг орнуудад голомтлон тархаж, Унгар, Польш, Слован гэсэн гурван оронд анхны батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.