Буяндэлгэрийн Мөнхчимэг
04 сарын 03, 2021
Монгол Улс энэ оны тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байгаа талаар УОК мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор өдөрт 25-30 мянган иргэнийг вакцинжуулах боломжтой гэдэг байр суурийг ЭМЯ илэрхийлсэн байна.
Гэвч эхлээд голомтод ажиллаж байгаа албан хаагчдаа вакцинжуулсны дараа нийтийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх бэлтгэл ажлыг хангаж эхэлнэ.
Нийслэлд дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын 40 цэгт 90 багийн 650 ажилтан 11181 иргэнийг вакцинжуулалтад хамруулсан байна. Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас Covid-19 эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд 323690 хүнийг дархлаажуулаад буй билээ. Засгийн газраас энэ сард багтаан 1.1 сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Монгол Улсын хувьд АНУ, Германы хамтарсан “Файзер”, Оксфордын их сургуулийн “АстраЗенека”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл”, ОХУ-ын “Спутник-V” зэрэг вакциныг зөвшөөрсөн.
Одоогоор 490 мянган хүн тун вакцин хүлээн авч дархлаажуулалтыг явуулж байгаа аж. Энэ сард 900 мянган тун “Вероселл” вакцин, нэг сая тун Спутник-V, 400 мянган тун “АстраЗенека” вакцин татан авах юм. Мөн Ковакс хөтөлбөрийн хүрээнд 690 мянган хүн тун вакцин авахаас 40 мянган хүн тунг нь авсан.
Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтан албан хаагчид, дараа нь үйлчилгээний байгууллагуудын ажиллагсад, өндөр настнууд болон архаг, суурь өвчтэй иргэд гэх мэтээр шат дарааллын төлөвлөгөөний дагуу дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.